ᠶᠡᠭᠡ ᠭᠡᠷ ᠤᠨ ᠡᠵᠡᠭᠲᠡᠢ – ᠺᠢᠷᠢᠯ ᠨᠣᠮ
Сидни Шелдон Их гэрийн эзэгтэй www.kiebooks.comЭхлэл Кэйт 1982 он Бүжгийн асар том танхим Кэйтийн төрсөн өдрийн баярыг тохиолдуулан ирсэн хий сүгээр дүүрэн байлаа. Тэр хий сүгүүд яс махан бие цогцостой зочдын дундуур сүлжилдэн байхыг Кэйт Блэкуэлл ажиглан, улиран өнгөрсөн өөр цаг үеээс ирсэн сүг сүнснүүд огт ажиг сэжиг аваагүй байгааь оройн гоёлын палааж, смокингтой хатагтай, эрчүүл лүгээ бүжиглэхийг харж байв. Мэн муж улсын Дарк-Харбор дахь “Хушийн гүвээ” өргөөнд хийж буй найранд зуугаад зочид хүрэлцэн иржээ. “Сүг сүнсийг эс тоолбол тэр шүү дээ” гэж Кэйт дотроо бодон инээмсэглэв. Кэйт бие гоолиг, нуруу намхан. Ихэмсэг намба төрхтэй болхоор өндөр юм шиг харагдана. Сэргэлэн бор нүдтэй, дуулгаваргүй маягийн эрүүтэй, эрс огцом тэг бүхий нүүр царай нь нэг үзсэн хүний ой ухаанд даруй харагдаж үлдэнэ. Энэ бүхэн түүнд шотланд, голланд өвөг дээдсээс нь уламжлан иржээ. Урьдын цагт мөрөн дээгүүр нь намиран унждаг асан буржгар хүрэн үс нь одоо нэгэнт бууралтсан байна. Зааны ясан өнгөтэй хилэн палаажны тодруулан сүүдэртүүлэх арьс нь аливаа настай хүнийхтэй адил тунгалаг юм шиг харагдана. -Би 90 настай гэхэд насаа мэдрэхгүй юм. Энэ олон он жил хаашаа нисэн оддог байна вэ︖ Хэмээн Кэйт нэг бодоод бүжиглэж буй сүг сүнснүүдийг харж, - Эд нар л мэднэ дээ. Тэгэхэд эд нар амьд байсан. Эд нар чинь улиран одсон он жилийн нэг хэсэг, миний амьдралын нэг хэсэг. гэж бодлоо. Тэгээд баярын царайгаар мишээн буй негр эр Бандаг харав. Хажууд нь Кэйтийн хайрт Дэвид зогсож байна. Өндөр гоолиг, залуу сайхнаараа Кэйт Дэвидийг чухам ийм байх үед нь дурлаж билээ. Дэвид нааш харан инээмсэглэхэд: -Удахгүй уулзана аа, хонгор минь удахгүй гэж бодоод жич хүүгээ үзүүлэх юмсан гэж хүсэв. Кэйт танхимыг тойруулж хараад хөвгүүнийг олж харлаа. Хөвгүүн найрал хөгжмийн дэргэд зогсоод хөгжмчдийн тоглохыг чагнаж байлаа. Тэрээр үсээ толийтол самнаж, хар тансар хилэн пиджак, дөрвөлжин хээтэй өмд өмссөн 8 настай гайхмаар хөөрхөн хүү ажээ. Роберт хүү гантигаар өнгөлсөн задгай зуухны дээр хөрөг нь өлгөөстэй байгаа хуланц эцэг Жеми Макгрегортой усны хоёр дусал шиг адилхан. Роберт хүүг өөр дээрээ харц тусаж буйг мэдэрсэн мэт эргэж харахад, Кэйт хуруугаа гозгонуулан дуудав. Зуу шахам жилийн өмнө тэнгисийн элсэн хаялганаас Кэйтийн эцгийнх нь олсон хорин кратын очир эрдэнэ болор дэнгийн гэрэлд гялалзав. Бүжиглэж байгаа хосуудын хоорондуур Роберт хөвгүүний сүлжин ойртож ирэхийг Кэйт ажиглаж байлаа. “Би улирч өнгөрсөн үеийн хүн. Энэ хүү бол ирээдүйн хүн. Миний жич хүү хэзээ нэгэн цагт “Крюгер-Брент” ыг