ᠬᠠᠷᠠ ᠬᠤᠯᠤᠭᠠᠨᠠ ᠶᠢᠨ ᠪᠥᠭᠡᠵᠢ
Nirunzu Xархулангийн бөгж www.kiebooks.comОРШИЛ Мөнх хааны зарлигаар төмөр гахай жилийн намар эх нутгаасаа гараад даруй 5 жил болж буй Монголын баруун зүгийн их цэрэг арабын их цөлийг гатлан эртний түүхт Дамаск хотын чулуун хэрмэнд тулжээ. Хөлөг морьдынхоо гүрээний судсыг ханаж цусыг нь шимсээр ангамал цөлийг арайхийн туулсан цэрэг эрс хотоос хараа дөнгөж хүрэх газрын баян бүрдийг түшиглэн тэнхээжиж, арван гуравдахь өдрөө хотыг дайрсан авч сайтар бэлдэн бэхэлсэн маврын гол хүчин төвлөрсөн хотын хэрэмнээс галт сум, галт бөмбөгөөр харван эсэргүүцэж огтхон ч үл ойртуулах бөлгөө. Загалмайтны аян дайны гашуун галд хатуужин чангарч европын эрэлхэг рыцариудыг хиар цохин алдар суугаа бадруулсан арабын хүчирхэг дайчид омог чадалдаа эрдэн хэрмийн дотроос уулгалан гарч дайрахаар өндөлзөн авч, хоёрхон жилийн өмнө германы Одер мөрний эрэг дээр франц, германы хамтарсан ялгуусан рыцариудын армийг бут цохисон монголын цэргийг тухай мэдээ авсан арабын хашир жанжид өчүүхэн баянбүрдийг түшсэн их цэрэг ганцхан сарын дараа хүчээ алдан сарнина гэж тооцоод хэрмийн дотор тэвчээртэй хориглохыг тушаажээ. Эдүгээ арван гуравдахь хоног дээрээ баян бүрд их цэргийн агтны хөлд талхлагдаж дууссан ба булгийн ундаргыг хамгаалах баг цэргээс бусдыг цөл рүү гаргаж байршуулсан Хүлэгэ хаан мянгатын жанжидыг дуудан хуралдай зарлаж, алтан улсаас авчирсан дариар цэргийн дархцуулын бүтээсэн тэсрэх бөмбөгийг хэрмийн хаалганд хэрхэн байрлуулж дэлбэлэх талаар хэлэлцэн бүхийд өөрийн зуун цэргийг эрхий мэргэн харваач болгон сургасан, битүү хуягласан рыцарын нүдийг алдалгүй харвадаг Хархуланг бүгд санацгааж өөрийн саналаа хэлсүгэй хэмээн дуудуулжээ. Асрын үүд сөхөгдөж цөлийн салхинд гандаж харласан бүгдийн танил царай цухуйгаад, орж ирмэгц дуулгаа аван бөхийн ёслоход нарийн ширхэгээр гөрөн сүлжсэн урт шар гэзгүүд нь сархийн асгарч газар шүргэв. Хархулан даалгаврыг сонсоод зүүн жигүүрийн доод үзүүрт бодолхийлэн суухад жанжид бүгд тэвчээртэй хүлээн дор бүрнээ бодлого бодно. Даалгавар бол энгийн. Тэсрэх бөмбөгийг хэрмийн гол хаалганы ёроолд аваачиж тавиад дэлбэлэх. Хэрхэн биелүүлэх вэ гэдэг дээр бүгд санал зөрөлдөх бөгөөд учир нь хохирол дэндүү их амсах байлаа. Удтал чимээгүй байсны эцэст Хархулан нойрноос сэрэх мэт хамраараа шуугитал амьсгалаад ярьж эхлэв. Жанжид мөн л бодлогширсоор. Гурав хоног алдана гэдэг хамгийн хэцүү нь байлаа. Хэрвээ Хархулангийн төлөвлөгөө бүтэлгүй болбол алдсан гурав хоног дээр нэмж гарах хохиролыг тооцвол 2 дахин их хохирол амсах болно. Хамгийн гол нь дарьт бөмбөгөө дайсанд алдах болно. Гэвч бүгд дайн тулаанд хатуужиж, бие биесийнхээ зориг чадалд итгэсэн баатрууд тул хулчийсангүй, Хархулангийн саналыг дэмжив. 