ᠵᠦᠩᠨᠡᠯᠲᠦ ᠦᠭᠦᠯᠡᠯᠭᠡ ᠨᠦᠭᠦᠳ - ᠺᠢᠷᠢᠯ ᠨᠣᠮ
Роберт Шекли Зөгнөлт өгүүллэгүүд www.kiebooks.comПлатоны тодорхойлсон хүн Экспедицийн гишүүд Регул-V гараг дээр хөлгөө амжилттай газардуулж, отогоо байгуулаад Макс гэж нэр өгсөн ХСР- 22-0134 загварын хил сахигч роботоо асаав. Энэ робот нь экспедицийн явцад хаа нэгтээ харь гарагийн хүнтэй тулбал тэднийг отогт нэвтрэхээс хамгаалах зориулалттай хоёр хөл бүхий механизм бөгөөд хүний яриаг ойлгон ажилладаг. Уг нь Макс анхандаа бол зааврын дагуу ган саарал өнгөтэй байсан ч эцэс төгсгөлгүй урт нислэгийн үеэр өнгийг нь цагаан цэнхэр болгоод будчихсан байлаа. Макс метр хорин санти өндөртэй байсан болохоор экспедицийн гишүүд түүнийг ухаалаг, сайхан сэтгэлтэй төмөр хүн, “Маргад эрдэнэ хотын илбэчин”-ий Төмөр Түлээчний жижигхэн хувилбар, төмөр одой гээд бүр итгэчихсэн байв. Мэдээж тэд төөрөлдөж байсан юм. Тэдний робот нь өөрт нь бодож олсон тэр олон чанаруудаас нэгийг нь ч агуулаагүй байв. ХСР-22-0134 бол хадагч машинаас илүүгүй ухамсартай, боловсруулагч шугамнаас илүүгүй сайхан сэтгэлтэй байлаа. Ёс суртахууны хувьд түүнийг эргэгч гол, эсвэл радио хүлээн авагчтай харьцуулж болно уу гэхээс хүнтэй бол яагаад ч болохгүй. Улаан нүдтэй, зөөлөн цайвар цэнхэр өнгөтэй Макс бүх л электрон мэдрэмжүүдээ хамгийн дээд чадлаар нь ажиллуулан нүдэнд үл үзэгдэгч хилийн дагуу тасралтгүй тойрон явж харагдана. Тийрэлтэт нисдэг тэргээр гарагийг судлахаар ниссэн ахмад Битти, дэслэгч Жеймс хоёр долоо хоног орчим отогтоо ирэхгүй байв. Дэслэгч Холлорен үлдсэн төхөөрөмжүүдээ сахихаар отогтоо үлдсэн байлаа. Холлорен бол торх шиг цээж, майга хөлтэй, намхан пагдгар эр. Тэрээр хөгжилтэй, сэвхтэй, хал үзсэн, сэргэлэн эр бөгөөд нүүр улаймаар үг хэлэх дуртай нэгэн. Мань эр өглөөний хоолоо идчихээд нисдэг тэрэгтэй хуваарь ёсоор холбоо барьсны дараа эвхдэг сандал дэлгээд байгалийн сайхныг бахдахаар тухаллаа. Юу ч үгүй хоосон цөлд дуртай хүнд бол Регул-V үнэхээр сайхан газар. Отогийг тойроод хаашаа л харна элс, царцсан лав, хад асганаас бүрдсэн аймшигтай халсан тал газар. Хаая нэг болжмортой төстэй шувууд нисэж, заримдаа цөөвөр чонотой төстэй амьтад гүйж харагдана. Хад асганы завсраар энд тэнд хорчгор кактусууд ёрдойно. Холлорен эвхдэг сандал дээрээсээ бослоо: -Макс, би энэ хавиар явж байгаад ирье. Намайг байхгүй үед чи отогийн даргаар үлдэнэ шүү. Робот отогийг тойрон явахаа зогсоов. -Мэдлээ эрхэм ээ. Би даргаар үлдэнэ. -Харь гарагийн хүмүүсийг ийш нь оруулж болохгүй шүү, ялангуяа хоёр толгойтой, өвдөг нь арагшаа нугардгийг нь. Харь гарагийнхны тухай яриад эхлэхээр Макс хошигнол мэдрэх чадвараа алдчихдаг болохоор: -Би таны тушаалыг анхаарлдаа авна аа, эрхэм ээ гэлээ.