толгойлно доо “ гэж Кэйт бодов. Хөвгүүнийг дэргэдээ ирэхэд Кэйт хажуу тийшээ болж, зай тавьж өгөв. -Эмээ таны төрсөн өдрийн баяр танд сайхан байна уу︖ -Сайхан байна. Баярлалаа, хүү минь -Найрал хөгжим гоц сайхан юм. Удирдаач нь ёстой сонгодог зэргийнх. Кэйт эхлээд ойлгосонгүй. Тэгснээ царай нь туяарч, -Энэ чинь шилдэг сайн гэсэн үг юмуу даа гэсэнд Роберт хүү инээд алдаж, -Яг тийм. Таныг 90 настай гэхэд үнэмшмээргүй байна гэхэд Кэйт бас инээд алдаж, - Үнэнээ хэлэхэд би өөрийгөө эмгэн болсон гэж бодохгүй байна шүү гэжээ. Хөвгүүн эмээгийнхээ гарыг барьж, хэдийгээр 82 насны зөрөөтэй ч гэсэн хоёул хэн хэндээ ойр дотныг мэдрэн дуугуй сууцгааж байлаа. Кэйт эргэж, зээ охиноо харав. Кэйтийн зээ охин, нөхөртэйгөө энэ бүжиглэж байгаа улсын дотор ямар ч яриагүй хамгийн сайхан хос нь байлаа. Робертын ээж нь хөвгүүн, эмээ хоёрынхоо хамт сууж байгааг хараад “Эмээ гайхалтай хүн юм. Өтлөхийг мартсан юм болов уу гэмээр. Хичнээн их юм үзэж өнгөрүүлснийг нь хэн ч таамаглахгүй” гэж бодов. Хөгжим зогсож, удирдаач нь:- Эрхэмсэг ноёдоо хатагтай нараа, энэ завшаанд залуу ноён Робертыг та бүхэнд танилцуулья гэв. Роберт хүү элэнц эмээгийнхээ гарыг атгаад төгөлдөр хуурын дэргэд очлоо. Хөгжмийн дэргэд суугаад царай нь төлөв төвшин болж, хуруу нь хөгжмийн даруулга дээгүүр гүйв. Хөвгүүн Скрябины зохиолыг тоглосон нь тэнгисийн толь мэт мандал дээр сарны туяа тусах лугаа адил байлаа. Эх нь хүүгийнхээ хөгжимдөхийг сонсоод: “ Үнэхээр сод авьяастай юм. Өсөж том болохоороо алдартай хөгжимчин болно доо. Хүү нь эхийн гараас нэгэнт гарч, энэ дэлхийн хүн зонд хамаарах болно. ” гэж бодов. Робертыг тоглож дуусахад алга нижэгнэх нь сонсогдлоо. Найр өндөрлөх ойртжээ. Асар том цэцэрлэгт ширээ засаж, өнгө өнгийн дэнлүү, тууз, хийн бөмбөлгөөр чимэглэсэн байв. Хөгжимчид тавцан дээр тоглож, ширээний хоорондуур үг дуугуй зөөгч нар сүлжин зочдын таваг, хундагыг байнга сэлбэнэ. АНУ ын ерөнхийлөгчөөс ирсэн цахилгааныг уншин сонсгов. Дээд шүүхийн дарга хундага өргөлөө. Мужийн амбан захирагч магтаалын үг хэлэв. - . Манай орны гайхамшигт эмэгтэйчүүдийн нэг. Өглөг буяны олон зуун байгууллагад өдий төдий их хөрөнгө мөнгө хандивласан нь үлгэр домог мэт болжээ. “Блэкуэлл сан” дэлхийн тавцанд улс орны хүн ардын эрүүл мэнд, хөгжил цэцэглэлтийн төлөө ихийг хийсэн билээ. Эрхэм Уинстон Черчиллийн хэлсэн үгийг өөрчлөсхийгээд хэлбэл “ өчнөөн олон хүнд ийм их ач тус болсон хүн өөр байхгүй”. Би Кэйт Блэкуэллтэй танилцсан аз завшаандаа баярлалаа.” “ Үхсэн хойноо. Хэн ч намайг мэдэхгүй. Энэ хүн ямар нэгэн хутагт ахайн тухай ярьж