ᠶᠡᠭᠡ ᠬᠤᠲᠠ ᠳᠠᠬᠢ ᠠᠮᠵᠢᠯᠲᠠ – ᠺᠢᠷᠢᠯ ᠨᠣᠮ
Ирина Хакамада Их хот дахь success www.kiebooks.comОРШИЛБетонон ширэнгинд бүтэж үхэхгүйн тулд Та ширэнгэн ойд очиж үзэж байсан уу︖ Явахын аргагүй, амьтны жим ч байхгүй, уугуул амьтад болох үнэг, хэрэм, тэр байтугай мэлхий нь хүртэл мөчрөөс мөчир рүү нисч явдаг – ийм нэвтрэшгүй ойд очиж үзсэн үү︖ Энд ганц километр зайг туулах гэж хоёр цаг зарцуулахаас гадна хамаг хүч тамираа барах болдог. Агаарын чийглэг ихтэйгээс амьсгалахад хэцүү, дээр нь хүнсний гинжний нэг хэсэг болчихгүйн төлөөх тэмцэл эцсийн хүч тамирыг минь барна. Бетонон ширэнгид амьдрах нь жинхэнэ ширэнгинд байхаас тийм ч их ялгаатай бус билээ. Бид каръерийн шатаар мацахдаа хүчилтөрөгч дутагдаад байгааг, зам харгуйнууд нь дэндүү мушгиа, өөрийнхөө жимийг бий болгох нэн хэцүү гэдгийг, эргэн тойронд маань бүгд л нэг нэгийгээ идэж байгаа болохоор цаг үргэлж чам руу ангайх амнаас бултахын хажуугаар өөрөө бусдыг тасралтгүй идэж байгаагаа ч анзаардаггүй. Каръераа хийж яваа хүн өөрийгөө байдлыг бүрэн хянаж эзэгнэж байгаа мэтээр боддог. Гэтэл хэрэг дээр бол Бетонон ширэнги гээч амьтан энд ноёрхож, өрөвдөх сэтгэлгүйгээр хүмүүсийг шахан өөрийнхөө хуулиар амьдруулдаг. Их хотод асар их энерги хуримтлагдаж байдаг. Түм түжигнэж бум бужигнах учир нэг сантиметр квадратад оногдох хүний амбицийн хэмжээ дэндүү их. Каръер хийж амжилтанд хүрэхийн тулд, хүсвэл цааш ахиж лидер болъё гэвэл өөрийгөө ялаад зогсохгүй – Их хоттой эцэс төгсгөлгүй тэмцэх хэрэгтэй болно. Бетонон ширэнги бол өрөвдөх хайрлах сэтгэлгүй. Барууны амжилтын технологи хэрхэн хамгийн лаг араатан болохыг заадаг. Хэрхэн дээш явах вэ гэдгийг. Харин, орой дээр гарсан хойно чинь юу болох тухай хэн ч сэрэмжлүүлдэггүй, зааж сургадаггүй. Барууны сургалтын концепт нь нэг иймэрхүү дүр зурагтай: Хүн албан тушаалын шатаар орой рүү өгсөн явах. Гишгүүрээс гишгүүр рүү, байнга хөл нь хөдлөөстэй /амбици нь хэсэгхэн ч доорооо зогсон амрах боломж өгөхгүй шүү дээ/. Хөл үймээн дунд, хотын утаа униар дунд, байнгын өрсөлдөөн дунд гүрийгээд л дээшээ мацаад байх. Мацаж мацаж орой дээр нь гартал бүх хүч тамир нь барагдчихсан, амьсгалж ч чадахаа байчихсан, эрүүл мэндгүй болчихсон байх. Хүссэндээ хүрчихээд байдаг – харин аз жаргал байдаггүй. Саяхан би нэг, хүссэн бүхэндээ хүрчихсэн танилтайгаа тааралдав. Тэрээр улсын компанитай гэрээ хийж чадсанаар маш их баяжсан, түүнд байхгүй юм үгүй, онгоц хүртэл байгаа. Гэтэл энэ бүх амжилтынхаа төлөөсөнд тэрээр өөрийнхөөрөө байх бололцоогүй, цаг үргэлж элдэв захирагдах ёс, хор найруулга гэх мэтийн өчнөөн дэг жаягийг барьж энэ бүх