ᠣᠼᠧᠧᠣᠯᠠ ᠪᠠᠭᠠᠲᠣᠷ - ᠺᠢᠷᠢᠯ ᠨᠣᠮ
Майн Рид ОЦЕОЛА БААТАР www.kiebooks.comОРШИЛ Английн нэрт зохиолч Томас Майн Ридийн ︵1818-1883︶ “Зоригт анчин багачууд”, “Морь унасан толгойгүй хүн”, “Цагаан бээлий”, “Зоригт анчин бүсгүй” зэрэг олон сайхан бүтээлтэй манай уншигчид эртнээс танил билээ. Ирланд нутгийн хүү Майн Рид английн байлдан дагуулагчдын эсрэг удтал тэмцсэн ард түмнийхээ нэг адил эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгчдийн хайрлн хүндэтгэж чаддаг байжээ. Майн Рид их зохиолч байсан төдийгүй дарлагдсан ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө явуулсан тэмцэлд идэвхтэй оролцож, Евроын 1848, 1849 оны хувьсгалыг талархан дэмжиж байв. 1840 онд Америкийн Нэгдсэн Улсад очиж сэтгүүлчээр ажиллан, америк-мексикийн дайнд оролцож байсан ба 1849 онд Унгарын ард түмний тэмцэлд оролцохоор Европ буцаж очжээ. Майн Рид зохиолдоо адал сонин явдлыг Америкийн дарлагдсан ард түмнүүдийн зовлон зүдгүүр, шантаршгүй тэмцэл, боолчлолыг эсэргүүцсэн үзэл санаатай гайхамшигтайгаар хослон үзүүлсэн байдаг “Оцеола баатар” хэмээх эл номдлоо Европын колоничлогчидтой гурван зуу гаруй жилийн турш индианчуудын язуулсан амль хайргүй, шударга, баатарлаг тэмцлийн эмгэнэлт үр дүнг харамсан өгүүлжээ. Семинол овгийн удирдагч Оцеолын яруу сайхан дүрд эрх чөлөөг эрхэмлэгч чин зоригт индиан ард түмний хүсэл эрмэлзэл нэвт шингэсэн байдаг юм. Энэ зохиолд Америк тивийн үржил шимт баян тансаг Флорида нутгийн уугуул хүн ам болох Семинол овгийн индианчуудыг эх орноос нь зайлуулж, “индианы нутаг” гэгч өрнөдийн цөл газар руу хөөж газар орныг нь булаан авахаар АНУ-ын засгийн газар элдэв арга заль хэрэглэж, давуу хүчээрээ далайлган сүрдүүлж байвч индианы ард түмний хатан зоригийг нугалж чадаагүй, тэд өлгий нутгийнхаа төлөө эцсээ хүртэл тулалдаад аргагүйн эрхэнд хүчинд автан өрнө зүг одсон эмгэнэлт түүнийг дүрслэн гаргажээ. Шударга чигч, хүнлэг, мятаршгүй зоримог зан чанар, дарлал, ноёрхол, тэгш бус байдлыг жигшин тэмцэгчийг Оцеолын дүрээр харуулсан бол зусарч, хуурмч, ашиг хонжоо олж баяжихын тулд юу ч хийхээс буцдаггүй, нүнжиггүй, аймхай хулчгар хүнийг Агенс Рингольд, Спэнс, Вилъямс, Шар Жек нарын дүрээр гаргажээ. Оцеола бол түүхэн хүний дүр юм. Америкийн Коммунист Намын нэрт зүтгэлтэн Виллъям Фостер “Америкийн улст өрийн түүхийн тэмдэглэл” номдоо инданы ард түмний XIX зууны эхний хагасын чөлөөлөх хөдөлгөөний өрнөлтийг дүрсэлсэн байдаг. Эл номдоо Оцеолыг индианы ард түмний нэрт удирагдчын нэг гэж тэмдэглээд “Оцеолын гарамгай удиррдлага дор, индианчууд босуул негр боолчуудын дэмжлэгтэйгээр долоон