ᠪᠣᠷᠬᠠᠨ ᠪᠠᠭᠰᠢ ᠶᠢᠨ ᠰᠣᠷᠭᠠᠯ
Бүккё Дэндо Кёкай БУРХАН БАГШИЙН СУРГААЛЬ “Бурханы шашин бол сэтгэлийн хөөрөл догдлол бус, харин сэтгэл оюуны боловсрол, гэгээрэл билээ. Сэтгэлийн энх амгаланг олох нь манай шашны амин сүнс. Гэхдээ оюун ухааны Бурхан хутгийг олоход төгсгөлгүй. Сэтгэлээс үүдсэн амгалан бол жинхэнэ амгалан. Ийм амгалан эд өлгийн гачаалыг давна. Манай шашин хүний сэтгэлийг голчилно. Харин бие бол сэтгэлийн орших арга, түүний хэсэг юм. Зөв сэтгэл бол шашны анхдагч хүчин зүйл. Сэтгэл оюун бол бүхнээс өгөөжтэй хүчин зүйл. Хүний тарьсан зовлонг сэтгэл оюун л арилгана. Хүн бүрийн дотоод сэтгэлд энх амгаланг байгуулбал бүх дэлхийд энх амгаланг тогтоож болно. Сайн хүний утга учир нь чадвал бусдад туслах, эс чадвал хорлол хүргэдэггүй байхад оршино.“ Гэгээн төрөлт XIV Далай багшБурхан багшийн сургаал : Номын хүрд Номын хүрд нь “Драхма-чакра“ хэмээх санскрит үгний орчуулга юм. Ямагт эргэж байдаг тэрэгний дугуй лугаа адил Номын хүрд нь дөрвөн зүг найман зовхист эцэс төгсгөлгүй түгэн дэлгэрч буй Бурхан багшийн сургаал номын бэлэг тэмдэг билээ. Хүрдний найман хэгээс Бурханы шашны хамгийн чухал хэмээн сахиж мөрдөх ёстой хутагтын найман мөрийг төлөөлдөг. Хутагтын найман мөр нь үнэн үзэл, үнэн бодол, үнэн хэл, үнэн явдал, үнэн ахуй, үнэн хичээл зүтгэл, үнэн ухаарал, үнэн бясгалгал зэрэг юм. Эрт дээр үед буюу Бурхан багшийн баримал, дүрүүдийг бүтээдэг болохоос өмнө Номын хүрдэнд мөргөдөг байжээ. Харин одоо Номын хүрдийг Бурханы шашны бэлэг тэмдэг хэмээн үзэж хэрэглэдэг.Бурхан ШагжамуниБурхан багшийн амьдрал 1. Хималайн уулсын урд хормойг ороон урсах Рохини голын эрэг дээр оршигч, Шагжа омгийн улсын нийслэл Капилавасту балгаст Суддодана Гаутама буюу ариун идээт хаан бээр амьдарч байжээ. Тэрбээр шулуун шударга, цэцэн мэргэн хэмээн алдаршиж, айлдсан болгоныг нь үг дуугүй дагах ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээжээ. Хааны хатныг Маяа хэмээнэ. Тэрбээр мөнөөхи Шагжа омгийнхны үүсгэж буй болгосон хөрш зэргэлдээ орших нэгэн улс гүрний эзэн хааны нагац ахын охин буюу эзэн хааны үеэл дүү байжээ. Хаан, хатан хоёр гэрлэснээс янагш хорь гаруй жил улирсан ч, тэдэнд үр заяасангүй. Нэгэнтээ хааны хатан цагаан заан баруун сугаар хэвлийд нь орж бие давхар болов хэмээн сонин зүүд зүүдлэв. Эзэн хаан болон ордныхон, мөн ард түмэн нь хоног өдрийг хуруу даран тоолж, мэндлэх хүүхдийг тэсэж ядан хүлээжээ. Бие хөнгөрөх цаг болоход хааны хатан ард түмнийхээ ёс заншлыг дагаж, төрсөн гэртээ амаржихаар явлаа. Зам зуураа Лумбини цэцэрлэгт алжаал тайлахаар түр саатжээ. Ээлтэйхэн хаврын урин дулаан цаг