тоглоомд оролцохоос өөр аргагүй байдалд хүрсэн тул түүний өмнө эцсийн сонголт тулж иржээ: хамгийн дээд оргил руу тэмүүлэн тэр чигээрээ сэтгэл зүрхээ цэментлүүлэх үү, эсвэл, зарим нэг юмаа алдана л биз, “тоглоомоос гарч” хэнээс ч хамааралгүй чөлөөтэй амьсгалах уу︖ Өнөө үед улам олон хүн “дауншифтинг” – ийг сонгодог болж. Энэ үзэгдлийн далайц болон мөн чанарыг 60 – аад оны хиппи нарын хөдөлгөөнтэй зүйрлэхүйц болоод байна. “Дауншифтинг” гэдэг нь завилж суугаад сэтгэл бодлоо төвлөрүүлэн Их хотоос хөндийрнө. Ингэснээр, Их хот биш, харин чи өөрөө өөрийнхөө эзэн нь болно. Хотоос чөлөөлөгдөж сэтгэл бодлоо төвлөрүүлэхэд хязгааргүй орчин рүү тэмүүлэх тул хүн чиний хоёр хөлний оронд хязгааргүйн тэмдэг бий болно гэсэн үг. Хэрэв чи орой болгон завилан сууж сэтгэлээрээ хотоос, амбицаасаа зайлан явдаг, өөрөөр хэлбэл нийгмийн тоглоомны дүрмээс зугтдаг бол – чи “шифтер” болж байна гэсэн үг. Харин энэ бол хямралын зам бөгөөд энэ замаас дараа нь гарахад хэцүү байдаг. Яахав зохицолд хүрэх боловч каръер хийж бол чадахгүй.Бетонон ширэнгид өгөх хамгийн хүчтэй хариулт бол мэргэжлийн амжилтаа өөрийнхөө дотоод бясалгалтайгаа хамтатгах чадвар юм. Энэ тохиолдолд бидний хөл хөл хэвээрээ үлдэх ёстой, каръерын шатаар өгсөх билиг тэмдэг маань хөл шүү дээ. Харин өөрийн амбицийн дарамтаас хэрхэн салж үүрд мөнхөөс барьж авах вэ︖ Бидэнд чинь хоёр гар байгаа шүү дээ︕ Одоо энэ зургаа анхааралтай хар даа: юутай адилхан байна︖ Далавчтай хүн шиг байгаа биз︖ Цэвэр график байдлаар бид гарцаа олчихлоо: Их хотыг ялах, өөрөөр хэлбэл каръерын мөрөөдлөө биелүүлэхийн зэрэгцээ Бетонон ширэнгиний боол болчихгүй байх цорын ганц арга нь – нисэж сурч эхлэх. Ингэж байж л чи Их хотоос илүү өндөрт гарч чадна: хотын утаа униараас салж хүчилтөрөгчөөр амьсгална, нарыг харна, хамгийн гол нь хүч тамираа хэмнэнэ. Бетонон ширэнгээр явбал та алхаад л байна, алхаад л байна, харин нисэх юм бол хүч тамираа хэмнэж чадна. Бүргэдийг хар л даа – бусад шувуунаас дээгүүр нисэн, далавчаа илүү дэвэлгүй, агаарын урсгалыг ашиглан хөвдөг биз дээ. Энэ ном – хэрхэн бүргэд шиг нисэж сурах тухай ном. Хэрхэн каръер болон эрх чөлөөгөө, мэргэжлийн амжилтаа аз жаргалтайгаа зэрэгцүүлэх тухай ном. Бүлэг бүр live journal – аар эхэлнэ. Энэ нь миний дурьдатгал – тэмдэглэлүүд, миний амьдралд тохиолдсон бяцхан түүхүүд болно. Тэдгээрээс ямар нэгэн нууц утга хайж хэрэггүй, мөн дүгнэлт хийж бас хэрэггүй. Зүгээр л, богино хэмжээний кино үзэж байгаа мэт бод. Биеээ тайван сул орхиод мэдээллийг сэтгэл хөдлөлтэйгээр хүлээж авахыг хичээгээрэй. Ааш аягийг мэдэр. Энэ “наастраар” дамжуулаад