жилийн турш АНУ-ын цэрэгтэй амжилттй тулалдсан байх юм. Энэ бол индианчуудын хийсэн хамгийн ширүүн бэрх тулалдаан байлаа. Семинол овгийн нийт хүн амаас гурав дахин илүү хүнтэй АНУ-ын цэргийн довтолгоон бүрийг семинолчууд няцааж байв” гэжээ. Семинолчуудын баатарлаг тэмцлийг урвагчдын тусламжаар л дарж чадсан юм. Оцеолыг тулалдааны талбарт ялж чадахгүйдээ хорссон америкчууд гар хүрэхгүй хэмээн амлаад хэлэлцээр хийх нэрийдлээр мэхлэн баривчилжээ. Оцеола тийнхүү хоригдож байгаад удалгүй нас нөгчсөн аж. Оцеолын амь үрэгдсэнийг ашиглан найрамдал байгуулах талынхан АНУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийж, зэвсгээ хураалгаж, америкчуудын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч Оцеола ба түүний дайчдын баатарлаг жишээ семинолын ард түмний цаашдын амьдралд том үүрэг гүйцэтгэжээ. Хүнлэг үзлийг эрхэмлэж, эрх чөлөө, шударга ёсыг магтан дуулсан Майн Рид дэлхийн янз бүрийн оронд хамгийн их алдаршсан зохиолчдын нэг мөн бөгөөд зохиол бүтээлүүд нь уншигчдын сонирхлыг зүй ёсоор татдаг билээ.ЦЭЦГИЙН ОРОН Linda Florida︕ Цэцгийн сайхан орон оо︕ Хөлөг онгоцныхоо хошуун дээрээс чиний эргийг анх олж хараад, адал явдал хайгч зоригт испани эр чамтай ийнхүү мэндэлсэн ажээ. Тэр өдөр нь Далдуу модны ням гариг хэмээх цэцгийн баярын өдөр тохиолдсон тул сүсэг бишрэлтэй Кастили нутгийн хүн маань ихэд билэгшээсэн байна. Тэгээд ч чамайг Флорида гэж нэрлэсэн агаад энэ бардам нэрдээ чи үнэхээр зохижээ. Тэр явдлаас хойш гурван зуун жил өнгөрөв. Чи тийнхүү нэрлэгдсэнээс хойш бүхэл бүтэн гурван зуун улирал өнгөрсөн боловч энхрий нэр чинь эгнэгт үлдсэн билээ. Одоо чи, гурван зуун жилийн тэртээ Хуан де Леон чиний эрэг дээр анх хөл тавьсан тэр үе шиг л цэцгээр хучигдаад, бурхын бүтээсэн яг тэр янзаараа үзэсглэн төгөлдөр хэвээр байнам. Ой мод чинь онгон аглаг хэвээрээ, хээр тал чинь ногоорон халиураад, төгөл шугуйд чинь гоньд, амтат зүржийн мод, замбага, улаан баян цэцгийн сайхан үнэр анхилсаар л байнам. Тал хөндийд чинь номин өнгөт икс гялалзаж, усанд чинь алтан дагинас тусдаг хэвээр. Намаг балчигт чинь аварга том агар, лужир бүдүүн царс, бохьт ба инжил модод сүглийн саглайна. Мөнгөлөг элсээр хучигдсан дов толгодыг чинь шилмүүс нь дал модны навчистай орооцолдон ургасан нарс хөвөөлөн хүрээлсэн хэвээр байна. Ургамлын адтай сонин хослолтой билээ. Урин дулаан, өн баян нутагт чинь умард, өмнөдийн модод мөчрөө нийлүүлэн ургажээ. Үзэсгэлэнт Флорида. Чамайг харсан хүний сэтгэл хөдлөхгүй байж яахан чадна︕ Чамайг өгөөмөр баян орон гэдгийг хэн мэтгэх вэ︖ Чиний өврөөс залуу насны шидэт