-Та нууц үгээ мэдэж байгаа юу ноён Холлорен. -Мэдэж байгаа Макс минь. Харин чи︖ -Би нууц үгийг мэднэ, эрхэм ээ. -Сайн байна. За, удахгүй уулзана аа. Ингэж хэлээд Холлорен отогийн хилийг даван явлаа. *** Холлорен отогийн эргэн тойрны үзэмжит сайхан газраар хэсэг тэнэж байгаад сонирхолтой юм олж хараагүй болохоор цагийн дараа отог руугаа буцав. Түүнд ХСР-22-0134-ийг отогийн хилийг даган эцэс төгсгөлгүй тойрон явсан хэвээр байгааг харахад сайхан сэтгэгдэл төрлөө. Энэ бол бүх зүйл хэвийн гэсэн үг. -Хөөе Макс минь гэж тэр орилов.-Надад захидал ирээгүй биз︖ -Зогс гэж робот гэнэт тушаах нь тэр.-Нууц үгээ хэл.-Битгий тэнэгтээд бай Макс. Нууц үгтэй манатай. Ингэж хэлээд Холлорен отогийн хилийг давах гэтэл нь -Зогс гэж робот заналтай тушаав. Холлорен тэр даруй гацаж орхилоо. Максын фото цахилгаан нүд нь асаж, чад пад хийх нэг их чанга биш дуу хоёронтоо гарч бага оврын зэвсгээ байлдааны бэлэн байдалд оруулсан гэдгийг нь мэдэгдэв. Холлорен болгоомжтой хөдлөхөөр шийдэв. -Би зогсож л байна шүү дээ. Миний овог Холлорен. За одоо бүх зүйл хэвийн биз дээ Макс︖ -Та нууц үгээ хэлнэ үү︖ -“Хонх” гэж Холлорен хариулав. –Харин одоо чамайг зөвшөөрвөл. -Хилийг битгий нэвтрээрэй гэж робот анхаарууллаа. –Нууц үг буруу байна. -Мөн тийм байх даа. Энэ нууц үгийг би өөрөө чамд өгсөн шүү дээ. -Энэ бол хуучин нууц үг. -Хуучин гэнэ ээ︖ Чиний электрон ухаан чинь солиорчээ гэж Холлорен уурлав. –Цорын ганц жинхэнэ нууц үг бол “Хонх”, өөр ямар ч нууц үг чамд байх ёсгүй. Яахав нөгөө. Энэхүү яахав нөгөө гэсэн таагүй зүйлийн талаар Холлорен эргэцүүлэн бодоод чанга хэлэх хүртэл нь робот тэвчээртэй хүлээж байлаа. -Яахав нөгөө ахмад Битти нисэхээсээ өмнө чамд өөр нууц өгсөн байж болох юм. Тэгсэн үү︖ -Тийм гэж робот хариуллаа. -Ийм юм болж магадгүй гэж сэтгэх хэрэгтэй байсан юм аа гэж Холлорен инээмсэглэн хэлсэн боловч дотроо бухимдаж байв. Иймэрхүү алдаа урьд нь гарч байсан ч гэлээ байдлыг засахад туслах ядаж нэг хүн отог дотор үргэлж байж таарсан билээ. Гэхдээ одоо ч гэсэн түгшүүр зарлах үндэслэл алга. Хэрэв сайн бодоод үзвэл нэлээн марзан байдал үүссэн хэрэг. Тэгэхээр шийдэхэд ч ядаад байх юм алга. Гол нь бага зэрэг толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Холлорен болохоор ХСР-22-0134-ийг ядаж бага ч гэлээ сэтгэн бодож чаддаг гэсэн үүднээс хандаж байсан нь мэдээж. -Макс гэсээр Холлорен яриагаа эхэллээ. –Би юу болсныг ойлгож байна аа. Ахмат Битти чамд шинэ нууц үг өгчихөөд надад тэр тухайгаа хэлэхээ мартаж. Дараа нь би отогийн хилийг орхин гарахаас өмнө нууц үгээ шалгалгүйгээр түүний гаргасан алдааг улам лавшруулсан байна. Робот юу ч хэлээгүй болохоор Холлорен үргэлжлүүлж: -Ямар ч байлаа гэсэн энэ алдааг хялбар засаж болно гэв. -Тийм гэдэгт үнэхээр найдаж байна гэж робот хариулав. -Мэдээж шүү дээ гэж Холлорен хэлсэн ч дууных нь өнгө урдын адил итгэлтэй биш болсон байв.