ᠬᠠᠷ ᠠ ᠨᠦᠬᠡ ᠪᠠ ᠰᠢᠨᠡ ᠶᠢᠷᠳᠢᠨᠴᠦ
 СТЕФЕН ХОКИНГ ХАР НҮХ БА ШИНЭ ЕРТӨНЦ ШИНЖЛЭХ УХААНЫ ХЯЛБАРШУУЛСАН ЗОХИОЛ www.kiebooks.comУДИРТГАЛ Энэ ном бол миний намтрын хураангуйгаас эхлээд Орчлон Ертөнцийг танин мэдэх гэсэн гал халуун хүсэл сонирхлоо тайлах үүднээс 1976-1992 онд бичсэн шинжлэх ухааны философийн эрэгцүүлэлүүдийг багтаасан өгүүллэгүүдийн эмхэтгэл юм. Эл номын төгсгөлд байгаа «Эзэнгүй арлын цомог» хэмээх нэвтрүүлгийн тэмдэглэлд би өөрийнхөө тухай ярьсан билээ. Эзэнгүй арал дээр орхигдсон гэж төсөөлөхийг зочинд санал болгоод, тэндээс аврагдаж гартлаа цаг нөгцөөхөд нь хэрэг болох хөгжмийн найман цомог сонгохыг хүсдэг нэгэн нэвтрүүлэг Их Британид байдаг. Аз болоход надад соёл иргэншилдээ буцаж ирэхийг хэтэрхий удаан хүлээх хэрэг гараагүй юм. Өгүүллэгүүдээ арван зургаан жилийн турш бичсэн учраас тус бүрт нь огноо болон ямар нөхцөлд бичигдсэн тухай тайлбарыг нэмж хавсаргалаа. Эдгээр нь миний мэдлэгийн тухайн үеийн түвшинг тусгаж байгаа бөгөөд жилээс жилд сайжирсан байх гэж найднам. Мөн бүх өгүүллэгүүдийг бие даасан зохиол маягаар бичсэн учраас давтагдсан зүйлс нэлээд бий. Би ийм давталтуудыг багасгахыг хичээсэн ч зарим нэг нь хэвээр үлджээ. Номын ихэнх өгүүллэгийг хүүрнэн өгүүлэхэд зориулсан юм. Дуудлага маань ер нь л тод биш байсан учраас лекц, семинараа би дагалдангуудынхаа нэгнээр юмуу эсвэл намайг сайн ойлгодог өөр хүнээр дамжуулан явуулах хэрэгтэй болж. Ингэснээр яриа маань ч илүү дээр сонстох болов. Гэвч 1985 оны хагалгааны дараа би ярих чадвараа бүрмөсөн алдаж хэсэг хугацаанд ертөнцөөс бүрэн тусгаарлагдлаа. Эцэст нь би компьютерийн систем, ярианы гайхалтай нийлэгжүүлэгчээр зэвсэглэв. Том танхимын өмнө гарах бололцоог өөртөө нээсэндээ маш их гайхаж билээ. Шинжлэх ухааны онолуудыг тайлбарлаж, асуултад хариулах нь надад таалагдаж байв. Мэдээж энэ чадвараа улам сайжруулахын тулд дахин суралцах хэрэгтэй боловч амжилт олж байгаа гэдэгтээ би итгэдэг. Өгүүллэгүүдийг минь уншаад та бүхэн өөрсдөө үүнийг шүүн тунгаана биз ээ. Орчлон Ертөнц бол оньсого, түүний тухай зөвхөн зөнч төсөөллийг л гаргах боломжтой, үл ойлгогдох, үл шинжлэгдэх зүйл хэмээх үзлийг би хүлээн зөвшөөрдөггүй. Ийн үзэх нь бараг дөрвөн зууны өмнө Галилей эхлүүлж Ныотон үргэлжлүүлсэн, ертөнцийн бүх хүрээг хамарсан шинжлэх ухааны хувьсгалд шударга биш хандаж буй хэрэг гэж би ойлгодог. Энэ хоёр хүн Орчлон Ертөнцийн ядаж зарим хэсэг нь эмх замбараагүй биш, тодорхой математикийн хуулиудад захирагддаг болохыг харуулсан. Өнгөрсөн хугацаанд бараг бүх салбарт бид Галилей, Ньютон нарын үр дүнг түгээн дэлгэрүүллээ. Одоо