булаг, мөнхийн рашаан оргилдог хэмээн энд ирсэн анхны аялагчид итгэдэг байсныг одоо хэн ч гайхахгүй буй заа︕ Энэхүү сэтгэл татам таатай мөрөөдөл олон хүний ухаан санааг эзэмдэн, түүнд үнэхээр итгэж байсныг гайхалтгүй юм. Энэ цуурхал, чиний тунгалаг усанд шумбахыг эрмэлзсэн адал явдал хайгч мянга мянган хүний анхаарлыг Мексикийн цагаан мөнгө, Перугийн шар алтнаас ч илүүгээр татсан билээ. Тийм эрэлдээ олон мянган хүн залуужихын оронд хөгширч, зарим нь тэрхүү оргүйх оосон зүйлийн хойноос шамдан хөөцөлдсөөр амь үрэгддэг байжээ. Гэвч үүнийг гайхах хэрэг байна уу︖ Гэтэл одоо ч гэсэн үүнийг хуурамч цуурхал гэдэгт эргэлзэж байхад тэр романтик цагт итгэхэд бүр ч хялбар байлаа. Шинэ ертөнц нээгдэж бйхад амьдралын талаар шинэ онол гарч яагаад болохгүй билээ︖ Навчирс нь хэзээ ч шарлан унадаггүй, цэцэг нь хэзээ ч гандан хатдаггүй, шувуу мөнхөд жиргэн донгодсон, өвөлгүй зунгаараа, үхэл мөхлийн ямар ч ул мөргүй, тийм нутаг юм гэж хүмүүс боджээ. Чингэхээр, тийм ерөөлт сайхан нутагт хүн бас л мөнхжих болов уу хэмээн төсөөлөн итгэхэд үнэхээр хялбар байсан бус уу︖ Тэр гэнэн мөрөөдөл хэдийн арилсна боловч түүнийг төрүүлсэн гоо үзэсгэлэн нь үгүй болсонгүй. Үзэсгэлэнт Флорида, чи яг хэвээрээ, цэцгийн орон хэвээрээ үлджээ︕ Ногоон төгөл шугуй, цэлмэг хөх тэнгэр, тунгалаг ариун ус чинь хэзээний байсан чигээрээ байнам. Дур булаам байгаль чинь огт хувирсангүй︕ Гэсэн ч юу нь чухам өөр болсныг би ажлаа. Байгаль хувираагүй авч хүмүүс нь яав аа︖ Төрүүлж өсгөсөн хүрэл царайт үр сад чинь хаана байна︖ Бараа нь ч харагдахгүй байна. Одоо тал хөндийд чинь улаан арьстан үзэгдэхийг больж Европ, Африкийн цагаан, хар арьс хүмүүс л байх болжээ. Нэгэн цагт чамайг эзэгнэн амьдарч байсан эртний тэр ард түмнээс эдүгээ ганц нь ч үл харагдана︕ Тэд хаана байна вэ︖ Чамайг орхин оджээ. Бүгдээрэ оджээ︕ Цэцэгт зөргөөр чинь тэд хэзээ ч алхлахаа больж, тунагалаг гол мөрний чинь урсгалыг хавчаахай завь нь зүсэн хөрөхөө болиод, тэдний дуу хоолой анхилуун ой тайгаар чинь цуурайтаж, татсан нумынх нь хөвч моддын чинь дунд исгэрэн шүнгэнэхээн больжээ. Тэд чамаас алс хол, үүрд салан одсон байна. Гэвч тэд хүслээрээ орхиж яваагүй. Тэгэх сэтгэлтэй хүн нэгээхэн ч байж чадна гэж үү︖ Үгүй ээ, үзэсгэлэнт Флорида︕ Улан арьс үрс чинь чамд үнэнч хэвээр авч бусдын эрхэнд гүн их уй гашуу амсан байж чамаасаа хагацжээ. Тэд залуу халуун насныхаа элгэн хайрт нутгаа эрслэн хамгаалж, үеийн үед суу залиа цуурайтуулсан аймшиггүй тэмцлээ өнө удаан үргэлжлүүлж байлаа. Цайвар царайтнууд бүхэл бүтэн их цэргээ алдаж, үхлийн олон тулалдаан хийсний эцэст л