та миний хэлэх гээд байгаа гол утгыг хүлээн авах болно. “Киноны” дараа та бид хоёрын хооронд харилцан яриа өрнөнө. Харин би уншигч бүртэй яриа өрнүүлж чадахгүй учраас миний мастер классуудад сууж асуулт тавьдаг хүмүүсээс таныг төлөөлөх хэдэн хүнийг сонгов. Хэрэв яг таныг төлөөлөх хүн энд байхгүй бол уучлаарай, миний мастер классд бүх шатны хүн ирдэггүй гэдгийг ойлгоорой. Жишээ нь, цэргийн хүмүүс ирдэггүй. Фермерүүд ирдэггүй. Ажилчин ангийн төлөөлөгчид маш ховор ирдэг. Дүрүүдэд: Андрей Андреевич – гуч орчим насны, нүдний шил, зангиа, өргөн дух, дунд салааны менежер шинжтэй, бага зэргийн “ядаргаа” “Шүгэл амьтан” – оюутан бололтой. Өрвийсэн үс, ухаантай харц, ёжтой инээмсэглэл. MalyshkaLo – Шүгэл амьтны найз хүүхэн, гэнэн нэгэн, нээлттэй харц. Клеопатра – дөч орчим насны эмэгтэй, хоёр дахь боловсрол нь – сэтгэл зүйч боловч хувийн амьдралд нь энэ боловсрол нь тус болсон юм байхгүй. Муур – гял цал фэшн хүүхэн, өөрийнхөө ухаан болон гадаад үзэмжийг бусдад гайхуулдаг нэгэн.Профессор – дөчөөс тавин настай, хуучин тогтолцооны том дарга. Энэ дүрүүдийн тавих асуултууд нь хамгийн их тавигддаг асуултууд, нэгийг нь ч би санаанаасаа зохиогоогүй. Тийм болохоор бүлгийн энэ хэсэг нь FAQ ︵frequently asked questions︶ : байнга тавигддаг асуултууд гэдэг нэртэй. Одоо энд та биеэ чангалж эхэлж болно: тайван боловч анхааралтайгаар уншаарай. Асуултыг нь уншаад чухал биш юм байна гээд орхих хэрэггүй, яагаад гэвэл хариулт нь асуултаасаа хавьгүй өргөн хүрээтэй байгаа: чухам энд л мастерклассын маань мөн чанар нуугдаж байгаа юм шүү. Амьдралаас татсан жишээнүүд бүхий гол жорууд энэ сонирхолгүй мэт асуултуудын хариу дотор байх болно. Бүлэг тус бүрийг keys – түлхүүрүүд хаана. Энэ нь богинохон, маш тодорхой дүгнэлтүүд – хуурай үлдэгдэл байх болно. Тэдгээрийг л та түлхүүрний оосортоо хэлхээд халаасандаа хийх ёстой юм. Хэрэгтэй цагт тэд танд хаалга онгойлгож өгөх болно.НЭГДҮГЭЭР БҮЛЭГLIVE JOURNAL АМЬГҮЙ БАЙХ ЯМАР САЙХАН ЮМ БЭ Name: Khakamada Data: 12.01.07︔ 00.56 a.m. Хүүхэд бүрт өөрийн гэсэн нандин мөрөөдөл байдаг. Тийм ээ, ихэнхидээ маш нандин, маш агуу мөрөөдөл. Би ч үүнийг тойроогүй бөгөөд, аливаа царай муутай, ичимхий амьтны адил, тэс эсрэг зүс царайтай болохыг мөрөөддөг байв. Би . балетчин болохыг мөрөөддөг байсан юм︕ Балетын хувцастай, гоолиг турьхан, гэхдээ яагаад ч юм шаргал үстэй, цэнхэр нүдтэй амьтан тайзан дээгүүр нисэн бүжиглэж байна гэж зүүдэлдэг байв. Ээж маань намайг балетын сургууль руу дагуулаад явахад би замдаа тэнцэхгүй байх вий гэж айснаасаа, мөн мөрөөдөлдөө хүрэх галт тэрэгний тийзийг