-Ахмад ч тэр, би ч тэр чамд шинэ нууц үг өгөхдөө ямагт тодорхой дүрмийг дагадаг. Чамд нууц үг хэлчихээд ахмад тэр даруй нууц үгээ надад амаар хэлээд, дараа нь одоо болоод байгаа шиг гэнэтийн зүйл тохиолдож магадгүй гэсний үндсэн дээр бичиж үлдээдэг. -Тийм гэж үү︖ гэж робот асуув.-Тийм тийм гэж Холлорен хариуллаа. –Үргэлж тэгдэг юм. Заавал. Тэгэхээр энэ удаад ч гэсэн бичиж үлдээсэн гэсэн үг. Чи ардаа байгаа майхныг харж байна уу︖ Робот нэг нүдээ Холлореноос салгалгүйгээр нөгөө нүдээ майхан руу чиглүүлэв. -Тийм ээ, би харж байна. -Сайн байна. Майхан дотор ширээ байгаа. Ширээн дээр саарал өнгөтэй төмөр хавчаар бий. -Тийм байна гэж Макс хэлэв. -Маш сайн. Хавчаар дотор хуудас цаас байгаа. Дээр нь аваарын дохио өгдөг давтамж г.м. хамгийн чухал өгөгдлүүдийг бичээстэй байгаа. Цаасны дээд буланд улаанаар тойруулаад зурчихсан одоогийн нууц үг бий. Робот нүдээ урагш сунган фокусыг нь тохируулж хараад буцааснаа Холлоренд: -Таны хэлсэн бүхэн яг зөв байгаа ч энд үүсээд байгаа зүйлтэй ямар ч холбогдолгүй байна. Миний хувьд нууц үг хаана бичигдсэн байгаа нь бус харин таныг нууц үг мэдэж байгаа эсэх нь чухал. Хэрэв та нууц үгийг хэлж чадвал би таныг отог руу нэвтрүүлнэ. Хэрэв та нууц үгийг хэлж чадахгүй бол би таныг отог руу нэвтрүүлэх ёсгүй. -Энэ чинь шал тэнэг юм гэж Холлорен хашхирав. –Дүрэм дагах донтой хөлдүү Макс минь ээ. Энэ чинь би л байна шүү дээ, Холлорен байна. Тийм гэдгийг чи мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Чамайг асаасан өдрөөс эхлээд хоёулаа байнга л хамт явж байгаа шүү дээ. Тийм болохоор гүүрэн дээрх Гораций болж жүжиглэхээ болиод намай отог руу оруулаад орхи. -Та ноён Холлорентэй үнэхээр гайхалтай адилхан юм гэж робот хүлээн зөвшөөрлөө. –Гэхдээ таны хэн болохыг адилтган таних багаж ч тэр, эрх ч тэр надад байхгүй бөгөөд үүнээс гадна намайг зөвхөн өөрийн мэдрэхүйг үндэслэн ажиллахыг зөвшөөрдөггүй. Миний хувьд хүлээн зөвшөөрч болох цорын ганц нотолгоо бол нууц үг. Холлорен аяндаа буцлаад ирсэн уураа дараад ердийн хоолойгоор: -Макс хөгшин минь чи намайг янз нь харь гарагийн хүн гэж хэлэх гээд байгаа бололтой юм аа гэж хэлэв. -Та нууц үгийг хэлэхгүй байгаа болохоор би энэ таамгаас үүдэн тантай харьцах ёстой. Холлорен урагш алхангаа -Макс аа гэж орилоод- Бурханы нэрийг барьж гуйя. -Хил рүү бүү ойртоорой гэж робот хэлэв. Нүд нь ассан харагдана.