9 алд харанхуй там ухаж Хархуланг шадар долоон цэрэг, хүнс усны хамт хийгээд нүхний амыг битүүлж элсээр дараад агаар орох хоолойг гэрэл тусахааргүй тахиралдуулан шургуулав. Гурав хоногийн турш монгол цэргүүд жижиг жижиг багаар ээлж дараалан завсаргүй довтолж, Дамаск хотынхныг огтхон ч цурам хийлгэсэнгүй. Монголчууд энэ хоорондгазрын тос олж, галт сумаар өдөр шөнөгүй харвасаар хот түймэрт автах аюулд нүүрлэснээр арабчуудад түймэр унтраах бас нэгэн ажил нэмэгдэж нойр хоолгүй нүдэлдэж байлаа. Гуравдахь өдрийн үдээс хойш Хархулангийн зуут хотын гол хаалганы цамхаг руу довтлон харвалдсан агаад хэрмийн дээгүүр цухуйсан толгой бүрийг алдалгүй онох тул цамхагийн цэргүүд ихэд сандарч хамаг галт бөмбөгөө хэрэм давуулан шидэж дуусаад байтал ашгүй харанхуй болохын алдад монголчууд баахан үхсэн морьдоо үлдээгээд буцжээ. Гэдэс дотрыг нь авсан морины хөндий цээжинд нүдээ битүү боосон Хархулан нум сумаа тэврээд өдрөөс хойш хэвтжээ. Шөнө болсон бололтой тулалдааны чимээ намжиж анир чимээгүй орчин ноёрхоход ахин нэг түм хүртэл тоолон хүлээгээд нүднийхээ боолтыг авч морины гэдэсний завсраар харанхуйг ширтэн тэмдэгт дохиог хүлээнэ.Гуравхоног унтаж нойр ханан амарсан бөгөөд харанхуйд дассан нүд нь өчүүхэн хөдөлгөөн гарахыг ч мэдэрнэ гэдэгт итгэлтэй байлаа. Хажуугийн морьдын гэдсэнд итгэлт долоон нөхөр нь хоёр хоёр тогоо дарьтай бөмбөг тэврэн хэвтэж байгаа. Өөрийн овгоос тэр арван нөхрөө толгойлон 5 жилийн өмнө мордсонсон. Мөнх тэнгэрийн зарлигийг биелүүлэхээр өрнийг тэмцэн тулалдсан их аяны замд тэд гурван нөхрөө харийн нутагт оршуулсан. Алдар нэр, арвин баялгийг мөрөөдсөн арван найман настай тэд төрсөн нутаг Хангайн нурууныхаа шил дээр арван нэгэн чулуу овоолоод Мөнххааны зарлигаар Хархорумыг чиглэн мордохдоо арван нэгүүлээ эргэж ирнэ гэж овгийнхондоо амласан. Цагаан сүүгээ өргөн хоцорсон хөгшин эх, Сумчилхэн гэргий нь нүдэнд харагдах шиг болов. Түүнд алдах эрх байхгүй. Ахин монгол эрсийн яс харийн нутагт нэмж үлдэхийг тэр тэвчихгүй. Алсад цахиур хавиран оч үсрэх нь тодхон харагдав. Морины гэдэснээс чимээгүй мөлхөн гараад харвал үүрийн үнэгэн харанхуйд хажуугийн морьдын гэдэснээс хар хувцас өмсөж нүүр гараа хараар будсан нөхөд нь бүртэлзэн гарч харагдав. Тэд нэхий дэгтий өмссөн тул огт чимээгүй сүүдэр мэт холдсоор хэрмийн хаалганд хүрч зөөлөн хар ууттай тогоонуудыг эрэмбийн дагуу өрөөд хаалганаас холдон хэрмийн ёроолыг даган явсаар бүрмөсөн