авахыг дэндүү их хүсч байснаасаа болоод бараг л дагжин чичирч байлаа. Шалгалт нь маш богинохон байсан бөгөөд миний сунгалтыг л үзсэн тест байв. Намайг зангидах гэж үзэхэд би зангилаа биш, харин эв хавгүй олон өнцөгт л болж чадсан тул намайг аваагүй юм. Дараа нь ээж маань дахин намайг урлаг уран сайхны ертөнц рүү оруулах гэж үзэн Дунаевскийн нэрэмжит хөгжмийн сургуульд шалгуулахаар аваачив. Тэр яараа, толгой, дух, хамрандаа ойрхон байрлалтай нүднээсээ авхуулаад урт хуруунууд хүртлээ нарийхан эмэгтэй над рүү нэг их өршөөнгүй харцаар харснаа өөрийгөө дагаад алгаа таш гэв. Би бас л сандраад, чичрээд ирэв. Би түүнийг даган алгаа ташмар аядаж байснаа дуусгахаасаа өмнө надад энд хийх юм байхгүй юм байна гэдгийг ойлгов. Хөгжмийн ордноос гарч ирснийхээ дараа би учиргүй сэтгэл хөнгөрөн “ийм багшийн гарт орж байснаас шалгалтанд тэнцээгүй байсан нь дээр” хэмээн бодож билээ. Үүнээс хойш олон жил өнгөрөв. Энэ хугацаанд би есөн шидийн юмны талаар мөрөөдөж амжсан, бас эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн, доцент болсон, тэр ч байтугай хоршооллын үеэр бизнес–леди байж мөнгө ч хийж амжсан билээ. Би их буурьтай, ажил хэрэгч байдлаар, гэхдээ амьдралын хараатайгаар – өөрийгөө болон хүүхдүүдээ оролцуулан, өөрийнхөө боломж чадлыг тооцоолон, эцсийн дүндээ хэрхэн өөрсдийгээ мөр бүтэн гэдэс цатгалан явуулах талаар л мөрөөддөг байсан юм. Гэтэл гэв гэнэт, 1992 онд энэ болсон юм. Би нэг л өөрөөр мөрөөддөг болчихов. Яг хүүхэд байсан шигээ, өвдгөө чичиртэл. Мөрөөдөл маань яагаад ч миний эдийн засгийн тооцоо, ухаалаг ирээдүй, тэр тусмаа бодит боломжинд багтахгүй байлаа. Би холбооны улстөрч болж төр засгийн шийдвэрийг гаргалцаж байхыг хүсэв. Энэ хүсэл миний толгойд нэгмөсөн, оюун ухааны маань бүх зайг бага багаар давшилж эзлэн суурьшиж байв. Тэгээд эргэлт буцалтгүйгээр төвхнөж аваад мөрөөдөл маань цаашаа урсаж дотоод ухамсар рүү минь орсноор би нэгэн, зүүд гэхээсээ илүү ашиглалтын заавар гэмээр зүүд зүүдлэв: 1. Хэрэв улстөрч болохыг хүсч байгаа юм бол холбооны парламентаас эхэл. 2. Москва хотын нэг дүүргийг сонгоод багаа болон мөнгөө бүрдүүл. 3. Хойтон жил болох Оросын анхны парламентын сонгуульд энэ дүүргээсээ нэр дэвшин оролц. 