ᠮᠠᠨᠠᠨ
Стивен Кинг МАНАН www.kiebooks.com1. Шyypra 19. оны долдугаар сард Шинэ Английн хойд хэсэгт түүний түүхэнд урьд өмнө байгаагүй аймшигт халуун өдрүүд өнгөрч, харин араас нь урьд өмнө үзэгдээгүй ширүүн догшин шуурга орж ирсэн юм. Бид Лонг-Лэйк нуурын эрэгт амьдардаг, тиймээс ч нар жаргахын яг өмнө салхи нуурын усыг бужигнуулж эхлэхийг хамгийн түрүүнд харцгааж билээ. Үүнээс цагийн өмнө ямар ч салхигүй нам болов. Аав маань бүр 1936 онд завиныхаа саравчны дээр зоосон Америкийн далбаа доош ямар ч хөдөлгөөнгүй унжин, бүр зах нь ч дэрвэхгүй байлаа. Маш халуун, бараг л гараар бариад авмаар бүгчим, нуурын тохойн усан дотор ч ийм л халуун байгаа гэж бодогдоно. Үдийн хоолны дараа бид гурав усанд орохоор явсан ч бүр гүнд л шумбахгүй бол сэрүүцэх ч аргагүй байлаа. Харин би ч, Стефф ч үүнийг хүссэнгүй. Хэргийн учир Биллид байгаа юм. Тэр дөнгөж таван настай. Тав хагаст бид нуур сайхан харагддаг сүүдрэвчиндээ сууцгаан оройн хоолоо идэж эхэллээ. Оройн хүйтэн хоол төмсний салат, гахайн махтай талхаа бид ямар ч сонирхолгүй зажилцгааж суулаа. Мөстэй хувинд хийсэн хэдэн лааз пепси- коланаас өөр юм хэн ч хүссэнгүй. Хоолны дараа Билли тоглохоор гарч, харин Стефф бид хоёр тамхи татан, Харрисоны зүг, нуурын баргар усны цаана харагдах эргийг дуугүй харж суулаа. Эргийн модод навч нь хатаж, тоосонд дарагджэз. Баруун зүгт эгээ л тулалдаанд бэлтгэж буй арми адил аварга том хөхавтөр улаан өнгийн үүлс цуглаж, цахилгаан цахиж харагдана. Тэр бүрт манай хөрш Нортоны, Вашингтоны уулнаас байнга сонгомол хөгжим дамжуулдаг хүлээн авагч тачигнан дуугарч байлаа. Нортон Нью-Жерсид өмгөөлөгчөөр ажилладаг, тиймээс ч Лонг-Лэйкт пийшин, халаалт дулаалгагүй зуны байшинтай. Хоёр жилийн өмнө би түүнтэй эзэмшил газрынхаа хэмжээ хязгаараас болж маргалдаж, шүүхээр шийдүүлэх болоод, би хожсон юм. Нортон өөрөө эндхийн хүн биш болохоор л хожигдсон гээд, түүнээс хойш бидний харьцаа нилээд хүйтэн болж билээ. Стефф санаа алдаж, усны хувцасныхаа дээд талаар цээжээ сэвж гарлаа. Түүнд нэг их сэрүүн сайхан болсон нь юу л бол, харин надад хамаагүй их зүйл харагдаж эхэллээ. -Чамайг би айлгах гээгүй гэж би хэллээ. -Гэхдээ удахгүй хүчтэй шуурга эхлэх бололтой. Тэр намайг эргэлзсэн шинжтэй харав. -Өчигдөр ч бас үүл хураад л байсан шүү дээ, Дэвид. Гэхдээ шуурга болоогүй. -Өнөөдөр бол өөр байна. -Чи итгэлтэй байна уу? -Хэрэв их шуурга болвол бид доош буух хэрэгтэй. -Чи тэгээд хэр хүчтэй болно гэж тооцоолж байгаа юм бэ? Эцэг маань нуурын энэ эрэг дээр жил тойрон амьдарч болох сайхан байшин анх барьсан юм. Бүр хүүхэд