харагдахгүй болов. Хэрмийн дээрх харуулууд мөн л түрүүчийн цахиурын очийг ажигласан бололтой хөдөлгөөн орсон боловч ядарч туйлдсан тэд юу ч харахгүй байгаа бололтой. Дахиад зуу тоолон хүлээв. Нөхөд нь одоо хангалттай холдсон байх ёстой. Үүр шөнийн зааг түнэр харанхуйг нэвтлэн үүрийн цолмон гарч ирэхийг тэр хүлээж байлаа. Ганцхан одны гэрэл түүнд хангалттай. Хархулан сумаа хийж харлаг тэхийн эврээр нааж хийсэн хатан хар нумаа эвшээлгэн татлаа. Нэгэн үзүүрт сэтгэлээр төмөр хэрмийг ч нэвтэлнэ Нэгэнт үрэгдсэн андаа дурсахад хүрэл зүрх ч хайлна. Үл харагдах тэнгэр газрын савслагаас үүрийн цолмон чимээгүй цухуйх тэр агшинд хаалганы ёроолд харлах тогоон бөмбөгүүдийн голд бялтны толгой гялтасхийн үзэгдмэгц сумаа тавиад нүдээ анив. Толгой дээр тэнгэр дуугарвуу гэлтэй нирхийх их дуу гарч, аниатай зовхины цаанаас нүд гялбам гэрэл нэвт цохих шиг болох үед харь хэлээр хоолой шахан бархиралдах чимээтэй зэрэгцээд монгол цэргийн уухайн дуу, газар доргиох морин төвөргөөтэй давхцан сонсогдлоо. Хүлэгэ хаан Хархуланг мянган цэргийн жанжин, түүний долоон нөхрийг зуутын ноён болгох зарлиг буулгав. Аян дайны олзны оргил дээж болсон арабын халифийн титэм дээрх чандмань гурван очир эрдэнийг алтан бөгжтэй ширэн эрхийвчид шигтгэн хийлгэж Хархуланг шагнахаар хуралдайн жанждаас нэгэн дуугаар хуувь нийлэн шийджээ. Дамаскийг эзэлснээс 1 сарын дараа Мөнх хаан тэнгэр хальсан тухай гашуун мэдээ өвөртөлсөн буухиа элч довтолгон ирснээр монголын их цэрэг эх нутгийн зүг хөлгийн жолоог эргүүлсэн юм.ТЭРI Тэрээр хуучин буйдан дээрээ тухлан суугаад Одоо яах вэ︖ гэсэн асуулт өөртөө тавин бодолхийлнэ. Энэ асуултыг тэрээр олон удаа өөртөө тавьсан боловч хэзээ ч хариулж чадаж байсангүй. Гэлээ ч тэрээр сэтгэлээр унахгүй гэдгээ бас сайн мэдэж байлаа. «Яахав, нэгэнт нөхцөл байдлыг өөрчилж чадахгүйгээс хойш зохицоод л явах нь одоогоор хамгийн сайн сонголт юм.» Ингэж бодогдонгуут тэрээр шийдсэн хүний царай гарган шүршүүрт орохоор бослоо. Шүршүүрээс гараад саяхан хуссан эрүүгээ нэг тэмтэрч үзсэнээ, жижигхэн өрөөнийхөө буланд буй хувцасны шүүгээг онгойлгон цөөхөн хувцасаа гүйлгэн хараад хүний нүдэнд өртөмгүй энгийн хувцаслахаар шийдээд хуучин ширэн өмд, өөрийн хайртай хуучин хөх цамц, ширэн хүрмээ авч өмсөн, мөн л хөх өнгийн саравчтай малгайгаа духдуулаад бэлдэж тавьсан цүнхээ шүүрэн авч гарлаа. Хөлсний жижиг өрөө нь оршдог нийтийн байрныхаа орцноос гарангуут огт эргэлзэлгүйгээр мотоциклоо асаан, саравчтай малгайгаа авч цүнхэндээ хийж дуулгаа углаад чийг даан харласан нарийн замаар баруун гар тийш эргэн довтолгон