инданчуудыг төрөлх нутгаас нь шахан гаргасан юм. Тэд хүслээрээ яваагүй. Бэлтрэгийг эхээс нь хүчлэн салгах адил тэднийг өврөөс чинь суга татан гаргаж алс орнө зүг хөөжээ. Жаргах нарны зүг одохдоо өр зүрх нь уй гунигаар дүүрч,хөл нь тушаастай юм шиг байжээ. Доголон нулимстай, дуу шуу ч үгүй сажлан байсан тэдний нэг нь ч хүслээрээ тэгж яваагүй юм. Тэд чамайг орхих хүсэлгүй байсныг гайхах хэрэггүй. Тэдний уй гуниг хичнээн их болохыг би даанч сайн ойлгоном. Би ч бас цэцгийн орны үзэсгэлэнт байгальд бахдан цэнгэж, чамаас салахдаа бас л дурамжхан байсан билээ. Миний бие сүрлэг ойн чинь сүүдэрт зугаалж, тунгалаг усанд чинь шумбан байхдаа залуу насаа эргүүлэн авчрах гэж нйдсандаа бус, эрүүл энх зол жаргалыг биеэрээ амсах гэсэндээ билээ. Замбага, дал модны чинь ногоон ширэг дээр биеийн чилээ гаргаж байсан минь олонсон. Гүн цэнхэр тэнгэрийн чинь ширтэн хэвтэхдээ, Аяа, ертөнц дээр диваажин бий юу гэвэл Үүнийг хар, өмнө тань байна︕ Хэмээсэн дорнодын нэгэн яруу найрагчийн шүлгийн мөрийг сэтгэлдээ давтан давтан байдаг сан.БУДАГТ НОГООНЫ ТАЛБАЙ Миний эцэг будагт ногооны талбайн эзэн Рэндольф гэдэг хүн байлаа. Намайг түүний бүтэн нэрээр Жорж Рэндольф гэнэ. Миний судсаар индианы цус гүйх бөлгөө. Миний эцэг, Покахонтас гүнжийн удмын Роанокийн Рэндольфын гэр бүлээс гаралтай хүн байлаа. Эцэг маань индиан гаралтайгаараа бахархаж, бараг л бардамнадаг байлаа. Энэ үг, ялангуяа европ хүний чихэнд тун хачирхалтай сонсдож магад боловч индианы цус холилдсон Америкийн цагаан арьстан хүн язгуур гарлаараа бахархдаг нь маргаангүй үнэн билээ. Индианы эрлийз байх нь, тэр тусмаа хөрөнгө чинээтэй байвал ичгүүртэй зүйл огт биш. Индианчуудын өгөөмөр сэтгэлийн тухай бичсэн олон арван боть ном ч, бид тэднийг өвөг дээдсээ хэмээн зөвшөөрөхдөө огтхон ч зовохгүй байгаа энэ ганц баримт шиг тэдний агуу гайхамшигт чанарыг зохих ёсоор нь харуулж чадахгүй биз ээ︕ Хэдэн зуун цагаан арьстан гэр бүл өөрдсийгөө Виржинийн гүнжийн үр сад хэмээн нотлон өгүүлдэг билээ. Тийнхүү нотолдог нь үнэн л бол гоолиг Покахонтас нь эр нөхрийнхөө хувьд юутай ч зүйрлэшгүй сахиус байжээ. Би эцгийгээ Покахонтс гүнжийн үр удам үнэхээр мөн гэж боддог. Ямар ч байлаа гэсэн “эртний захирагчийн” сурвалжит гэр бүлээс гаралтай хүн байсан юм. Залуу зндан цагтаа хэдэн зуун хар арьстан боолтой байсан авч хэтэрхий элбэг дэлбэг найр хурим, дайллага цайллага баян чинээлэг эдлэн газры нь хоосруулж, өв хөрөнгий нь үрэн таран болгосон байна. Тийм доромж байдалтайга эвлэрч эс чадсан тул үлдсэн бүх хөрөнгөө хамж аваад шинэ амьдрал зохиохоор өмнө зүгийг зорин ирсэн