байхдаа ах нартайгаа тэр энд зуслангийн байшин барьсан, харин түүнийг нь 1938 онд шуурга юу ч үгүй сүйдэлчихсэн, бүр чулуун хана нь ч тэсээгүй. Тэгээд зөвхөн завины саравч л үлдсэн гэдэг. Жилийн дараа тэр энэ байшинг барьж эхэлжээ. Ер нь үхэж хатсан модод шуурганаар байшинд хамгийн их хохирол учруулдаг. Түүнийг салхи үндсээр нь суга татаж, хийсгээд ирдэг юм. Байгал эх байсхийгээд ингэж “цэвэрлэгээ“ хийдэг бололтой. -Мэдэхгүй юм гэж би хэллээ. Энэ ч үнэн, би гучин найман оны шуурганы тухай бараг юу ч мэдэхгүй. -Гэхдээ нуурын зүгээс ирэх салхи хурдан галт тэрэг шиг хүчээ авч магад. Тоглох сонирхолгүй болчихлоо, бүр нэвт хөлрөөд гэж гомдоллосоор Билли эргэж ирэв. Би түүний үсийг илээд бас нэг пепси задалж өглөө. Шүдний эмчийн ажлыг л нэмж байгаа хэрэг юмдаа. Шуурганы хар үүлс хөх тэнгэрийг шахан зайлуулах мэт ойртсоор байлаа. Шуурга болно гэдэгт би одоо эргэлзэхээ болилоо. Билли тэнгэрийг айж гайхан ширтэж бидний дунд сууна. Нууран дээгүүр аянгын дуун нүргэллээ. Хар, хөх, судалтай, захаараа бас хар үүлс тэнгэрт хөвнө. Аажмаар үүлс нуурыг бүрхэж, би орж буй борооны цагаан хөшгийгхарлаа. Гэхдээ л бороо хол байна. Болтер-миллс, эсвэл Норвэй хавиар орж байгаа бололтой. Агаар хөдөлгөөнд орж, туг багахан дэрвэлзэн хөдлөв. Сэрүүсч, удалгүй салхи улам ширүүсэн, эхлээд бидний хөлөрсөн биесийг хатааж, дараа нь бүр даарч ирэх шиг боллоо. Яг знэ үед би нуурын дээгүүр гулсаж буй мөнгөлег хуйг олж харсан юм. Хэдхэн хормын дотор бороон хөшиг Харрисоныг халхалж, шууд биднийг чиглэлээ. Моторт завинууд аль хэдийнэ арилаад өгцгөөж. Билли нэрийг нь бичиж хадсан жижигхэн сандлаасаа босон харайлаа. -Аав, хараач! -Явъя, байшиндаа оръё гээд би босч, хүүгийнхээ мөрөн дээр гараа тавив. -Аав, энэ юу вэ? -Усан хуй гэдэг юм. Явъя. Стефф миний зүг гайхсан шинжтэй харлаа. -Явъя хүү минь, аавынхаа үгэнд орох хэрэгтэй. Бид зочдын өрөөндөө гулсаж нээгддэг шилэн хаалгаар орж, би хаалгыг хааж, түгжээд гадагш харан түр зогслоо. Мөнгөлөг хуй замьтнхаа дөрөвний гурвыг туулж, одоо доош сорогдох мэт болсон хар тэнгэр, усны цайвар, цагаан судалт гадаргуу хоёрын дунд галзуу мэт эргэлдэх усан манан болон хувирчээ. Нуур тэнгис мэт болж, аварга том долгионууд эргийн зүг довтлон, давалгаа хагалагч, зогсоолыг мөргөж эхэллээ. Харин нуурын голд цагаан толгойт давалгаанууд ар араасаа хөвнө. Усан хуй харцыг өөртөө татаж байлаа. Тэр манай эрэгт бараг тулж ирэхэд гэнэт цахилгаан аймшигтай хурцаар гялсхийж, би нэг хэсэгтээ зургийн аппаратын хальсыг харах мэт сохрох шахлаа. Утас айх мэт жинхийв. Би эргэж хүү, эхнэр хоёр