бидэнд өдөр тутмын амьдралд маань тохиолддог бүх юмсыг удирдах математикийн хуулиуд байна. Түүнчлэн бөөмс мөргөлдөхөд чухам юунд хүргэж болохыг бид огт үл мэдэх тийм их энергид хүртэл нь бөөмсийг хурдасгах аварга том машин бүтээхэд хэдэн тэрбум фунт зарцуулж буй баримт бидний амжилтын бас нэг хэмжүүр юм. Тийм их энергитэй бөөмс ердийн нөхцөлд Дэлхий дээр тохиолдохгүй учраас тэднийг судлахад зарцуулж буй асар их зарлага цэвэр эрдмийн шинжтэй, төдийлөн хэрэгцээгүй зүйл мэт санагдаж болно. Гэвч тийм бөөмс Орчлон Ертөнцийн балчир үед тохиолдож байсан учраас хэрвээ бид Ертөнц хэрхэн үүссэнийг ойлгохыг хүсч байгаа бол энэхүү энергид юу явагдаж буйг илрүүлэх ёстой. Бид Орчлон Ертөнцийн тухай маш олон зүйлийг ойлгож мэдээгүй байна. Гэхдээ ялангуяа сүүлийн зуун жилд олсон амжилт маань биднийг урамшуулж. боломжит хязгаарын дотор Ертөнцийг бүрэн ойлгоно гэсэн итгэлийг өгөх учиртай. Бид харанхуйд мөнхөд тэмтчин бэдрэх тавилантай төрсөн гэж би боддоггүй. Орчлон Ертөнцийн тухай бүрэн төгс онолыг байгуулахад үсрэлт хийснээр бид түүний жинхэнэ эзэд нь болох болно. Одоогоор зарим хэсгийг нь л мэдэж байгаа ч ойрын ирээдүйд бүрэн ойлгож болох ямар нэг эмх цэгцэд Орчлон Ертөнц захирагддаг гэсэн найдлагаар энэ номын шинжлэх ухааны өгүүллүүдийг бичлээ. Энэ найдвар ердөө зүүд зэрэглээ ч байж магад. Тийм төгс онол байхгүй, байсан ч бид түүнийг хэзээ ч танин мэдэхгүй байж болох юм. Гэвч хүний оюун ухааны хувьд цөхрөнгөө барахаасаа илүүтэй бүрэн ойлгохыг эрмэлзэх нь дээр гэдэг нь эргэлзээгүй. Стефен Хокинг. 1993 оны 3 сарын 31I. БАГА НАС Би Галилейг нас барснаас хойш яг гурван зуун жилийн дараа 1942 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн. Гэхдээ миний тооцоолсноор энэ өдөр дахиад хоёр зуун мянган хүүхэд мэндэлсэн байх юм. Тэдний хэн нэг нь одон орон сонирхдог эсэхийг би мэдэхгүй. Эцэг эх маань Лондонд амьдардаг байсан ч би Оксфордод төрсөн. Дэлхийн II дайны үед Оксфорд төрөхөд тохиромжтой газар байснаас ийм зүйл тохиожээ. Тэр үед англичууд Хайдэльбэрг, Гёттингенийг бөмбөгдөхгүй бол германчууд Оксфорд, Кембрижийг бөмбөгдөхгүй гэж тохиролцсон байлаа. Гэвч иймэрхүү иргэншсэн тохиролцоо бусад хотуудын хувьд хүчингүй байсан нь харамсалтай. Эцэг маань Йоркширээс гаралтай. Түүний өвөө буюу миний элэнц эцэг нэлээд чинээлэг фермер байжээ. Тэр хэтэрхий олон ферм худалдан аваад, XX зууны эхний хөдөө аж ахуйн хямралын үед дампуурсан юм. Энэ байдал өвөө, эмээд маань маш хүнд туссан ч тэд хүүгээ Оксфорд руу анагаах ухаан судлуулахаар явуулж чадсан гэдэг. Хожим аав маань халуун орны өвчний