тул эргэн тойрон үзэсгэлэнт сайхан ашока мод цэцэглэж байлаа. Хааны хатан цэцгээ дэлгэсэн модны мөчир таслах санаатай баруун гараа сунгатал хүү нь мэндлэв. Хатан, хүү хоёрыг ерөөн адислаж, эргэн тойрон дуу хуур эгшиглэн найрсав. Энэ бол 4 дүгээр сарын 8-ны өдөр байлаа. Баярлаж хөөрсөн хаан, хүүдээ Сиддарта буюу “Хамаг тусыг бүтээгч“ Артасиди хөвгүүн хэмээх утга бүхий нэр хайрлав. 2. Гэвч хаан баяр цэнгэлийн эцэст уй гашуу амсаж, хатан Маяа нь ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Хатны охин дүү Махапражапати хан хүүг асран бойжуулах болсон аж. Тэр хавиас холгүй орших нэгэн ууланд Асита хэмээх мэргэн даяанч амьдарч байв. Хааны ордныг тойрон гэрэл гэгээ цацрахыг тэрбээр хараад залран ирэхэд саяхан мэндэлсэн хан хүүг түүнд үзүүлжээ. “Том болоод хэрэв ордондоо үлдвэл аугаа их хаан болж бүх ертөнцийг нэгтгэнэ, харин ордноо орхиж даяан хийж, үнэнийг ухаарвал энэ ертөнцийг аврах заяатай Бурхан болно“ гэж Асита өгүүлэв. Хаан, мэргэн даяанчийн үгийг сонсоод эхлээд их баярласан ч, он жил улирах тусам хүү нь ордныг орхиж даяанч болж магадгүй гэсэн бодол сэтгэл зүрхий нь зовоож эхлэв. Хан хүү долоон настайдаа ном судар үзэж, цэргийн эрдэмд суралцаж эхлэв. Хаврын нэгэн өдөр тэрбээр хаан эцэгтэйгээ хамт тосгонд очихоор явжээ. Тариачин газар хагалж буйг ажиж байснаа анжис нь газрын хэвлийг ярахад гарч ирсэн өтийг шувуу тоншиж идэхийг харчихжээ. Тэрбээр саяхан үзсэн харсандаа гайхаж: “Ямар муухай юм бэ! Амьд нь амьдыгаа идэж байх юм!“ хэмээн уулга алдаж модны сүүдэрт саатан сууж, гүн бодолд автав. Хар нялхаараа эхийгээ алдсан, сая болохоор амьд нь амьдыгаа идэхийг харсан хан хүү амьдралын эмгэнэл гунигийг эрт ухааран таньж, эмзэг өрөвчхөн сэтгэлд нь гүн шарх суужээ. Энэ шарх сорви зулзган модны шарх цаг хугацаа улирах тусам улам ихсэх адил, харсандаа гайхаж, “Ямар муухай юм бэ!“ бодол төрүүлдэг болов. Хүүгийнх нь зан ааш хувирч буйг анзаарсан хаан эцэг нь мэргэн даяанчийн хэлснийг санаж сандрав. Хаан бээр хүүгээ хөгжөөн баясгахын тулд бололцоотой бүхнээ хийжээ. 19 нас хүрмэгц нь хүүдээ Яшодхара нэртэй бөл дүүг нь эхнэр болгон авч өгчээ. Яшодхара бол хан хүүгийн эхийн төрсөн ах, Девадаха цайзанд суудаг Супрабуддха хааны охин байлаа. З. Хан хүү арван жилийн турш найр наадам, баяр цэнгэлд умбаж Хавар, Намар, Борооны орднууддаа ээлжлэн амьдарч байлаа. Гэвч тэрбээр цаг үргэлж гүн бодолд автаж, амьдралын үнэнийг ухаарахыг эрмэлзэж байв. “Ордны баян тансаг, цатгалан чинээлэг амьдрал, хүмүүсийг баясгах миний эрүүл саруул бие, залуу зандан нас ямар утга учиртай юм бэ? Хүмүүс өвчинд