байгаа юм шиг санагдана. Жинхэнэ Кэйт Блэкуэллийн үнэнийг мэдвэл энэ хүмүүс юу гэх бол︖ Ойдоо хүрээгүй байхдаа хулгайлуулж байсан, өөрөө ч хулгайч хүний хүүхэд шүү дээ, би чинь. Хэрэв өөрийн биед үлдсэн сорвийг үзүүлбэл энэ хүмүүс юу бодох бол︖ ” гэж Кэйт бодов. Кэйт толгойгоо эргүүлж урьд нэгэн цагт өөрийг нь алах гэж оролдсон хүнийг харав. Түүнийг нүд гүйлгэн хараад сүүдэрт зогсож буй, нүүрээ гивлүүрээр халхалсан эмэгтэй рүү харцаа шилжүүлэв. Алсад аянга нижигнэх чимээ сонсогдлоо. Мужийн амбан захирагч хэлэх үгээ дуусгаад Кэйтийг цугласан олонд танилцуулахад Кэйт бослоо. Кэйт ярьж эхлэхэд дуу нь хүчтэй болоод жигд байлаа. -Би та нарын хэнээс ч илүү насыг наслалаа. Одоогийн залуучуудын хэлдгээр Яамай байгаа даа. Гэвч би өдий насыг насалсандаа баярлаж байна. Эс тийм бол өнөөдөр дотнын сайн нөхөд та нарынхаа дунд ингээд байж байхгүйсэн. Та нарын дотор миний төрсөн өдрийн баярт оролцох гэж алс холын орноос ирсэн хүн олон бийг мэднэ. Тэд нар аян замдаа ядарсан байх. Хүн болгоныг надтай адил эрчим чадалтай гэж бодох аргагүй гэхэд нь инээлдэх, алга таших сонсогдов. Кэйт үргэлжлүүлэн: -Энэ мартагдашгүй оройг надтай хамт өнгөрүүлсэнд таньд та бүхэнд баярлалаа. Алжаасан зочид өөрсдөдөө зориулан гаргасан өрөө байранд орж амархад болно. Бусад зочдод зориулж их танхимд бүжиг болно. гэтэл дахиад л аянга нижигнэж сонсдоход: -Та бүхэн аадар бороонд шалба цохиулья гэхгүй бол дотогшоо орцгооно уу гэжээ. Одоо оройн зоог нэгэнт дуусч, бүжиг тараад зочид өөр өөрсдийн тасалгаанд орцгоожээ. Кэйт сүг сүнснүүдийн дунд ганцаар үлдэв. Номын сангийн тасалгаанд улиран өнгөрсөн он жилүүдийг дурсан сууж байтал гэнэт сэтгэл нь үймрээд ирлээ. “ Одоо намайг Кэйт гэж дуудах хүн байхгүй болжээ. Бүгд халин одсон” гэж гуниглан бодов. Кэйтийн хорвоо давчуухан болсон шиг “Урьдын дурьтгалын навч харанхуйд эмгэнэлтэйеэ сүрчигнэнэ” гэж Лонгфелла хэлсэн билүү дээ. Кэйт өөрөө асар удахгүй харанхуй халин одно. Гэхдээ одоо биш “ Би амьдралынхаа хамгийн гол зорилтыг биелүүлэх хэрэгтэй байна. Тэсэж байгаараа, Дэвид ээ. Би удахгүй чам дээрээ очно” хэмээн Кэйтийг бодож суутал, -Эмээ. гэж дуудахад нь нүдээ нээв. Халуун бүлийнхэн нь бүгдээрээ орж ирсэн байв. Кэйт тэднийгээ ээлжлэн харахдаа нэг ч жижиг сажиг зүйлийг орхигдуулсангүй. “Миний халуун бүл. Миний мөнхийн амьдрал. Алуурчин, тэнэгүүд, сэтгэл мэдрэлийн өвчтөн. Блэкуэллийнхний араг яс. Хүсэл найдлага, өвчин зовлонгийн он жилүүд. Эцсийн үр дүн нь юу байна вэ︖ ” Зээ охин нь ойртож ирээд, -Эмээ таны бие зүгээр үү︖ гэв -Зүгээр. Би жаахан ядарчээ, хүүхдүүд минь, Явж унтья гээд босож, шат руу явлаа.