салбарт судалгаа хийх болж. 1937 онд Дорнод Африкийг зорьсон. Харин дайн эхлэхэд Англи руу хөлөг онгоцоор буцаж, армид сайн дураар элсэх гэж эх газрыг бүхэлд нь галт тэргээр туулж байсан аж. Гэвч цаадуул нь аавд анагаах ухаан судлах нь илүү чухал болохыг хэлсэн байна. Ээж маань Глазгод нэгэн эмчийн долоон хүүхдийн хоёр дахь нь болж мэндэлжээ. Түүнийг арванхоёр настай байхад тэднийх өмнө зүг, Девон руу нүүсэн байна. Аавынхтай нэгэн адил тэднийх ч гэсэн азтай байсангүй. Гэлээ ч эцэг эх нь охиноо Оксфорд руу явуулж чадсан ба сургуулиа төгсөөд ээж минь маш олон янзын ажил, түүний дотор өөрт нь огт таалагддаггүй татварын байцаагч ч хийж явжээ. Тэрбээр нарийн бичгийн дарга болохын тулд энэ албанд үлдэж, дайны анхны жилүүдэд аавтай танилцсан гэдэг. Бид Лондонгийн хойд хэсэгт Хайгейтэд суудаг байв. Надаас арван найман сарын дараа миний дүү Мэри төрсөн. Түүнийг мэндлэхэд намайг дургүй байсан гэж ярьцгаадаг. Хүүхэд ахуй цагийн он жилүүдэд насны хувьд ялихгүй зөрүүтэйгээс үүдэлтэй тодорхой маргаан бидний хооронд байсан ч бид тус тусынхаа замаар явах болсон тул нас ахих тутам энэ маргаан алга болсон юм. Мэри эмч болж аавыг баярлуулсан билээ. Намайг тав орчим настай, аль хэдийн юм ойлгох болсон үед охин дүү Филипп маань төрлөө. Гурвуулаа тоглох нь хэмээн түүний төрөхийг баяр хөөртэйгээр хүлээж байснаа би санадаг юм. Тэр маш сэргэлэн. авхаалжтай хүүхэд байсан болохоор би түүний санал бодолд ямагт хүндэтгэлтэй ханддагсан. Бага дүү Эдвард маань нэлээд сүүлд, намайг арван дөрөвтэйд төрсөн учраас бага насны минь дурдатгалд төдий л байдаггүй. Тэр эрдэм номын мөр хөөх өчүүхэн ч хүсэлгүйн дээр, ухаалаг биш байсан учраас бид гурваас эрс ялгарна. Түүний хувьд энэ нь ч дээр байсан байж магадгүй. Эдвард тун хэцүү хүүхэд байсан ч бүгд түүнийг хайрладаг байв. Хайгейтэд Байрон Хаузын яслид үлдэхдээ чих дөжиртөл бархирч байсан маань миний хамгийн анхны дурдатгал билээ. Эргэн тойронд бүх хүүхэд ямар нэг гайхалтай тоглоомоор тоглоод байсан санагддаг юм. Тэдэнтэй тогломоор байсан ч, ердөө ой зургаан сартай байснаас гадна танихгүй хүмүүсийн дунд анх удаа үлдсэн маань энэ байлаа. Би айлын ууган хүү байсан тул аав ээж хоёр маань хүүхдийн хүмүүжлийн тухай ном баримталдаг байжээ. Харин тэр номонд хүүхдийг хоёр настайгаас нь эхлэн нийгмийн харилцаанд оруулах хэрэгтэй гэж бичсэн байсан учраас эцэг эх маань миний эсэргүүцэлд нэг их гайхаагүй байх гэж би боддог. Ингээд тэр нэгэн аймшигтай өглөөний дараа намайг аваад дахиад жил хагас Байрон Хаузд өгөөгүй юм. Хайгейт бол дайны болон түүний дараах жилүүдэд эрдэм