баригдаж, эцэст нь амьсгал хураах аж. Хэн ч үхлээс мултарч чадахгүй. Залуу нас, эрүүл саруул бие, амьдалын утга учир юунд оршино вэ? Хүн амьдарч байна гэдэг ямар нэг юмыг эрж байна гэсэн үг. Гэтэл нэг хэсэг нь бурууг, нөгөө хэсэг нь зөвийг хайна. Бурууг эрж хайгчид хэн бэ гэвэл өтлөх, өвдөх, үхэх заяатай мөртлөө мөнхийн омголон залуу нас, мөнх амьдралыг хүсэгчид билээ. Зөвийг эрэгч хэн бэ гэвэл энэ бүхнийг төөрөгдөл хэмээн ухаарч, өтлөх, өвдөх, үхэх зэрэг амьдралын эрээн бараан бүхнээс эрхэм дээд зүйлийг эрэн хайгч юм. Би тэр бурууг л хүсч, бурууг эрэн хайж байна даа“. 4. Олон жилийн турш ийнхүү хүнд хүчир бодолд автан, зүрх сэтгэл нь хатуу ширүүн тэмцлийн талбар болов. 29 нас хүрэхэд нь Рахула хэмээх нэртэй цорын ганц хүү нь мэндэлж, хан хүү ордноо орхин явахаар шийдэв. Чандаха хэмээх хөтөчөө дагуулаад Кантхака хэмээх хайртай агтандаа мордож ордноо орхин, энэ ертөнцтэй холбоогоо таслаж, нямба хийж суулаа. Тэгтэл нэгэн рагшис түүнийг сорьж хэлсэн нь: “Чи ордондоо буцаж очоод хүлээсэн нь дээр. Удахгүй энэ ертөнц тэр аяараа чинийх болно“. Хан хүү хашгирсан нь: “Рагшис чи эндээс тонил! Энэ ертөнцийн юуг ч би үл хүснэ“. Түүнийг хөөн тонилгосныхоо дараахан хүү лам болж, бадар барьж өмнө зүг оджээ. Эхлээд хан хүү мэргэн даяанч Багавад бараалхаж түүний хатуу хориг дэглэм бүхий амьдралтай танилцав. Дараа нь Арада Калама, Удрака Рамапутрад бараалхаж бэрх хэцүү хатамжлалыг нь үзэж, тэдэнтэй адилхан даяан хийхийг оролджээ. Удалгүй ийм замаар эс гэгээрэхийг ухаарч, Магада улсад очжээ. Тэнд Гайя хотын дэргэдүүр урсдаг Ниранзана мөрний эрэгт нэгэн аглаг ойд очиж, биеэ зовоосон хатуухан сорилтыг эхэлжээ. 5. Өөрийнхөө бие бялдрыг хүнд ширүүн зовоон тарчлааж байлаа. Хожим нь түүний дурсан айлдсанаар, урьд өмнө үзэгдээгүй бэрх аргаар махбодоо зовоосон аж. Түүний өгүүлснээр, “урьд өмнө нэг ч даяанч өөрийгөө тэгэж хатууширүүн зовоож байгаагүй, одоо ч өөрийгөө тэгэж зовоож буй хүн байхгүй, ирээдүйд энэ ертөнцөөс халин одсон хэн боловч түүнээс илүү хатуу ширүүнээр өөрийгөө зовоож тарчлаахгүй“ ажээ. Ингэж өөрийгөө зовоосон ч хан хүү эрж хайснаа, хүсэж хүлээснээ эс олов. Тэрбээр 6 жилийн турш эр биеэ зовоосон энэхүү хатамжлалаа үл харамсан зогсоож, мөрний усанд угаал үйлдэн, Сужата хэмээх залуухан бүсгүйн гараас сүүтэй будаа авч хүртээд, ядарч сульдсан биеэ анагааж эхэлсэн байна. Ойд түүнтэй цуг хатамжилсан таван даяанч, хан хүү сорилтыг давсангүй хэмээн сэтгэж, ганцааранг нь орхин өөр газар руу нүүн дүрвэжээ. Хан хүү гав ганцаараа хоцорч модны сүүдэрт суугаад хэзээ л бол хэзээ үхэхээс буцахгүй, гүн