одлоо. Хэдийгээр 10 сар дундаа орсон боловч Токиод хэзээний бүгчим халуун хэвээрээ бөгөөд үдшийн бүрий болж байсан ч сэрүү үл орно. Сэрүүн Сэлэнгийн эрэг дээр жаргалтай бага насныхаа зунуудыг өнгөрүүлсэн тэрээр японы энэ дуусашгүй мэт халуун зунд огтхон дасч чадалгүйгээр өдгөө гурав дахь жилээ өнгөрөөж байгаа билээ. Гурван жилийн өмнө судлаач оюутны визтэй Наритагийн нисэх буудал дээр бууж байхдаа одоо л бүх асуудлаа шийдлээ гэж санан, сэтгэл тэнүүн дэнша хэмээх цахилгаан галт тэрэг хүлээн зогсохдоо энэ гурван жилд багтаан урьдын хөглөрсөн амьдралаа цэгцэлж амжина гэж бодож байснаас биш, ийнхүү түгшсэн сэтгэлээ чагнан давхих юм гэж яалаа ч гэж төсөөлөх билээ. Улаан гэрэл хүлээн замын уулзвар дээр түр зогсохдоо – Дээрээс минь харах Тэнгэр гэж байх л ёстой . хэмээн амандаа шивнээд хөмхий зуун мотоциклээ хаазлаад ухасхийв. Амандаа шивнэх нь сүүлийн жилд бараг хэвшил болоод байгаа бөгөөд ганцаараа ярьдаг болчих вий гэж өөрийгөө хэдий сэрэмжлүүлэх боловч яалтчгүй ийм . Удалгүй Үэногийн төв рүү орж байгаа нь илт зам өргөсөн хөдөлгөөн ихэссэн боловч дан ногоон гэрэл тааран шуудхан явсаар зорьсон газартаа хурдлан ойртохдоо их л урамшин монгол хүний заншлаар хэрэг нь бүтэх нь хэмээн билэгшээгээд жижгэвтэр нарийн боовны дэлгүүрийн хажуудах төлбөртэй зогсоолд мотоцилоо байрлуулж дуулгаа өлгөн, тасалбараа аваад олны дундуур орон хурдан хурдан алхлаа . Гар утсанд нь мессеж ирсэн бололтой аяархан чичирхийлэх шиг болоход алхуут дундаа аван дэлгэн харвал Күнико «Хэдэд уулзах вэ︖ », «2 цагийн дараа ярья» гэж хариу бичээд «Бидний сүүлчийн болзоо» гэж бодогдохуй гунигтай инээмсэглээд алхаагаа түргэсгэв. «Эртний эдлэл» гэсэн хаягтай дэлгүүрийн хажуугийн хаалгаар орон харанхуй гудмаар яг тав алхмагц баруун гар тийш эргэн нэгэн хаалгаар шууд яван орох нь олон удаа ирж дадсаных. Дэлгүүрийн эзэн үнэт зандан ширээнийхээ араас өндийхдөө бугуйн цаг руугаа хяламхийгээд үг дуугарсангүй босч хажуугийн урт буйдан луу шууд зүглэх нь мөн л удаан хугацаанд түншилж дотно болсных. - За тэгэхээр . сайн бодож үзсэн үү. - Бодсоон. - Бид чамд их мөнгө цаг зарсан гэдгийг чи ойлгож байгаа - Тиймээ- Тэр эмгэн чамд үнэхээр итгэж байгаа болбуу︖ «Сурсан зангаараа түншиж үзэж байна уу» гэж бодоод - Итгэнэ л гэж бодож байна гэлээ - Тэгэхээр, түрүү өдөр тохиролцсон ёсоор гол яриандаа орцгооё .II Гудамжинд бүлээн бороо шивэрч, ажилаа тараад гэртээ харих санаатай яаран алхлах шүхэр барьсан хүн цувааны урсгал үл тасрах мөрөн гол мэт санагдана. Ийм олон хүн дор бүртээ л өөр өөрийн ажил төрөлтэй, ар гэртэй, бодол санаа