боловсролтой хүмүүс суудаг дүүрэг байлаа. Бусад оронд тэднийг ухаантнууд гэж нэрлэхээр боловч англичууд ийн үздэггүй. Тэндхийн эцэг эхчүүд хүүхдүүдээ тухайн үеийн хамгийн дэвшилтэт Байрон Хаузын сургуульд явуулдаг байв. Намайг юунд ч сургасангүй хэмээн эцэг эхдээ гомдоллож байснаа би санадаг. Тэд мэдлэгийг улиглан ойлгуулах тухайн үеийн аргад итгэдэггүй, харин ямар нэг зүйлд сургаж байгаагаа ойлгуулахгүйгээр аажимд нь уншуулж сургахыг илүүд үзнэ. Ингээд би найман настайдаа нэлээд том болсон хойноо л уншиж сурч билээ. Дүү маань харин нэлээд уламжлалт аргаар заалгаж дөнгөж дөрөвтэйдээ уншиж сурсан. Тэгээд ч тэр намайг бодвол илүү чадварлаг байсан л даа. Бөмбөгдөлт Лондонг газартай тэгшлэнэ гэж бүгд бодож байсан дайны үед аав ээжийн маань хямдхан худалдаж авсан, викторын үеийн өндөр нарийхан байшинд бид суудаг байлаа. Үнэхээр ч зэргэлдээ орших хэдэн байшин дээр «Фау-2» пуужин унах үед ээж бид хэд гэртээ байгаагүй ч аав байсан юм. Золоор аав маань өртөөгүй, манай байшин ч төдийлөн гэмтсэнгүй. Гэсэн ч балгас болсон эдгээр байшингийн ойролцоо бид ахиад хэдэн жил амьдарсан юм. Эндээс арай зайдуу, манай байшингийн цаана суудаг найз Ховардтайгаа би энэ балгасууд дээр үргэлж тоглодогсон. Ховард миний хувьд жинхэнэ нээлт. Учир нь түүний эцэг эх мпний таньдаг бусад бүх хүүхдийнхээс ялгаатай, боловсролгүй хүмүүс юм. Мөн тэрээр Байрон Хаузд биш орон нутгийн сургуульд явж аав ээж хоёрын санаанд хэзээ ч оромгүй спортын төрлүүд болох бокс, хөл бөмбөгөөр хичээллэдэг байлаа.Нэлээд эртний өөр нэг дурдатгал минь тоглоомон төмөр зам юм. Дайны үед тоглоомууд хувийн худалдаанд ч гардаггүй байв. Тоглоомон галт тэрэг миний мөрөөдөл байж билээ. Аав маань модоор галт тэрэг хийж өгсөн боловч сэтгэлд минь хүрсэнгүй. Учир нь би өөрөө ажилладагийг л мөрөөднө. Тэгэхэд аав маань хуучин, оньсон галт тэрэг худалдан авч гагнаж янзлаад шинэ жилийн баяраар гурван настай өөдөсхөн надад бэлэглэж билээ. Гэвч галт тэрэг тийм ч сайн ажиллахгүй байв. Харин аав маань дайны дараахан Америк руу яваад ирэхдээ ээжид тухайн үедээ Их Британид дийлдэшгүй үнэтэй байсан пансан эдлэл нэлээд хэдийг, Мери дүүд маань хэвтүүлмэгц нүдээ анидаг хүүхэлдэй, харин надад наймын тоон хэлбэртэй тоглоомон төмөр зам авчирч өгөв. Бух тэрэг нь өмнө талдаа бүр утаа хаягч төмөр сараалжтай байсан гээч. Хайрцгийг нь задлах үедээ хичнээн их баяр хөөр болсноо би одоо ч санадаг. Тоглоомон галт тэрэг гайхалтай байсан ч сэтгэлд минь бас л хүрсэнгүй. Ингээд би цахилгаан төмөр зам мөрөөдөж эхэлсэн дээ. Эцэст нь онцгой тохиолдлуудаар надад бэлэглэсэн