4. Ялаад депутат бол. Тэгээд бөөн баяр болсон амьтан сэрээд, бодлогын шийдвэр ийм амархан байсныг гайхаад, тэмцэлд гарахдаа бодсон ч үгүй: чөлөөтэй дүүрэг болон багийг олж авах хэцүү, мөнгө цуглуулах боломжгүй гэдгийг. Яс үндэс – хүйсийн шалтгаанаар. Япон овог, ази зүс царай, тэгээд бас эм хүйстэн. Обама болон Хиллари нэг лонхонд, гэхдээ Америкт бус – Орос Улсад. Нээрээ. Би үнэхээрийн байдлыг дүгнэн шинжилгүйгээр, шууд л мөрөөдлөө унан нисэж байлаа. Улам л дээшээ дүүлэн нисэж байв. Гэв гэнэт санаанд оромгүй, зүүдлээ ч үгүй, хэрэв хүн надад ярьсан бол би муухан боевикийн хар сэдэв байна гэж хэлэхээр юм болдог юм байна. Тэр үед би гүйж байгаад дүүргээ ч олоод авчихсан, баг болон мөнгөө ч бүрдүүлээд чадчихсан байсан юм. Дашрамд хэлэхэд, бизнес нөхдүүд маань ч, нөхөр маань ч, найз нар маань ч миний улстөрийн ирээдүйд итгээгүй бөгөөд, урьд нь таньдаггүй байсан хүмүүс л миний холбоотон болсон юм шүү.Надтай өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэр дэвшигчдийн дунд 90 – ээд оныхон шиг нөхөр байв. Хууль ёсны дээрэмчин. Бүх юм нь хуулийн дагуу юм шиг боловч тэр аяараа гэмт хэрэгтэн. Клуб, кафены нэрэн доор байнга цуглардаг газартай, тийм гэж тодорхойлохын аргагүй бизнестэй. Надад янз бүрийн дохио өгөөд л байдаг, харин би далавчаа л дэвэхээ мэддэг, бууж өгөөд дүүргээсээ явах талаар ерөөсөө бодохгүй байхгүй юу. Мэдээж энэ байдал ямар нэгэн зүйлээр дуусах л ёстой шүү дээ, тэгэсгээд шимэгдчихдэггүй болохоор. Намайг хэлэлцээрт урьлаа. Клубтээ. Би ч том охин болчихсон болохоор эрсдлийг бодолгүй яахав, нэг хамгаалагч - гэхдээ мэргэжлийн биш, зүгээр л афганистаны дайнд оролцож байсан залуу - дагуулаад очлоо. Биднийг Өөрөө нөхөдтэйгээ угтлаа. Би сандал дээр суугаад шууд л байдлыг дүгнэв: миний хамгаалагчаас хамаагүй олон тооны этгээд байна, зодолдоод л лав дийлэхгүй нь. Одоо тэгээд яахав︖ Нэгэнт ирсэн юм чинь, хаашаа зайлахав, /гар утас тэр үед байдаггүй байсан/ ярилцаж л таарна, эхлээд сонссон нь дээр. Хэрэв яахаа мэдэхгүй байгаа бол цаг хожихыг бодох хэрэгтэй. Яаж︖ Анхааралтай сонсон инээмсэглэж, толгой дохин, айснаасаа болоод чих чинь дөжирчихөөд байгаагаа харуулахгүй байх хэрэгтэй. Хамгийн сонирхолтой нь, би үхэхээсээ айсандаа биш, мөрөөдөл маань биелэхгүй нь гэж гомдсондоо зүрх савлаад байв. Хичнээн хүсч байлаа. Яг л хүүхэд насандаа хүсдэг байсан шигээ. Дахиад л бүх зүйл давтагдах гэж үү︖ Харин сүртэй эгч нарын оронд энэ удаа - зэвүүн ах. Би тэвчээртэй сонсож байв. Эелдэг мөртөө даралттай үгнүүдийг нь сонсоод л байж байтал гэнэт би нэг л сонин болоод ирэв. Дараа нь, бүх юм дууссаны дараа би, тэр үед л жинхэнэ насанд хүрсэн том хүн болсноо ойлгосон юм. Би тайвшраад эхлэв. Зүрх минь чамархайнд минь цохилохоо больж дотор минь хоосрох шиг болов. Юу ч сонин биш болж ухаан сэтгэл минь цагаан мананд умбаад ирэв. Тэгээд “мэргэжил нэгт” нөхөр маань эцсийн “тэгэхгүй бол чамайг зүйл дуусгана” гэж хэлэхийг сонссон тэр мөчид би хүв хүйтэн, амьгүй бие