Яг энэхэн мөчид аянгын дуу чих дөжрөм пижигнэж, аадар бороо асгалаа. Ширүүн борооны ус цонхыг пулемётын ээлж аятай пижигнүүлнэ. Кэйтийн гэрийнхэн бүгдээрээ шатны дээд гишгүүр дээр зогсож буй ихэмсэг бардам намбатай жавхлан төгс эмгэнийг нүд ширтэн харцгааж байв. Цахилгаан гялбалзаж, аянга нижигнэв. Кэйт Блэкуэлл тэднийг хараад өвөг дээдсийнхээ аялгатай үгээр, -Өмнөд Африкт бид ийм аянга цахилгаантай аадар бороог “тандерсторм” гэдэгсэн гэв. Эрт, эдүгээ хоёр дахин хутгалдаж, Кэйт гудмаар ойр дотно сүнс сүгүүдээ дагалдуулан унтлагынхаа өрөө рүү явлаа.Тэргүүн дэвтэр ЖЕМИ МАКГРЕГОР1-р бүлэг -Ай тэнгэр, энэ чинь ёстой нэг тандерсторм байна даа гэж Жеми Макгрегор өгүүлэв. Хэдийгээр өөрийн нь уугуул нутаг, Шотландын умард хэсэг аянга цахилгаантай аадар бороо элбэгээрээ алдар цуутай боловч Жеми эдүгээ хүртэл ийм аймшигтай ширүүн бороо үзээгүй байжээ. Асар их элсэн үүлс тэнгэрийг халхлан гэгээн өдөр байтлаа харанхуй шөнө шиг болов. Тоостой тэнгэрийг африкчууд “вийрлиг” гэж нэрлэдэг цахилгааны гялбаа байн байн гэрэлтүүлж, залгаагаар “тандерслаг” гэж аянга нүргэлэн нижигнэнэ. Дараа нь газар тэнгэр хоёр нийлэх шиг болж, борооны урсгал майхан, урцыг дүүргэж Клипдрифттийн нарийхан гудамжнуудыг бохир муухай гол горхи болгон хувиргав. Нойтон шавраар барьсан байшин доошоо сууж эхлэхэд Жеми хажуу тийш үсрэн зайлав. ”Ер нь Клипдрифтт хотоос юм үлдэхгүй болов уу” гэж бодлоо. Клипдрифттийг ерөөсөө хот гэхэд хэцүү. Энэ бол Вааль мөрний эрэгт байдаг майхан, урц, мухлаг тэрэгнээс үүссэн тосгон аж. Тэнд алмас эрдэнэ олборлох ганц л зорилгоор өмнөд африкт ирсэн ширүүн харцтай зэрлэг догшин байрын хүмүүс оршин сууна. Тийм хоосон мөрөөдөгчдийн нэг нь Жеми Макгрегор байлаа. Тэрээр өтгөн үстэй, цайвар бор нүдтэй, нас 18 хүрч яваа нүдэнд дулаахан хөвгүүн байв. Тэр бол залуу насны гэнэн хонгор сэтгэлтэй нь илт мэдэгдэх агаад царайд нь хүний сэтгэлийг татаж чадах цайлган инээмсэглэл тодроно. Сэтгэл оюун нь өөдрөг үзэл бодлоор бялхсан энэ залуу аливаа асуудлыг амархан шийдэж чадна. Жеми Макгрегор Шотландаас Лондонь Эдинбургь Кейптаун хүрч тэндээс энэ Клипдрифттэд иртлээ эцгийн гал голомтоос энэ хүртэл 8000 шахам миль алс замыг туулжээ. Жеми хүү эцгийн өв хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг ах нартаа өгөхөд хүрсэн боловч үүнд огт харамсаж хар буусангүй. Эцсийн бүлэгт 10 хувь илүү олно гэж мэдэж байлаа. Тэгээд амар амгалан амьдралыг ардаа орхиж, алс холын энэ цөл нутагт баяжих гэсэн ганц хүсэл зорилгод хөтлөгдөн ирсэн байна. Жеми ажлын хүндээс