нуурын баруун хойд зүг харсан том шилэн цонхны наана зогсоод гадагш харцгааж байхыгхарлаа. Гэнэт надад шил дотогш цөм үсрэн хагарч, шилний сум шиг хурц хэлтэрхийнүүд эхнэрийн нүцгэн гэдэс, хүүгийн нүүр рүү цацагдаж байгаа аймшигт дүр зураг харагдах шиг болов. Би тэдний гараас шүүрэн авч цонхноос чирэх шахам холдууллаа. -Ямар чөтгөрөө хийгээд энд зогсоод байгаа юм. Холдоцгоо! Стефф намайг гайхсан нүдээр харж, харин Билли гүн нойрноос сэрэх мэт болчихов. Би тэднийг гал тогоонд аваачиж, гэрэл асаалаа. Утас бас л жинхийн дуугарлаа. Яг энэ үед салхи дайран орж ирлээ. Байшин маань эгээ л “Боинг-747“ онгоц мэт хөөрч байх шиг надад санагдав. Хаа ч юм салхи жингэнэтэл исгэрэн шуугиснаа нарийхнаар чарлах дуун болж хувирлаа. -Доошоо бууцгаа гэж би Стеффид хашгиран хэллээ. Яг байшингийн дээр аварга том моддыгхооронд нь балбах мэт тэнгэр дуугарлаа. Билли миний хөлөөс тэврэв. -Чи ч бас доошил гэж Стефф надад хэллээ. Би толгой дохиод тэднийг доош хөөн гараа савчив. Биллиг арайхийж өөрөөсөө салгалаа. -Ээжтэйгээ яв. Аав нь лаа хайж олоод очно. Хүү ээжийнхээ apaac явж, харин би лаа хайн хайрцагнуудаа үзэж эхэллээ. Лаа гэж сонин эд шүү. Хавар болгон зуны шуурганаар тог тасарч магад хэмээн лаа авч хадгалдаг, тэгээд яг хэрэг болохоор тэд “нуугдчихдаг“. Дөрөвдэх хайрцаг. Дөрвөн жилийн өмнө Стефф бид хоёр худалдаж аваад дахиж бараг гар хүрээгүй арван таван грамм “өвс“, Биллид авч өгсөн тоглоомон аварга загас, гэр бүлийн альбомд наана гэж Стефф аль эртнээс яриадбайгаа баахан фото зураг. Би барааны сурталчилгааны зузаан номыг өргөж, Тайландад хийсэн хүүхэлдэйн араар шагайв. Хүүхэлдэйг би спортын тоглоомд хожиж шагнуулсан юм. Гялгар уутанд боодолтой лаанууд яг энэ амьгүй шилэн нүдэт хүүхэлдэйн доор байжээ. Энэ үед гэрэл тасарч, тэнгэрийн цахилгаанаас өөр гэрэлтэх зүйлгүй болов. Зочдын өрөөнд байсхийгээд л гэрэл гялалзана. Дор Билли уйлж, Стефф тайвшруулж байгааг би сонслоо. Би тэнгэрийн байдлыг дахин нэг харахаар дээшлэв. Хуй салхи хаашаа ч юм алга болсон ч хорин метрээс цааш юу ч үл харагдана. Ус бараг л буцалж байх шиг. Жессерийнхний бололтой завины зогсоолыг хуу татчихсан, тэр нь нэг далд орж, нэг ил гаран урсан өнгөрлөө. Намайг доош буумагц Билли дахин өвдгөөр тэвэрч авлаа. Би түүнийг өргөн өөртөө наалдуулаад, дараа нь лаануудыг асаав. Бид миний ажлын өрөөний дэргэдэх зочдын өрөөнд сууцгаав. Суугаад лааны анивалзах гэрэлд бие биесээ ширтэн, гадаа хуугинан дуугарах шуургыг чагнацгаалаа. Хорин минутын дараа унаж байгаа модны чимээ сонсогдоход бид хажууханд ургадаг хэдэн том нарсны