бясалгалд автав. Тэрбээр сэтгэл шулуудан: “миний цус хатвал хатаг. Миний мах ялзарвал ялзраг. Миний яс өмхөрвөл өмхрөг. Эндээс би хаашаа ч хөдлөхгүй“ гэжээ. Санаа сэтгэлд нь хэцүүхэн, ээдрээтэй тэмцэл эхэлжээ. Түгшүүртэй болоод зовлонтой бодлууд санаа сэтгэлийг нь үймүүлж, элдэв зүйлийн хий үзэгдлүүд цааш нааш үсчин, тэр нь илүү аймшигтай гэж хэлэхийн аргагүй жигшмээр дүрс сэтгэлд нь нэг нэгээсээ өрсөн ургана. Энэ бүхэн рагшисын явуулга байлаа. Хан хүү эдгээр явуулгатай тэмцэж, нэгийг нь ч зүгээр орхилгүй, дор нь нам дарж, хумхийн тоос болгож байлаа. Энэ бол жирийн нэг тэмцэл бус, цус нөж урсаж, амьд махыг яснаас нь салган хуулж, яс хугарч байсан болохоор сэхэхийн төлөө тэмцэл байсан юм. Гэвч энэ тэмцэл дуусч, тэнгэрт үүрийн цолмон гийж, шинэ өдөр эхэлснийг тунхаглан зарлахад хан хүүгийн сэтгэл санаа гэрэлтэн гялалзаж, тэрбээр гэгээрч Бурхан багш болов. Энэ баяр баясгалант үйл явдал хан хүүгийн З5 насан дээр 12 дугаар сарын 8-ны өглөө тохиосон юм. 6. Энэ мөчөөс эхлэн хан хүү Бурхан багш Ялж төгс нөгчсөн. Түүнчлэн ирсэн, Сайваар ажирсан, Амарлингуй оршигч, Бүхнийг айлдагч, Чадагчийн эрхт, Шагжагийн арслан зэрэг олон нэртэй болсон бүлгээ. Юуны түрүүн Шагжамуни зургаан жилийн турш цугтаа хатамжлан зовж байсан, эдүгээ Варанасийн Мригадавад амьдарч буй таван даяанч дээр очиж шашиндаа оруулжээ. Эхлээд тэд цэрвэн зугтаж байснаа сургаал айлдахыг нь сонсож Түүнд бүрэн итгэл найдвараа өгч, анхны шавь нар нь болов. Тэрбээр Ражагрихад байхдаа эзэн хаан Бимбасараг шашиндаа оруулжээ. Шагжамуни түүний ордонд заларч орон даяар ариун сургаалаа айлдаж эхлэв. Хүмүүс цангахдаа ус, өлсөхдөө хоол хүсдэг лүгээ адил түүн рүү тэмүүлэн цувж байлаа. Эндээс гол шавь Шарибудари, Модгальяана нарыг олж, мөн хоёр мянга гаруй хүн түүнд шавь оржээ. 7. Шагжамуни 45 жилийн турш сургаалаа айлдаж 80 нас сүүдэр зооглов. Ражагрихаас Шравасти орох замдаа Вайсали хэмээх газар бие алжааж, гурван сарын дараа Нирванд орно гэдгээ хэлжээ. Тэгээд номлол сургаалаа айлдаж явсаар Пава хэмээх газар очиж, Тэнд Чунда дархны барьсан хоолыг амсаад өвчин нь үгдрэв. Өвчин зовлонд шаналж, улам ядарч сульдсан ч тэрбээр цаашаа Кусинагара руу явжээ. Тэрбээр Кусинагара балгасын захад сала хэмээх ойд очиж, хоёр өндөр модны хоорондох газар хэвтэв. Газар дээр ийн хэвтэж байхдаа ч шавь нартаа сургаал айлдсаар байлаа. Чингээд агуу их сургаал номлогч Бурханы үүргээ бүрэн гүйцэд биелүүлж дуусаад алгуурхан Нирванд оров. 8. Шагжамуни Нирван дүрийг үзүүлсний дараа Кусинагара балгасын иргэд гүн их уй гашууд автжээ. Бурханы хайртай шавь Анандын айлдсанаар