айдаггүй. Гэтэл нэг жижигхэн аж ахуйн чулуурхаг газрыг ухах нь даанч үр ашиггүй байлаа. Жеми хүү ах, эгч, эцэг эхтэйгээ хамт өглөөнөөс орой болтол зүтгэж ажилладаг боловч гэр орон нь хэзээ ч элбэг дэлбэг амьдралтай байсангүй. Нэгэн удаа тэрээр Эдинбургийн яармаг дээр очиж үзээд мөнгөөр хичнээн олон сайхан юм худалдан авч болдгийг мэджээ. Мөнгө хэмээгч эрүүл хүнийг аз жаргалтай болгож, өвчтэй хүний зовлонг нимгэлдэг байна. Жемигийн олон сайн нөхөд, айл хөршийнхөн нь үгээгүй ядуу амьдран үхэж үрэгдэж байлаа. Өмнөд Африкаас хамгийн том алмас эрдэнэ олдсон тухай мэдээг сонсоод ямар их хөөрөн баярлаж байснаа Жеми санав. Дэлхийн хамгийн том алмас эрдэнэ тэнд сул хэвтэж байсан гэнэ. Азтай аавын хүүг тэнд тоолж баршгүй их эрдэнэсийн сан хүлээж байдаг гэнэ. Жеми хүү бодож төлөвлөснөө бямба гаригийн оройн хоолон дээр гэрийнхэндээ хэлжээ. Харанхуй гал тогооны өрөөнд нэг муу ширээний ард сууцгааж байсан гэрийнхэн нь Жемигийн ичиж зовнисон юм шиг мөртлөө омог бардам яриаг гайхан сонсжээ. -Би өмнөд африкт очиж, алмас эрдэнэ эрэх санаатай. Ирэх долоо хоногт тийшээ явна гэхэд таван хос нүд түүнийг энэ чинь солиорчих нь энэ үү гэсэн янзтай харж байв. Эцэг нь -Чи алмас эрхээр явлаа гэнээ︖ Хүү минь чи солиорчээ. Энэ бүх яриа чинь чамайг үнэн шударга ажил хөдөлмөрөөс холдуулах гэсэн ад албины түлхээс шүү гэхэд Иан ах нь, -Чи хаанаас зардлын мөнгө олсон юм бэ︖ Яагаад бидэнд хэлэхгүй юм. -Хэрэв надад мөнгө байсан бол юу гэж алмас эрж явах билээ. Тэнд мөнгөтэй хүн байхгүй. Би бусадтай л адил байх болно.Би хүнээс дутахгүй ухаантай, хүнээс дутахгүй хүч тэнхээтэй.Алзахгүй гэж Жеми хариулахад Мэри эгч нь, -Энни Корд гомдоно доо. Энни чамайг, хэзээ нэг үг хэлэх бол гэж хүлээж байгаа шүү гэжээ. Жеми энэ эгчдээ хайртай. Эгч нь 24 гэхэд 40 авгай шиг харагдана. Мэри энэ насандаа гоё хөөрхөн юм эдэлж үзээгүй. “Би үүнийг өөрчилнө, Мэри гоё хөөрхөн эдлэлтэй болно” гэж Жеми өөртөө амлав. Эх нь ширээн дээрхи хоолны шавхруутай аяга тавгийг хурааж, угаалтуурын төмөр саванд хийлээ. Тэр шөнө эх нь Жеми дээр ирж, орон дээр нь сандайлан эх хүний ёсоор мөрөөр нь тэвэрч, хүүдээ урам зориг хайрлан, -Миний хүү юу гэж зорьсон бэ, түүгээрээ л бол. Тэнд алмас эрдэнэ байдаг юм уу, үгүй юм уу, бүү мэд. Байдаг юм бол миний хүү түүнийг олох л болно гээд нөгөө гартаа барьж байсан хуучин муу түрийвч өгч,-Үүн дотор хэдэн фунт байгаа. Цаадуулдаа битгий хэлээрэй. Эзэн тэнгэр чамайг минь ивээн тэтгэх болтугай гэжээ. Жемиийг Эдинбург орхоор гэрээсээ гарахад түрийвчинд нь 50 фунт байлаа. Өмнөд Африк орох зам шаналгаатай хэцүү