хүсэл мөрөөдөлтэй байгаа гэж төсөөлөхөд ухаан санаанд багтамгүй мэт санагдах бөгөөд ёстой л нөгөө хүн сүрэг гэдэг нь энэ байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдох нь аргагүй л хүнгүй хээр талд багшрах мал сүргийн бараа харж өссөн хүний бодол гэлтэй. Тэрээр Үэно экигийн зүүн хаалганы ойролцоох гүүрэн доор гадагшаа лангуу гарган зассан ил уушийн газруудын нэгний бүхээгт суугаад ганц пиво өмнөө тавьж хааяа шимэсхийн бодлоо цэгцлэх санаатай тамхиа асаав. Эзэнтэй хийсэн тохироо ёсоор бөгжийг 20 сая иенд багтаан худалдаж авах ёстой бөгөөд өөрийн ажлын хөлс нь 2 сая иен байх юм. Дээр нь замын зардал 200 мянган иен. Гэвч хамгийн гол нь хэдэн сая долларын үнэ хүрч мэдэх тэрхүү гэр бүлийн үнэт өвийг хуурамч дүрээр салгаж аван хүний үнэргүй наймаачдын гарт атгуулахын тулд Эмгэний сэтгэлийн утсыг хөндөж, эх орон нэгт монгол хүмүүст хайртай тэр нэгэн гэр бүлийн үе дамжсан халуун сэтгэлээр тоглох ёстой байгаа нь түүний сэтгэлийг хамгийн ихээр хорсгож байлаа. Тэр бөгж бол зөвхөн тэр нэг гэр бүлийн өв ч биш түүхийн нэг хэсэг . Энэ бодлын үзүүр хаа хүртэл үргэлжлэхийг тэр мэдэж байлаа. Өөрийгөө хүндлэх бардам сэтгэлдээ захирагдан хохирол гомдлыг ч үл тоон тэргүүнээ бардам өргөж өдий хүртэл явсан тэрээр эцэст нь ийм балчигт хутгалдана гэдэг ёстой л нөгөө давахгүй гэсэн даваагаар гурав давна гэчийн үлгэр. «Эр хүн олзонд, эрвээхэй зуланд гэгч энэдээ» гэж бодоод тамхиныхаа ёзоорийг үнсний саванд дарж унтраагаад, төлбөрөө хийх зуур мотоциклоо тавьсан зогсоолын талоноо түрийвчиндээ байгаа эсэхийг нүдний үзүүрээр нягтлаад бослоо. Күникотой уулзахаар Икэбүкүро руу дэншагаар явахаар шийдсэн байсан ба маргааш нь шууд Аомори яваад 3 хоногийн дараа болзсон ёсоор Үэнод ирнэ. Дэншагийн бүх вагонууд битүү хүнтэй, ажлаа тараад заншил ёсоор хүртэцгээсэн халамцуу албан хаагчид хөл гишгэх зайгүй чихцэлдэж, архины эхүүн үнэр нэвт ханхална. Замдаа тэр гар утснаасаа нетэд орж маргаашийнхаа зурлагыг харав. Тэнд бичигдсэн зүйл түүнд таалагдсангүй тул ярвайсхийгээд утсаа хаав. Дэншанаас бууж, бусадтай чихэлдэн байж экигээс гараад болзсон газар руугаа яаран алхав. Уушийн газар, төрөл бүрийн дэлгүүрүүд ярайтал эгнэсэн бум бужигнасан гудамжаар өгссөөр нэгэн байшингийн үүдний лифтэнд орж 3 давхарт гарч барны хаалгаар ороход Би-Жис ийн танил аялгуу намуухан уянгалах нь чихэнд наалдацтай сонсогдоно. Японд хааяагүй байдаг америк стиль гэж хэлэхэд буруудахааргүй бүдэгхэн гэрэлтүүлэгтэй жижигхэн барны буландахь 2 хүний өндөр ширээний дэргэд текний гозгор сандал дээрээс хөлөө савлуулан гараа