нэг унасныг ойлголоо. Тэгээд чимээ намдав. -Намдаж байна уу? -гэж Стефф асуулаа. -Магадгүй, үгүй ч байж магад. Бид гурвуул харанхуйд яваа лам нар мэт лаа барьцгаан цувран дээшлэв. Билли лаагаа болгоомжтой, гэхдээ сүрхий итгэлтэй барьж явна, гал түүнийг айдсаас ангижруулж байгаа бололтой. Гэрэл байхгүй шахам болохоор байшин хэр зэрэг эвдэрч хэмхэрснийг тогтоох арга алга. Билли хэдийнэ унтах болсон ч Стефф бид хоёр түүнийг орондоо орохыг шаардсангүй. Бид зүгээр л зочдынхоо өрөөнд суугаад салхины дууг чагнаж, цахилгаан цахилахыг харж байлаа. Цагийн дараа салхи дахин ширүүсч эхлэв. Өмнөх гурван долоо хоногийн турш хорин таван хэм халуун байсан, бас энэ хорь гаран хоногийн зургаад нь Портлэнд-Жетпортын Үндэсний Цаг Уурын Албанаас халуун гучин хэм давсан тухай зарлаж байсан. Итгэмээргүй халуун. Дээр нь хатуу өвөл, бас оройтсон хавар, ингээд л хүмүүс энэ бүхэн бол тавиад оны атомын бөмбөгийн туршилтын үр дүн гэж ярьцгааж эхэллээ. Үүний тухай, бас ертөнцийн сөнөлийн тухай. Бүх хоосон ярианы хамгийн эртнийх. Салхи нэг их хүчтэй биш байсан ч, дахин хэдэн мод унах чимээ гарч, бүр намдаж эхэлж байх үед нэг нь манай байшингийн яг дээвэр дээр уналаа. Билли босон харайж айсан шинжтэй дээвэр рүү харав. -Хүү минь зүгээр, дээвэр тэснэ гэж би хэллээ. Билли айсан ч инээмсэглэх аядаж байна. Арван цагийн үед салхи эцсийн удаа ширүүслээ. Эхний удаагийнх шиг шуугин исгэрч, цахилгаан байшинг тойрон маналзав. Модод унасаар л байна. Усны ойролцоо юу ч юм тасхийн унаж, Стефф дуу алдав. Харин Билли сэрсэнгүй, өвөр дээр нь унтана. -Дэвид, энэ юу байсан бэ? -Манай завины саравч л бололтой. -Бурхан минь. -Доош бууя гээд би босч, Биллиг гартаа авлаа. Стефф айсан том нүдээрээ намайг ширтэнэ. -Дэвид, бүх юм зүгээр гэдэгт чи итгэж байна уу? -Тиймээ. Бид доош буулаа. Арван минутын дараа салхи дахин ширүүсэхэд дээр тас нясхийх дуу гарч, том цонх хага үсэрлээ. Миний урьд нь айж болгоомжилсон нь зөв байсан бололтой. Унтаж эхэлж байсан Стефф хашгиран сэрэв. Зочдынорон дээр унтаж байсан Билли тийчиллээ. -Өрөөнд ус ороод хамаг юм баллачих байхдаа. -Одоо яая гэхэв. Мебель тавилгуудыг даатгасан шүү дээ. -Энэ ч намайг тайвшруулахгүй дэг гэж Стефф гоморхлоо. -Ээжийн чинь хувцасны шүүгээ. Манай шинэ буйдан. Өнгөт зурагт. -За унт унт. -Чадахгүй нь гэж тэр хэлсэн ч таван минутын дараа унтчихав, Би гучаад минут унтсангүй, нэг лаа өөртөө үлдээгээд гадаа шуурга улин исгэрч байгааг чагнан суув. Маргааш нуурын эргэн тойронд амьдардаг олон хүн өөрсдийн даатгалын агентуудыг дуудаж, унаж байгаа модонд дээвэр, цонхоо