тэд багшийнхаа шарилыг ариун галд өргөв. Ажатасатра хаан, мөн Энэтхэгийн 7 хаан Шагжамунийн чандраас хүртээхийг хүссэнд Кусинагара балгасынхан татгалзаж, чингээд дайн дэгдэв. Гэвч Дрона мэргэний зөвлөсний дагуу Бурхан багшийн чандрыг найман улсын дунд хуваасан аж. Шагжамунийн чандраас өөр олон улс, хүмүүс ч хүртжээ. Бурханы ариун шарилыг тэд нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болов. Түүнийг хадгалж байхын тулд Бурханы шашны арван сүм босгосон аж.Сүүлчийн номлол 1. Кусинагарагийн ойролцоо сала хэмээх ойд Шагжамуни сүүлчийн удаа сургаалаа айлдсан аж. Тэрбээр шавь нартаа хандаж номлосон нь: Та нар өөрсдөө бусдын төлөө ассан гэрэл болцгоо! Та нар өөрсдөө өөрсдийнхөө түшиг тулгуур болж, хэнд ч бүү найдаж бай! Миний сургаал та нарт гэрэл гэгээ, түшиг тулгуурын аль аль нь болог! Бусад сургаал, номыг түшиж тулахаас цээрлэ! Бохир биеэ хараад бохирыг нь ухаарч, хэзээ ч гоё чамин хувцас бүү хүсч бай! Баяр цэнгэл, зовлон зүдгүүрийн аль аль нь зовлонгийн шалтгаан гэдгийг ухаарч, цэнгэл жаргал давтахыг цээрлэ! Сэтгэл санаагаа шинжээд тэнд өөрийн чинь “Би“ бээр байхгүйг ойлгож, сэтгэлийн хөдөлгөөндөө бүү хуурт! Тэр цагт та нар зовлон зүдгүүрээс үүрд ангижирна. Намайг энэ ертөнцөөс халин одсоны дараа ч гэсэн та нар, миний сургаалыг үнэн зөв даган мөрдөж чадвал, жинхэнэ үнэнч шавь нар минь болно. 2. Миний номлосон бүх сургаалыг цаг ямагт санаж яв, тэдгээрийн тухай үргэлж бодож бай, утга учрыг нь онохыг хичээ, ямар ч үед тэдгээрээс бүү татгалз. Хэрэв миний сургаалыг үнэн зөв дагавал та нар жинхэнэ жаргалыг амсана. Миний сургаалын хамгийн гол нь санаа сэтгэлээ удирдаж чаддаг болоход оршино. Өөрийнхөө хүслийг хазаарлан номхотгож, өөрийгөө ялж сурах хэрэгтэй. Биеэ зөв авч явж, зөв үйл хийж, сэтгэл санаагаа ариун байлгаж, хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Шунал хүслээсээ татгалзаж, уур хилэнгээ номхотгож, нүглээс зайлж, амьдрал мөнх бусыг үргэлж санавал зохино. Зүрх сэтгэлд чинь хүсэл шунал, нүгэл хилэнц орогновол, түүнийг ялах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ бүү захирагд, харин зүрх сэтгэлийнхээ эзэн болох хэрэгтэй. Зүрх сэтгэл нь хүнийг бурхан ч болгоно, буг ч болгоно. Төөрөлдсөн хүн шулам, гэгээрсэн хүн бурхан болно. Санаа сэтгэлээ ариун байлгаж, буяны замаасаа бүү хазай. З. Миний сургаалыг дагаж бие биетэйгээ энх амгалан, эвтэй найртай амьдарцгаа, нэг нэгнийгээ хүндэлж бай, хоорондо бүү хэрэлдэж маргалд. Ус, сүү лүгээ адил бие биентэйгээ зохицож бай, ус, тос лугаа адил нэг нэгийгээ бүү түлх. Миний сургаалыг хамтдаа дагаж мөрд, сурч