гозгонуулах нь аргагүй Күникогийн дүр. Күнико рүү ойртох зуураа түүний баясгалантай инээх царайг хараад тэрээр өөрийн эрхгүй сэтгэл тавирч мишээсхийв. - Би өнөөдөр ёстой азтай, сайн дурынхны багт бүртгүүлчихсэн. - Баяр хүргэе гэж хэлэхдээ тэр дотроо Күнико зөвхөн түүний сэтгэлийг л сэргээх гэж худлаа хэлж байгаа юм биш биз гэж бодов. Энгийндээ тэд баранд бараг ордоггүй, ихэвчлэн шинэ киноны нээлтийн үеэр албан ёсоор болздог, жирийн үед тэр өөрийн завтай үедээ Күникогийн ажил тарах үеэр утсаар ярьж уулзаад гудмаар зугаалж хоол идээд прокатнаас кино авч бүсгүйн амьдардаг өрөөнд очдог юм. Күнико сэтгэл тогтворгүй үедээ дискод орох юм уу, автомат тоглоомын газар орохыг уриалдаг бол мань эр хааяа сэтгэл хямарсан үедээ бол уух юм аваад гэртээ бүгэх эсвэл баранд уулздаг. Бүсгүйн хөгжилтэй яриаг сонсох зуураа тэрээр 4 хундага текилла уучихаад ахиад 4- ийг захив. Күнико ерөөсөө архиууж чаддаггүй ч түүнийг хэтрүүлэн уухад зэмлэдэггүйд нь мань эр дотроо талархдаг байлаа. Бүсгүй түүнийг яагаад чимээгүй дүнсийчив, юу болчив гэж асуух нь бүү хэл гутарсан үед нь түүний сэтгэлийг нь өргөх санаатай янз бүрийн юм зохион барин ярих нь өхөөрдмөөр ч юм шиг. 2 дахь ээлжийн 4 дахиа уучихаад ахин 4-ийг захих үедээ тэрээр өөрийн асуудлыг бүрэн мартаж сайн дурын багт орж ажиллахын ач холбогдлын талаар бүсгүйтэй чин сэтгэлээсээ шүүн ярилцаж авай.III Сэрээд, зовхины цаанаас зөөлөн ягаан гэрэл тусахыг мэдрэхдээ төлөвлөсөн ёсоор лаав хотелд ирснээ санав. Аяархан босч мини бар нээгээд нэг покари свийт авч тагийг нь онгойлгон залгилахад дотор сэрүүсэх шиг болж нүдээ гүйцэд нээлээ. Өрөөний голд байрласан том дугуй орны захад Күнико сэвсгэр хөнжил дотор хөлөө нугалан хэвтээд намуухан амьсгалан нойрсох нь үүрэндээ буй шувуухай мэт. Хөнжилийн захаар бүсгүйн бяцхан хөл дөнгөж цухуйх нь эгдүү хүрмээр харагдана. Тэрээр орон дээгүүр мөлхөн очиж бүсгүйн хөлийг энхрийлэн үнсэхүй, бүсгүй нойроо харамлан зөөлөн яраглаад хөлөө татав. Залуу улмаар хөнжлийн гүн рүү шурган орж хөөрхөн хөлийг мөшгин үнсэж давшисаар өвдөг гуяыг дамжин дотоожинд хүрч нимгэн торгомсог эдийн цаадах нууц эрхтний хэлбэрийг дагуулан уруул хэлийг шүргүүлэн хүрэлцэхүй бүсгүйн нойр сая л сэргэх шиг зүүдний жаргалаа амтлан эдлэхээр чичигнэсэн дуугаар аяархан гиншээд нуруугаа хотойлгон суниах мэт биеэ чангалан нумарлаа . Бууралттай шил бүхий нимгэн хөшигтэй цонхны цаанаас үүр дөнгөж цайж байгаа бололтой гудамжны гэрэл бүдэгхэн тусах нь гэрлээ унтраасан өрөөний доторхийг дөнгөж ялгаж харахаар. Саяхны эдэлсэн жаргалдаа мансуурах мэт ягаахан уруул