-Та хэн ч байсан, юу ч байсан буцаад ухарна уу. -За за би ухарлаа гэж Холлорен яаран хариулав.-Битгий нервтээд бай. Ингэж хэлээд мань эр хилээс холдоод роботын нүдний гэрэл унтартал хүлээв. Дараа нь чулуун дээр суулаа. Тун ч нухацтай бодох хэрэгтэй болжээ. *** Мянган цаг үргэлжилдэг Регул гарагийн нэг хоногийн үд дунд бараг болчихсон байв. Бүдэг цагаан өнгөтэй тэнгэр дээрх хоёр цагаан толбо болох хоёр наран хамгийн өндөр цэгтээ хүрсэн харагдана. Хоёр нар туяа нь хүрсэн юм болгоныг шатаан гантигийн гадаргуу шиг газар дээгүүр удаан хөвнө. Халуу шатсан хуурай тэнгэрт хааяа нэг шувуу ядарсан байртай ниснэ. Жижиг амьтад нэг сүүдрээс нөгөө сүүдрийн хооронд хурдан гэгч нь шургалан гүйлдэнэ. Нохой зээхтэй төстэй амьтан майхныг гадсыг хэмлэн зогсох ч жижигхэн цэнхэр робот маань түүнийг огтхон ч анхаарахгүй байв. Харин хүн чулуун дээр суугаад роботыг ширтэнэ. Цангаж эхэлсэн Холлорен бий болсон нөхцөл байдлын талаар эргэцүүлэн бодоод гарц олохыг оролдож байлаа. Юм уумаар байлаа. Удахгүй ус хамгийн чухал зүйл болж хувирна. Дараа нь ус дутагдан үхнэ.Отогоос өөр газар ууж болох ус байхгүй. Отогт ус зөндөө бий ч гэлээ роботыг давалгүйгээр түүнд хүрч чадахгүй. Хуваарийн дагуу бол Битти Жеймс хоёр гурван өдрийн дараа холбоо барина. Гэхдээ мань хүн хариу өгөхгүй байлаа ч тэр хоёр хар авах нь юу л бол. Яагаад гэвэл богино долгион гээч зүйл Дэлхий дээр ч гэсэн элдэв янз болж байдаг. Тэгээд оройдоо ахиад нэг удаа холбоо барих гэж үзнэ. Тэр үед хариу авахгүй бол л тэр хоёр отог дээр эргэж ирнэ. Тэгэхээр, дэлхийн дөрвөн өдөр шаардлагатай гэсэн үг. Харин мань эр усгүйгээр хэр удаан тэсэх бол︖ Асуултын хариу нь түүний бие махбодийн усаа алдаж байгаа хурднаас хамаарч байгаа. Шингэний алдагдал нийтдээ биеийн жингийнх нь 10-15 хувь болох үед тэр шоконд орно. Аюултай богино хугацаанд шоконд орж ч магадгүй. Нүүдэлчин бедуинууд усгүй үлдчихээд ердөө ганц хоногийн дараа үхэж байсан тохиолдлууд ч байдаг. Америкийн Баруун Өмнөд нутагт осолд орсон жолооч нар Бейкер, эсвэл Мохаве цөлөөс явган гарах гэж явахдаа 12 цаг ч тэсэлгүй үхсэн тохиолдлууд бий. Харин Регул-V бол Калахари шиг бөгчим халуун, чийглэг нь Үхлийн хөндийнхөөс ч бага. Регул-V-ын нэг хоног нь дэлхийн бараг мянган цагийн турш үргэлжилдэг. Одоо үд дунд гэхээр сүүдэрт нуугдах боломжгүйгээр тасралтгүй үргэлжлэх халуун дунд өнгөрүүлэх 500 цаг мань хүнийг хүлээж байлаа. Ер нь хэр удаан тэсэх бол︖ Дэлхийн