байлаа. Жеми бүтэн жил шахам явж байж тэнд хүрчээ. Эдинбург очоод тэндхийн нэгэн шөнийн гуанзанд хоол зөөгчөөр орж, түрийвчиндээ дахин 50 фунт нэмж хийсэн байна. Дараа нь Лондонд очив. Түм түжигнэж, бум бужигнасан тэр их хотын хөл үймээн, цагт дөрвөн миль хурдтай давхих оминбус хэмээх олон морь хөллөсөн том мухлаг тэрэгний түжигнэх чимээг гайхаж байлаа. Далбагар том малгай, торон сүлжмэл банзал, гоё ганган туфлитэй хөөрхөн хүүхнүүд суулгасан сүйх тэрэг өөдөө сөөргөө хөлхөлдөнө. Берлингтоны цуваа дэлгүүрийн тэнд эмэгтэйчүүдийн сүйх тэрэгнээс буухыг Жеми бахдан харна. Тэнд алт мөнгө, сав суулга, хувцас хунар, үнэт үслэг эд, ваар шаазан, эмийн санд учир битүүлэг шилэн сав, гуурс тэргүүтэн эд барааны элбэг дэлбэгийг хэлж баршгүй. Жеми Фицрой гудамжны 32 –р байшинд суух байр олжээ. Байрны хөлсөнд 7 хоногт 10 шиллинг төлөх боловч үүнээс хямд сууц олдсонгүй. Боомтод очиж өмнөд африк орох хөлөг онгоц эрэн өдрийг өнгөрүүлэн орой нь Лондон хотын үзэсгэлэн сайхныг үзэж нүд хужирлана.Нэгэн оройн “Ковент Гардены” ойролцох зоогийн танхимаас Уэльсийн хунтайж нэгэн үзэсгэлэн гоо хатагтай лугаа сугадалцан гарч ирхийг харлаа. Хатагтай нь үзэсгэлэнт цэцгээр чимэглэсэн асар том малгай өмссөн байхыг Жщми хараад “Энэ малгай Мэри эгчид яасан сайхан зохих бол гэж боджээ. Жеми 1851 онд “Их үзэсгэлэнд” зориулан барьсан Болор ордонд орж концерт үзэв. Бас Англид анх удаа цахилгаан гэрэл тавьсан Лондоны хөгжимт театрт “Друри-Лейн”, дуурийн театрт “Савойя” –д орж үзжээ. Хотын зарим гудамжийг цахилгаан гэрлээр гэрэлтүүлэх болсон байна. Бас телефон гэдэг гайхамшигт шинэ машинаар хотын нөгөө хэсэгт байгаа хүнтэй ярьж болдог гэж Жеми сонсжээ. Тэгээд хойч ирээдүйд хүрээд ирсэн юм шиг санагдаж байлаа. Хэдийгээр ийм олон шинэ зүйл гарч, амьдрал оргилон бужигнаж байсан боловч Англи орон тэр өвөл эдийн засгийн хүнд хямралыг туулж байв. Гудамжинд ажилгүй, өлсгөлөн хүн дүүрэн, зодоон цохион гарах, жагсаал цуглаан болох нь олон. “Эндээс явах хэрэгтэй байна. Үгээгүй гуйлгачин байдлаас зугтья” гэж Жеми бодлоо. Тэгээд маргааш нь өмнөд африкийн Кейптаун орох “Волмер Касл” хөлөг онгоцны хоол зөөгчөөр бүртгүүлжээ. Хөлөг онгоц зам зуур Мадера, Гэгээн Еленагийн арал дээр нүүрснийхээ нөөцийг сэлбэхээр зогсож, тэнгисийн аялал 3 долоо хоног үргэлжлэв. Өвлийн улиралд тэнгисийн аялал амаргүй сорилт байдаг аж. Жеми аяны эхний өдрөөс эхлэн зовлон үзсэн боловч барагдашгүй их эрдэнэсийн сандаа өдөр ирэх тутам ойртож яваа болохоор ер зориг шантарсангүй. Хөлөг онгоц эквадор хэмээх улаан замыг өнгөрснөөс хойш уур амьсгал өөр болж,