мөнгөнөөс тариачин шиг хуримтлуулсан цөөн хэдэн төгрөгөө эцэг эхээсээ нуун шуудангийн банкнаас аваад, цахилгаан төмөр зам худалдан авав. Гэвч энэ төмөр зам төдийлөн сайн ажиллахгүй байсанд миний урам их хугарч билээ. Хэрэглэгчийн эрх ашгийг мэддэг болсон өнөө үед бол түүнийг буцааж өгөөд дэлгүүр юмуу үйлдвэрийн газраас нь сольж өгөхийг шаардах байсан биз. Гэвч тэр үед юу ч хамаагүй зарсан л бол амжилт хэмээн үзэж гологдол байсан тохиолдолд таны л хохь болно. Тиймээс би уурын тэрэгний цахилгаан хөдөлгүүрийг засуулахаар дахии мөнгө төлсөн хэдий ч тэр бас л зохих ёсоор ажиллахгүй байсан юм. Хожим би арван хэдэн насандаа усан болон хөлөг онгоцны загвар хийлээ. Ур чадвараараа гойд ялгардаггүй байсан ч сургуулийн найз Жон Мак-Кленан маань надад тусалсан. Тэр намайг бодвол ухаалаг байсны дээр тэднийх гэртээ дархны газартай байв. Би удирдаж болохоор ажилладаг загварууд хийхийг үргэлж мөрөөддөг ч тэдний гадаад төрхийг нь анхаардаггүй байсан юм. Энэ хүсэлдээ хөтлөгдөн сургуулийнхаа өөр нэг найз Рожер Фернихокгой хамтран нэлээд хэдэн угсармал тоглоом зохион бүтээлээ. Жишээ нь бидэнд янз бүрийн өнгөтэй жижиг зүйлс үйлдвэрлэдэг үйлдвэртэй, бүтээгдхүүнээ зөөхөд зориулагдсан машины болон төмөр замтай, тэр ч бүү хэл хөрөнгийн бирж бүхий тоглоомон «үйлдвэрлэл» байсан юм. Бас дөрвөн мянган дөрвөлжин хээтэй самбар дээр дайтаж тоглодог тоглоом мөн тоглогч бүр өөрийгөө том гүрний угсаа залгамжилсан хаан хэмээн өргөмжилж болох «феодалын» тоглоом ч байлаа. Төмөр зам, усан онгоц, нисэх онгоц гэх мэт энэ бүх тоглоом аливаа юмс хэрхэн ажилладагийг мөн эдгээрийг хэрхэн удирдахыг ойлгох гэсэн эрмэлзлээс минь төрсөн байх гэж би боддог. Намайг диссертацын ажлаа эхлэх үед ч миний энэ мөрөөдөл сансрын чиглэлийн судалгаа хийхэд минь тус болсон. Хэрэв Орчлон Ертөнц хэрхэн бүтсэнийг ойлговол чи түүнийг зарим талаар удирдаж чадна. 1950 онд эцгийн минь ажиллаж байсан байгууллага Хайгейтээс холгүйхэн орших Хэмстэдээс нүүж Лондонгийн хойд хэсэг, Милл-Хиллд шинээр байгуулагдсан анагаах ухааны үндэсний институт руу шилжив. Хайгейтээс тийш ажилдаа явснаас хотоос гадагш нүүх нь илүү ухаалаг санагдсан бололтой. Тиймээс эцэг эх маань Лондонгоос хорь, Милл-Хиллээс хойш арван бээрт орших жижигхэн хот Сент-Олбансийн сүмийн ойролцоо нэг байшин худалдаж авлаа. Энэ нь викторын үеийн, томхон агаад нэлээд уран, өвөрмөц хийцтэй байшин байв. Тэр үед аав ээж хоёрт илүү мөнгө байгаагүй тул нүүж орохоосоо өмнө өөрсдөө уг байшинг нэлээд засах хэрэгтэй болжээ. Үе залгамжилсан йоркширийн хүн аав минь хожим нь засварт мөнгө