нэг өдөр л байх. Хамгийн өөдрөх тооцоогоор хоёроос хэтрэхгүй. Тиймээс Битти Жеймс хоёрыг мартах хэрэгтэй. Мань хүн отог руу нэвтрэн ус олох зайлшгүй шаардлагатай, аль болох хурдан. Тэгэхээр роботыг аргалан отог руу орох арга бодож олох хэрэгтэй. Мань хүн логикийг ашиглахаар шийдэв. *** -Чи намайг Холлорен гэдгийг мэдэж байх ёстой бас Холлорен намайг отогийг орхин яваад цагийн дараа эргэж ирсэн гэдгийг мэдэж байх ёстой бас Холлорен намайг чиний өмнө нууц үгээ мэдэхгүй зогсож байгааг мэдэж байх ёстой. -Таны баталгаа үнэн гэх магадлал нэлээд өндөр байна гэж робот хүлээн зөвшөөрлөө. -Гүй тэгвэл. -Гэхдээ би магадлал, эсвэл бүр бүрэн итгэлтэй байдлаас үүдсэн арга хэмжээ авч чадахгүй. Тэгээд ч ер нь намайг харь гарагийн хүнтэй уулзах магадлал хэдий бага байсан ч гэлээ тэдэнтэй уулзан учрыг нь олох зориулалтаар бүтээсэн юм. -Тэгвэл надад ядаж устай канистр аваад ирж чадах уу︖ -Үгүй. Тэгвэл тушаал зөрчсөн хэрэг болно. -Хэзээ байтлаасаа чамд усны талаар тушаал өгдөг байсан юм бэ︖ -Шууд утгаар бол өгч байгаагүй. Гэхдээ надад суулгасан үндсэн заавраас ийм гаргалгаа үүдэн гарч байгаа юм. Би харь гарагийн хүнд туслалцаа, дэмжлэг үзүүлэх хориотой. Энэ үгийг сонссоны дараа Холлорен маш чанга дуугаар, маш хурднаар маш олон үг хэлэв. Тэдгээр үгс нь зөвхөн дэлхий дээр хэрэглэгддэг өвөрмөц хэллэг байсан ч бүгд хэтэрхий нэг талыг дөвийлгөсөн, утгагүй байсан болохоор Макс тоосонгүй. Хэсэг хугацааны дараагаар өөрийгөө Холлорен гэж нэрлэсэн харь гарагийн хүн овоолсон чулууны араар орон алга болох нь тэр.Хэдэн минутын дараагаар нөгөө хэсэг чулууны араас нэгэн бодгаль исгэрсээр гараад ирлээ. -Сайн уу Макс гэж нөгөө бодгаль хэлэв. -Сайн уу ноён Холлорен гэж робот хариулав. Холлорен хилээс арван алхамын цаана зогсов. -Би энэ хавиар хэсэг явж үзлээ гэж тэр хэлэв.-Сонирхолтой юм энд юу ч алга. Намайг байхгүйд энд элдэв юм болоогүй биз︖ -Болсон эрхэм ээ гэж Макс хариуллаа.-Отог руу харь гарагийн хүн орохыг оролдсон. Холлорен хөмсгөө өргөв. -Үгүй байлгүй дээ︖ -Тэгсэн эрхэм ээ. -Тэгээд тэр харь гарагийн хүн ч ямаршуу төрхтэй юм бэ дээ︖ -Тантай их төстэй байсан ноён Холлорен. -Ээ бурхан тэнгэр минь гэж Холлорен уулга алдав.-Тэгээд тэрийг намайг биш гэдгийг чи яаж мэдэв︖ -Тэр нууц үг хэлэлгүйгээр отог руу орохыг завдсан. Жинхэнэ ноён Холлорен тийм юм мэдээж хийхгүй байсан. -Мэдээж гэж Холлорен хэлэв.