ажээ. Манай гэрт ийм өөрчлөлт гарахаас бүр өмнө би төрсөн болохоор Виржини миний төрсөн нутаг болно. Гэвч Флорида нутгийн Сувани хэмээх үзэсгэлэнт голын эрэг дээр байхад минь нутгаа гэх сэтгэл анх удаа төрсөн билээ. Чухам энд л миний хүүхэд ахуй цаг өнгөрч, залуу насны баяр баясгалан, хайр дурлалын гал дөлийг анх мэдэрсэн юм. Тэр үед манай гэр орон ямаршуу байсныг би сайн санаж байна. Ер нь бага насаа өнгөрөөсөн газар санаанаас тийм амархан арилчихааргүй даанч тод үлддэг ажээ. Манай гэр ямар байсныг дүрслэн өгүүлье. Тод ногоон хөшигтэй цонхнуудтай, эргэн тойрон тагт бүхий цагаан өнгөт гоёмсог “царсан” байшин байна. Тагтны өргөн дээврийг гоё сийлбэртэй модон баганууд тулжээ. Байшингийн өмнө этгээдэд цэцэгт нуга, зүүнтэй нь амтат зүржийн төгөл, баруунтай нь өргөн уудам цэцэрлэг байх агаад намхан сараалжин хайсаар байшинг тусгаарласан байна. Голын эрэгт бараг нов ногоон аглаг нуга цааш үргэлжилнэ. Яг энэ хэсэгтээ голын ус тохойрсон байх нь модот эрэг бүхий том нуурыг санагдуулна. Голын дунд орших хүйлсүүд агаарт тогтсон мэт ажээ. Зүсэн зүйлийн зэрлэг шувуу усан дээгүүр эргэлдэн зарим нь усанд шумбан хөвнө. Тэрхүү алгагт хурц үзүүрт урт навч бүхий аварга дал мод, дэвүүр хэлбэрт өргөн навчит бяцхан бадар, замбага, анхилуун гоньд, солонгын өнгөт титэм бүхий юкки зэрэг тэр нутгийн ургамал ургадаг билээ. Мөнх ногоон навчис нягт хучсан урт урт мөчир нь газарт өргөн сүүдэр буулгасан аварга том царс мод нүднээ тусна. Түүний сүүдэрт алтлаг өнгөөр солонгорон гялалзах цагаан алчуур урт цухуйлган зангидаж, зуны хөнгөн хувцас өмсөөд, гаршуулан дасгасан марал, бяцхан цоохор янзагатай тоглон буй хөөрхөн охин бол миний ганц дүү Виржина билээ. Ээжээс өвлөн авсан алтлаг үс дүүгий минь индиан гаралтайг харуулж чадахгүй нь лавтай. Виржина зүрж хальслан хайртай амьтда хооллох агаад тэд нь амтат зүржид жигтэйхэн дуртай байдагсан. Дүүгийн бас нэг хайртай амьтан гилгэр үст, сагсгар сүүлт бяцхан хар хэрэм хажууд нь цомцойн сууна. Хэрэмний огцом хөдөлгөөн янзагыг үе үе цочоох тул хөөрхий аймхай янзага эхдээ наалдах буюу эсвэл дүүгээс минь аврал эрнэ. Энэхүү байдал өөртөө зохилдсон хөг аялгуутай аж. Амтат зүржийн төгөлд үүрлэдэг алтан гургалдай дуулахад тагтан дээр буй заараг шувуу торон дотроосоо дууриаж мөн говь моддын дунд эргэлдэн нисэх улаан хамбага, хөх ятга шаазгайг хөгжилтэйгээр давтан дуулна. Голын эрэгт ургасан өндөр том агарын үрийг тоншин буй ногоон тотийг элэглэн бувтнана. Мөнгөлөг жигүүр нь агаарт гялалзах тутгалжин, эсвэл нуурын арлуудын тэртээгээс билүүс исгэрэхэд мөн л дууриадагсан. Нохой