зарахаа больж байшинг хэвээр нь үлдээгээд хааяа нэг будах болсон юм. Байшин маш томоос гадна эцэг маань тиймэрхүү ажилд ур дүйгүй байж билээ. Харин барилга бат бөх баригдсан учраас л ийн хааш яаш хандахыг тэсвэрлэж байсан байх. 1985 онд аав маань ︵тэр 1986 онд нас барсан︶ хүндээр өвдөж манайх тэр байшингаа зарсан. Саяхан би тэр байшинг харахад хэн ч нэмж засаагүй бололтой гаднаасаа бараг өөрчлөгдөөгүй байна билээ. Байшин гэрийн үйлчлэгчтэй айлд зориулагдсан тул гал тогооны өрөөний хажуугийн хананаас аль өрөөнөөс дуудаж буйг харж болно. Мэдээж бидэнд зарц байгаагүй боловч унтлагын анхны өрөө минь «Г» хэлбэртэй тасалгаа байв. Өмнө нь тэнд үйлчлэгч эмэгтэйчүүд амьдардаг байсан байх. Би энэ таамаглалаа надаас ялигүй эгчмэд, хайртай үеэл Сарадаа ярихад тэрбээр шинэ байр бидэнд ивээлээ хайрлах болно гэж билээ. Унадаг дугуй хадгалаастай пингийн дээвэр рүү цонхоор дамжин гарч тэндээсээ газарт үсрэн буух бололцоотой байсан нь энэ өрөөний давуу тал юм. Сара бол миний нагац эгч Жанетын охин. Жанет эмч болж, нэгэн сэтгэл судлаачтай гэрлэсэн. Тэд хойд зүгт таван милийн зайтай орших Харпенден тосгонд манайхтай төстэй байшинд суудаг байв. Иймээс ч бид Сент-Олбанс руу шилжин суурьшсан билээ. Би Сарагийнхтай ойрхон байх болсондоо баяртай байсан ба Харпенден руу үе үе автобусаар явдагсан. Сент-Олбанс нэгэн цагт Британи дахь ромчуудын тоогоороо Лондонгийн дараа ордог байсан Верулалиум хэмээх эртний Герегийн хотын балгасын ойролцоо оршдог байв. Дундад зууны үед тэнд Британы хамгийн баян сүм байсан гэдэг. Энэ сүмийг Сент-Олбансын чимээгүй хот. домогт өгүүлдгээр бол Британид христос шүтлэгийнхээ улмаас цаазлагдсан анхны хүн болох ромын цэргийн даргын бунхан дээр барьсан юм гэнэ билээ. Нэлээд болхи хийцтэй том сүм, хожим нь миний сурч байсан, одоо сент-олбансын сургуулийн нэг хэсэг нь байрлаж буй сүмийн хаалганд залган барьсан хуучин барилга зэрэг нь бүгд аббатын үеэс үлдсэн зүйлс.Тэр үед Сент-Олбанс Хайгейт. Харпенденийг бодвол нэлээд бөглүү, уламжлалыг хадгалсан газар байлаа. Эцэг эх маань энд хэнтэй ч найзлаж нөхөрлөөгүй нь зарим талаар тэд өөрсдөө ялангуяа эцэг маань угаас зожиг хүн байсантай холбоотой ч нөгөө талаар Сент-Олбанст огт өөр төрлийн хүмүүс оршин суудаг байсан нь Үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Учир нь сургуулийн найзуудын маань эцэг эхчүүдийн хэнийг нь ч сэхээтэн гэж нэрлэж болохооргүй байлаа. Хайгейтэд манай гэр бүл бүрэн хэвийн санагддаг бол Сент-Олбанст биднийг тодорхой хэмжээгээр хачин хүмүүст тооцдог байсан гэж би боддог. Үүнд мөнгө хэмнэж л байвал