хэмхлүүлсэн байшингийн эздийн цахилгаан хөрөөнүүд хангинаж, замаар эрчим хүчний компаний ягаан машинууд давхилдаж эхлэхийг би дотроо төсөөлөн бодож байлаа. Шуурга намдаж, дахин ширүүсэхгүй байх гэж бодогдов. Стефф, Билли хоёрыг би орхин дээшилж, байшин хэр хэмхэрснийг харахаар шийдлээ. Хаалга эвдэрсэнгүй, харин том цонх байсан газар эвгүй онгойж, аль эртнээс ургаж байсан хусны мөчрүүд нүхээр нь цухуйна. Энд би Стеффийн даатгуулсан гээд тайвширч чадахгүй гэж хэлснийг саналаа. Би энэ модонд хайртай байсан. Энэ модыг би хэзээ ч хөрөөдөх тухай бодож байгаагүй, бид хоёр олон ширүүн өвлийг хамтдаа өнгөрүүлсэн билээ. Шалаар нэг тархсан шилнүүд лааны гэрэлд гялалзаж, би өглөө Стефф, Билли хоёрт хөл нүцгэн явж болохгүй гэж хэлэх хэрэгтэй юм гэж бодлоо. Би доош буулаа. Тэр шөнө бид гурав бүгд нэг орон дээр, Стефф бид хоёрын дунд Билли хэвтэн хоноцгоов. Тэгээд шөнө нь би нуурын нөгөө эргээр, Харрисоноор Бурхан явж байна хэмээн зүүдэллээ. Бурхан аварга том, цээжин бие нь цэнхэр тунгалаг тэнгэрт тээр дээр харагдана. Нойрон дундаа би Бурхан газар гишгэхдээ мод мөчрийг хуга дарж явааг сонсож байв. Тэр эргээр тойрон явж, бидэнд, Брижтонд улам ойртож байна. Байшингууд, амбаар саравч, сүүдрэвчүүд түүний өмнө цахилгаан мэт хөхөлбөр цагаан өнгеөр гялалзан шатаж, удалгүй ойр хавьд бүгд утаанд далд орлоо. Манан мэт цагаан утаанд бүрхэгдлээ.2. Шуурганы дараа. Нортон. Хот орсон нь. -О-о-о гэж Билли дуу алдав. Тэр манай газрыг Нортоныхоос тусгаарладаг хашааны дэргэд зогсоод байшингийн зүг чиглэсэн модот гудамжийг харна. Дөчөөд метр урт энэ модот гудамж шороон замд хүрч, тэр зам нь километр илүү үргэлжилсний дараа Канзас- роуд гэдэг засмал замд нийлдэг юм. Тэндээс та ядаж Брижтон хүртэл дуртай зүгтээ явж болно. Би Биллийн харж буй зүг хараад дотор хүйтэн оргив. -Тийш бүү яваарай хүү минь. Бүр энд ч хэтэрхий аюултай байна. Билли маргасангүй. Энэ өглөө яг хонхны дуу мэт цэвэр, тунгалаг байлаа. Халуун болж байхад нэг л уранхай цоорхой мэт санагдаж байсан тэнгэр харин одоо бараг л намрын цэнхэр өнгөөр туяарна. Хөнгөн салхи салхилж, замаар нарны гэрэл, модны сүүдрийн хар толбонууд хөгжилтэй жирэлзэнэ. Биллийн зогсож буй газраас холгүй исгэрэх мэт чимээ гарч байлаа, тэнд зэрвэс харахад могойн чуулган болж байгаа мэт, энэ нь манай байшингийн цахилгааны утас тасарч, одоо хорьхон мeтрийн цаана овоорон хэвтэнэ. Заримдаа утаснууд залхуутайгаар хөрвөн эргэж, цахилгааны дөлөөр тургиж байлаа. Хэрэв аадар орж, байшинг сайтар норгож өгөөгүй бол байшин шатаж ч болох байв. Харин одоо бол цахилгаан