хуцах, муур мягуучлах, луус орилох, морь янцгаах, тэр ч бүү хэл хүний дуу хоолойг, ер есөн шидийн аялгууг хосгүй дууч энэ шувуухай дууриаж чаддаг билээ. Байшингийн хойно дээр өгүүлснээс эрс ялгаатай төдий л аятай бус боловч түүнээс дутамгүй хөл хөдөлгөөн болж байв. Тэнд манай эдлэнгийн ажил ид өрнөж байдагсан. Торон хашаагаар хүрээлсэн уудам их талбйа манай байшинхүртэл үргэлжлэх агаад төвд нь хагас акр газар эзэлсэн аварга том асар байна. Тэрхүү асрыг бат бэх модон баганууд тулжээ. Асрын дор мод хонхойлгон үйлдсэн гонзгойвтор том том торх харагдана. Давхарлан байрлуулсан гурван торхыг хооронд нь цоргоор холбожээ. Энэ торхнуудад будаг хэмээх үнэт ургамлыг дэвтээгээд цэнхэр өнгийн будаг гарган авдаг билээ. Талбайгаас зайдуухан газар нэгэн хэлбэрийн олон жижиг байшин эгнэн ярайх нь негрүүдийн овоохой бөгөөд бүгд л амтат зүржийн төгөл дунд нууцхан байрлажээ. Боловсорсон үр жимс лавын цагаан цэцэгсийн анхилуун үнэр нилдээ ханхална. Манай гэрийн өмнөх нугын чимэг аварга дал модтай ав адилхан моддын зарим нь бяцхан байшингуудын дээвэр дээгүүр харагдаж, зарим нь дээрээс нь нөмрөн ургасан үзэгдэнэ. Ногооны газарт харуулдаагүй гуалингаар хааш яаш барьсан, банзан дээвэр бүхий байр бол морины жүчээ, ногооны зоорь, гал зуухны зориулалттай байр байв. Гал тогооны газар, анхилуун царсан баганаар цуудас банзан дээврийг нь тулсан задгай гудмаар гол барилгатай холбогддог байлаа. Ногооны газраас цааш зах нь тэнгэрийн хаяатай нийлсэн, агарын бараан ойн эмжээрт өргөн уудам тал үргэлжилнэ. Чухам энд л будагт ногоо ургадаг юм. Дашрамд хэлэхэд бас өөр янзын, тухайлбал: эрдэнэ шиш, амтлаг төмс, цагаан будаа, нишингэ гээд л олон зүйл ургамал тарьдагсан. Манайх идэшний ногоогоо худалддаггүй, зөвхөн хоолондоо хэрэглэдэг байв. Будагт ногоог хоорондоо зайтай, шулуун мөрөөр тарина. Гэрийн нялх хошингортой төстэй навчис нь дөнгөж соёолсон будагт ногоо байхад аливаа буурцагт ургмал нь онцлог шинж бүхий цайвар ногоон өдлөг навчист ︵будагт ногоо нь ургамлын энэхүү бүлэгт багтана︶ бүрэн боловсорсон хоёр алд илүү өндөр будагт ногоо тагнай өвсийг санагдуулна. Энэ мэтээр боловсролынхоо янз бүрийн шатанд байна. Удган эрвээхэйтэй төстэй цэцэгс нь хариугүй дэлгэрэх дөхөвч цэцэглэж амжих нь тун ховор. Тэрхүү хондон улаан цэцэгсийг тэс өөр, хайр найргүй тасчих хувь тавилан хүлээж байдаг ажээ. Ногооны хашаанд ч, будгийн тариалангийн талбайд ч хэдэн зуун хүн хөдөлмөрлөнө. Тэдний нэг хоёроос бусад нь бүгдээрээ африкчууд, бүгдээрээ боолчууд агаад олонх нь негр боловч дан хар арьстнууд биш байв. Тэдний дунд эрл