ухаар, хамтдаа төгс төгөлдөр болж, нэг нэгэндээ тусалж, буяны зам мөрийн баяр баясгалангаа хуваалцаж бай. Хэрэггүй юмыг эс шохоорхож, ашиггүй юманд цагаа бүү зарцуул, гэгээрэн гийхийн цэцэг, буяны зам мөрийн үр жимснээс хүртэж яв. Би бээр, та нарт өгч буй сургаалаа гэгээрснээр ухаарсан юм. Та нар энэ сургаалыг баримталж, хатуу мөрдөх хэрэгтэй. Миний сургаалыг дагахгүй бол миний дэргэд байсан ч намайг олж харахгүй. Харин сургаалыг минь дагавал надаас асар хол байсан ч үргэлж цуг байна. 4. Шавь нар минь, удахгүй миний цаг болох гэж байна. Та нараасаа салах цаг ойртлоо. Гэвч та нар гуньж гутарч үл болно. Амьдрал мөнх бус, энэ ертөнцөд төрсөн хэн боловч үхнэ. Би бээр үхэхэд миний бие модон тэрэг лүгээ адил өмхөрч алга болно. Ингэж хүний оршин тогтох мөнх бус гэдгийг дахин батална. Бүү гуньж гутарцгаа. Ертөнцөд ганц ч мөнх юм үгүйг ухаарч, хүний оршин тогтнохын утга учрыг онож мэдэцгээ. Хувирч өөрчлөгддөг бүхнийг үл хувиргахыг бүү хүс. Энэ хүсэл хэзээ ч бүтэж биелэхгүй. Энэ ертөнцийн тачаал шуналын шулам хэзээд бэлэн байдаг бөгөөд сонор сэрэмж чинь сулармагц та нарыг эзэмдэж эрхэндээ оруулна. Хэрэв гэрт чинь хот могой үүрлэвэл, тэр амьтныг хөөж гаргахаас нааш амар амгалан нойрсож чадахгүй шүү дээ. Ертөнцийн тачаал шуналын шулмыг хөөж зайлуулах хэрэгтэй. Ертөнцийн хүсэл шуналын могойг хөөн гаргах хэрэгтэй. Сэтгэл санаагаа та нар сонор соргог хамгаалах ёстой. 5.Шавь нар минь, миний цаг ирлээ. Гэвч энэ бол миний бие махбодын үхэл гэдгийг бүү мартаарай. Хүн биеийг эцэг эхээсээ олдог, олсон биеэ хоол хүнсээр торддог учир, тэр нь эмгэгт хялбархан өртөж, шарх сорви авах нь ч түргэн, эцэстээ эвдэрч нурах л хувь тавилантай юм. Бурханы мөн чанар бие махбодод нь бус, гэгээрэхэд нь оршино. Бие махбод эвдэрч нурна, гэтэл гэгээрэл нь Номын үнэн болон үйл хэрэг нь мөнх оршиж байдаг. Бие махбодыг минь харж буй хүн бус, харин сургаал номыг минь ухаарч буй хүн л намайг олж үзнэ. Амьсгал хураасны минь дараа миний орхиж үлдээсэн Ном та нарын багш болно. Та нар түүнийг хайрлан хадгалж, тэгснээр надад үнэнч зүтгэх ёстой. Шавь нар минь, амьдралынхаа сүүлчийн 45 жилд би бээр айлдах ёстой болгоноо айлдсан, хийх ёстой бүхнээ хийсэн. Одоо та нарт үзүүлээгүй нууц надад байхгүй. Миний дотор ч тэр, миний гадна ч тэр хаана ч байхгүй. Би Номлох бүхнээ номлосон. Шавь нар минь, миний цаг ирлээ. Би бээр Нирванд орлоо. Энэ бол миний сүүлчийн номлол юм.Мөнхийн БурханБурханы нигүүлсэнгүй сэтгэл, өргөсөн тангараг 1. Бурханы амин сүнс бол Дээд зэргийн нигүүлсэнгүй, дээд зэргийн энэрэнгүй сэтгэл билээ. Дээд зэргийн нигүүлсэнг