-Маш сайн байна Макси. Тэр хачин амьтан ахиад гарч ирэх эсэхийг хоёулаа сайн ажиглах хэрэгтэй боллоо шүү. -Мэдлээ эрхэм ээ. Танд баярлалаа эрхэм ээ. Холлорен хайнгадуу толгой дохив. Мань эр дотроо их л додигор байлаа. Макс өөрийн хийцийн онцлогоос болоод уулзалт болгоныг бусад бүх уулзалтаас зуун хувь салангид авч үзээд, зөвхөн уулзалт болох үеийн нөхцөл байдлаас хамааран арга хэмжээ авах болно гэдгийг мань хүн сэтгэчихсэн байв. Максад өмнөх туршлага дээрээ тулгуурлан бодох хориотой байсан болохоор өөрөөр байх ч боломжгүй юм. Максын ухамсарт нь тодорхой урьдчилсан нөхцлүүдийг оруулан программчилсан байгаа. Макс дэлхийн хүн нууц үгийг ямагт мэдэж байдаг гэдгээс үүдэн бодож байлаа. Харь гарагийн хүн нууц үгийг хэзээ ч мэддэггүй болов ч ямагт отог руу нэвтрэхийг оролдоно гэдгээс үүдэн бодож байсан юм. Тиймээс отог руу орох гэж оролдохгүй байгаа бодгаль бол харь гарагийн хүний отог руу заавал нэвтрэх гэсэн ядаргаатай хүслээс ангид гэсэн үг болохоор дэлхийн хүн биш гэдгийг нь нотлох хүртэл түүнийг дэлхийн хүн гэж авч үзэж болно. Нэлээд хэдэн хувь шингэнээ алдчихсан бие махбодитой хүн гэхэд энэ бол тун муугүй логик байгууламж мөн гэж Холлорен шийдсэн болохоор төлөвлөгөөнийх нь үлдсэн хэсэг ч адилхан амжилттай болно гэдэгт найдаж болж байлаа. -Макс би орчин тойрноо судлах явцдаа тун ч таагүй нэг зүйлийг олж мэдлээ гэж мань хүн хэлэв. -Яг юуг вэ эрхэм ээ︖ -Энэ гарагийн газрын гадаргуун хагарлын ирмэг дээр отогоо байгуулсныг илрүүллээ. Энэ бол гарцаагүй үнэн. -Таагүй мэдээ байна эрхэм ээ. Эрсдэл нь хэр их юм бэ︖ -Ихээр барах уу. Эрсдэл их байх тусам ажил их байдаг. Тэгэхээр Максаа хоёулаа отогийг өрнө зүгт хоёр миль газар шилжүүлэх хэрэгтэй боллоо. Тиймээс устай канистраа аваад намайг дагаад яв. -Гүйцэтгэе эрхэм ээ гэж Макс хариулав.-Та миний энэ даалгаврыг болиулангуут явъя.-За за тэгвэл болиуллаа гэж Холлорен хариулав.-Хурдалж үз. -Чадахгүй нь гэж робот хэлэв.-Та нууц үг хэлж, энэ үүрэгт ажлыг зогсоолоо гэж хэлээд өөр даалгавар өгөх ёстой. Тэгвэл би энэхүү өгөгдсөн хилийг хамгаалахаа больно. -Тэгэж маяглаж байх цаг алга байна гэж Холлорен шүд зуун хэлэв.-Шинэ нууц үг “Загас”. Бушуулаач дээ Максаа. Би хөрсний чичиргээн мэдэрч байна. -Би юу ч мэдрэхгүй байна. -Мэдээж мэдрэхгүй шүү дээ гэж Холлорен уурлав.-Чи бол ердөө нэг муу ХС робот болохоос тусгайлан бэлтгэгдэж, нарийн тохиргоо хийсэн мэдрэгч аппарат бүхий дэлхийн хүн биш шүү дээ. Ээ, чөтгөр ав гэж ахиад чичирч байна. Энэ удаад чи чичиргээг мэдрээ байлгүй дээ︖ -Тэглээ, мэдрэх шиг боллоо. -Тэгвэл юу хийгээд байгаа юм ажилдаа ор. - Ноён Холлорен би чадахгүй нь. Миний энэ ажлыг зогсоохоос нааш би постоо орхиж явъя гэсэн ч чадахгүй. Эрхэмээ миний өмнөх даалгаврыг зогсооно уу, танаас гуйя. -Чи минь битгий ингэтлээ сандар л даа гэж Х