утас овоорсон тэр хэсэгт л зүлгийг харлатал нь шатаажээ. -Ааваа, цахилгаан хүнийг алж чадах уу? -Чадна, хүү минь. -Тэгвэл бид яах вэ? -Яах ч үгүй. Эрчим хүчний компаний машиныг хүлээнэ дээ. -Тэд хэзээ ирэх юм бэ? -Мэдэхгүй. -Таван настай хүүхдийн асуултуудад бүгдэд нь хариулах арга байхгүй. -Өнөөдөр тэд маш их ажилтай байгаа. Миний хүү аавтайгаа гудамжаар явах уу? Тэр миний араас явснаа цахилгаан утсыг айсан шинжтэй ширтэн зогслоо. Утасны нэг нь овойж ирснээ өөрийн зүг дуудах мэт удаан нумран эргэлээ. -Аав, цахилгаан газраар явж чадах уу? Зөв л асуулт байна. -Чадна, гэхдээ санаа бүү зов. Цахилгаанд чи биш, газар хэрэгтэй. Хэрэв ойртож очихгүй л бол яах ч үгүй. -Газар хэрэгтэй. -гэж тэр бувтнаад гүйн ирж, бид хөтлөлцөн гудамжаар цааш явлаа. Миний бодсоноос бүх зүйл муу байлаа. Зам дээр дөрвөн мод унасны нэг нь жижиг, хоёр нь дунд зэргийн, тэгээд бүр хөгшин аварга том, илжирсэн хувцас өмссөн мэт хөвдөөр хучигдсан, өргөнөөр лав метр хагас хүрэх аварга мод хэвтэнэ. Навч нь хагас дутуу халцарсан мөчир хаяагүй хэвтэхтул Билли бид хоёр жижиг мөчрүүдийг замаас холдуулан шидэлж явав. Энэ бүхэн хорин таван жилийн өмнө болсон явдлыг надад санагдууллаа. Би тэр үед Билли шиг л байж. Тэр өдөр манай хамаатан эрчүүд бүгд цуглаж, хурц сүх, мод тас цавчдаг сэлэм аван бургас тайрахаар ойн зүг одсон юм. Ажлын дараа бид манай эцэг эхийн барьсан байшингийн гадаах сүүдрэвчтэй урт ширээнд зэрэгцэн суугаад зайдас, махтай пирожки, төмсний салат хэмжээгүй их идэж билээ. Пиво гол мэт урсаж, эцэст нь манай Рубен ах хувцас гуталтайгаа нууранд шумбаснаар найр дууссан юм. Тэр цагт ойд буга хүртэл явдаг л байлаа.-Аав, би нууранд очиж болох уу? Тэр мөчир шидэлсээр залхчихаж, харин бага хүүхэд ямар нэг зүйлээс залхвал түүнийг саатуулах хамгийн найдвартай арга бол өөр нэг зүйлээр тоглохыг санал болгох юм. -Болноо, хүү минь. Бид хамт байшинд эргэн ирэхэд Билли унасан цахилгаан утсыг холуур гэгч нь тойрсоор баруун тийш гүйж, харин би зүүн тийш явлаа. Энд, гаражинд миний “Макколох“ хөрөө байгаа юм. Яг л миний мэдэж байснаар нуурын эргээр нэг цахилгаан хөрөөний дуу хангинаж эхэллээ. Би хөрөөний баканд бензин хийгээд цамцаа тайлж модот гудамжны зүг хөдлөх үед унасан моддыг гайхан харсаар байшингаас Стефф гарч ирлээ. -Гайгүй юу? -Аргална аа. Гэрт ямар байна? -Би шилний хэлтэрхийнүүдийг цэвэрлэчихсэн, гэхдээ Дэвид, чи тэр хус модыг аргалаач. Зочдын өрөөнд мод байх чинь эвгүй шүү дээ. -Чиний зөв байх аа. Бид бие биесээ хараад инээлдэж, харин өглөөний нар хурцаар гэрэлтэж байлаа. Би хөрөөгөө үүдни