болов. Ямар ч эмоцигүй, ямар ч хүсэл бодолгүй, надад хамаагүй, юу ч огт хамаагүй, яасан ч яахав болов. “Нөхдүүд” миний реакцийг хүлээн чимээгүй болов. Би сандалнаасаа алгуурхнаар босоод хэсэг дуугүй байснаа ийнхүү палхийлгэв: “Нэгдүгээрт, дүүргээсээ явахгүй, хоёрдугаарт, эцсээ хүртэл тэмцэлдэнэ, гуравдугаарт, та нарын инээд хүрэх байх л даа, гэхдээ та нар надад ялагдана. Та нар намайг биш, би та нарыг зүйл дуусгана, сонгогчид та нарыг зүйл дуусгана. Яагаад гэвэл та нараас бүгд залхаад байна. Худлаа бүлтрэхээс өөр та нарт юу ч байхгүй, юу ч чадахгүй. Харин би бол соёлтой эмэгтэй, би эмэгтэй болохоор – ялна, харин та нар бол – ялагдана. Баяртай, намайг хүргэж өгсний хэрэгггүй.” Би хэрхэн гадаа гарснаа ч анзаарсангүй. Хажууд минь хамгаалагч маань бодлогоширон явж байв. Сэтгэл хөдөлснөөсөө болоод дахиад л чих маань дөжирчихөв – амьдралыг бататгах шат руу шилжих эхний шинж тэмдэг минь. Энэ өдөр л би, хүүхэд байх үеээс надад байсан, бүтэлгүй, урагшгүй амьтан болохоос айдаг айдсаа ялсан юм байна гэдгээ ойлгосон. Би тэр сонгуульд ялсан. Москвагийн Орехово – Борисово дүүрэгт, тэр үед ядуухан байсан Москвагийн урд дүүрэгт. P.S. Миний өрсөлдөгч мачо ялагдсанаа мэдээд уурандаа сонгуулийн кампанийн үеээр надаас мөнгөөр цохиж авсан байсан миний хуучин туслагчийн толгойд сандал хугалсан гэсэн. Бурханы авралаар, толгой нь бүтэн үлдэж. Энэ ч гол зүйл шүү: толгойгоо бүтэн авч үлдэх.FAQ ︵frequently asked questions︶ Муур хатагтай: Би сайн ойлгосонгүй ээ. Уул нь марзан л сонсогдож байна л даа, гэхдээ энийг чинь албаар хэрэглэж болохооргүй л юм биш үү. Энэ чинь ердөө л таны тухайн үеийн ааш аяг л байсан шдээ. Энд чинь арга барил гээд байх юу байгаа юм бэ︖ Та тэгээд энийгээ ашиглаж болно гэх гээд байгаа юм уу даа︖ Чухал, шийдвэрлэх уулзалтын өмнө, өөрийгөө “амьгүй байдалд” оруулахын тулд, сэтгэлдээ уулзалт хэрхэн амжилтгүй болж байгааг /сөрөг байдал/ дүрслэн төсөөлөөд энэ тохиолдолд ажиллах төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Ингэснийхээ дараа эерэг байдал руугаа буцаж ороод “ханцуйгаа шуугаад” тэмцэхээр гарна. Сөрөг байдлыг нэвтлээд цаана нь гарчихсан байгаа шүү дээ та, тэгэхээр одоо та хуягтай болчихож байгаа юм, цэрэг тайж шиг. Өөрийгөө хуягтай цэрэг тайж гэж төсөөлсөн ч болно. Андрей Андреевич: Ингэхэд, үхнэ гэдэг чинь өөрийнхөө зорилгыг хайхрахаа больчихно, зорилгоо үл тооно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чинь та идэвхигүй болно гэсэн үг︕ Ямар ч хүч байхгүй︕ Бүх зүйлээ тавиад туучихаж ч магад︕ Ялагдал бол – айдсын үр дагавар. Айдсаа зайлуулчихвал – ялалтаа