ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠠᠬᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠴᠢᠯᠠᠭᠤᠨ ᠬᠥᠰᠢᠶᠡᠨ ᠤ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠳᠤ
1 STUDIA ARCHAEOLOGICA INSTITUTI ARCHAEOLOGICI ACADEMIAE SCIENTIARUM MONGOLICAE Tomus XXXIV 2014 Fasciculus 16 Ч.АМАРТҮВШИН, О.БАТЗОРИГ МОНГОЛ НУТАГ ДАХЬ ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨНИЙ СУДАЛГААНЫ АСУУДАЛД (Газарзүйн мэдээллийн санд тулгуурласан дүн шинжилгээ) Монгол нутагт олон цаг үед хамаарагдах 500 гаруй хүн чулуун хөшөө бүртгэгдсэн гэсэн мэдээлэл бий боловч тэдгээрийн он цагийн хамаарал, тархалт, хийц загварын ялгаатай тал зэргийг тусгасан мэдээллийн сан өнөө хир алга байна. Ийм төрлийн мэдээллийн сан нь зөвхөн хүн чулуун хөшөөгөөр тогтохгүй Монголын археологийн нийт дурсгалын судалгаанд тулмагдаад байгаа асуудал хэмээн үзэж болно. Иймээс бид эхний ээлжинд манай улсад хамгийн цэгцтэй судлагдагдсан чиглэл болох хүн чулуун хөшөөг сонгон авав. Газарзүйн мэдээллийн санд тулгуурласан археологийн судалгаа Монголын археологийн судалгаанд газарзүйн мэдээллийн сан буюу ArcGIS програмад тулгуурласан судалгааны ажил сүүлийн жилүүдэд нилээд хийгдэж боломжийн хирээр туршлага хуримтлуулсан хэдий ч доорхи судалгаануудаас харахад тухайлсан бүс нутагт тулгуурлсаар иржээ. 1994 оноос хэрэгжиж эхэлсэн Монгол-Орос-Америкийн хамтарсан хадны зураг судлалын “Алтай” төслийнхөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан салаа, Бага Ойгор, Согоо гол, Хотон нуур, Хурган нуур, Даян нуур, Сагсай, Ховд гол зэрэг газарт археологийн хайгуул судалгааны ажлын үр дүнгээ ArcGIS програмын газрын зурагт буулгаж нэгэн сэдэвт бүтээл хэвлүүлсэн байна [Esther Jacobson-Tepfer, 2010]. 1997-2001 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын сав нутагт Монгол- Америкийн хамтарсан “Умард Монгол” төслийн баг нарийвчилсан хайгуулын ажилд хэрэглэж эхэлжээ [Ханичёрч нар, 2004]. Тэд цаашлаад 2003-2008 онуудад Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Бага газрын чулуу [Врайт, 2010], 2013 оноос Сүхбаатар аймгийн Түвшинширээ [Амартүвшин нар, 2013], Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд [Амартүвшин нар, 2014] хийсэн хайгуул судалгааны ажилд өргөн ашиглаж байна. 2007 оноос ШУА-ийн Археологийн хүрээлэн, Алтай судлалын хүрээлэнтэй хамтран Баян-Өлгий аймгийг бүхэлд нь хамарсан археологийн хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж эхний үр дүнгээ нэгтгэн нэгэн сэдэвт бүтээл хэвлүүлэхдээ тархалтын зургийг ArcGIS програм ашиглан хийсэн байна [Төрбат нар, 2009]. 2008 оноос БСШУЯ-ны дэргэдэх Соёлын өвийн төв Хэнтий [Энхбат нар, 2008а], Сүхбаатар [Энхбат нар, 2008б], Дорнод, Дорноговь [Энхбат нар, 2010], Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон [Энхбат нар, 2012а], Булган [Энхбат нар, 2012б], Өвөрхангай [Энхбат нар, 2011а], Дундговь, Архангай зэрэг аймгуудын нутагт ажиллаж 3100 орчим 2 дурсгалт газрын дурсгалыг бүртгэн баримтжуулж, холбогдох мэдээллийг улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд ArcGIS тулгуурлан хийжээ. 2010-2012 онуудад Монгол-Германы хамтарсан “Хархорум” төслийн хүрээнд хэрэгжиж буй “Орхоны хөндий дэх гео-археологийн судалгаа” хээрийн шинжилгээний анги Өвөрхангай аймгийн Хар Хорин, Хужирт, Бат-Өлзийт болон Архангай аймгийн Хашаат, Хотонт, Өгийнуур сумдын нутгийг хамарсан өргөн хүрээний хайгуулыг газарзүйн мэдээллийн сангийн тулгуурлан гүйцэтгэсэн байна [Bemmann et al., 2011]. 2011 оноос хэрэгжиж эхэлсэн Монгол-Америкийн хамтарсан “Тарвагатайн голын хөндий” төсөл Булган аймгийн Тэшиг сумын нутаг Тарвагатайн голын хөндийд хийж буй археологийн нарийвчилсан хайгуулын ажлаа газар зүйн мэдээллийн санд тулгуурлан гүйцэтгэж байна [Галдан нар, 2013: 75-84]. Монгол-Монакогийн Вант улсын хамтарсан төсөл Архангай аймгийн Их Тамир сумын нутаг Хойд Тамирын голын хөндийд хийж буй археологийн хайгуул болон бүртгэлийн ажилдаа ажилдаа газарзүйн мэдээллийн санг түлхүү ашиглан зарим бүтээлийг нийтлүүлсэн байна [Хойд Тамирын голын , 2012]. 2012 онд ШУА-ийн Археологийн хүрээлэн, АНУ-ын Статисткийн судалгааны төвтэй хамтарсан Хөвсгөл, Булган, Орхон аймгийн нутагт авран хамгаалах хайгуулын явцад газарзүйн мэдээллийн санд тулгуурласан таамаг судалгаа болон нэгдсэн мэдээллийн сан үүсгэх гэсэн хоёр төрлийн судалгааг хослуулан хэрэглэсэн байна [Gunchinsuren et al., 2013]. Мэдээллийн сан бүрдүүлэх аргачлал Тухайн дурсгалын тархалт, байршлыг тодорхойлох болон газрын зураг бэлтгэхэд Google Earth Pro, Газарзүйн мэдээллийн систем (ArcGIS Desktop-ийн ArcInfo 10.1), Garmin Mapsourse зэрэг програмыг ашигласан бол нарийвчилсан дүн шинжилгээг математик тооцооны аргаар баганан болон дугуй диаграммаар Microsoft Excel Worksheet програм дээр тулгуурлав. Газарзүйн мэдээллийн систем (ГМС) гэдэг нь орон зай утга бүхий мэдээг бэлтгэх, мэдээнд дүн шинжилгээ хийх, түүнийг танилцуулах үе шатууд бүхий цахимжсан систем юм. ГМС-д дэлхий дээр суурилсан хэд хэдэн солбицолын системийг хооронд нь хөрвүүлэх арга, байр зүйн холболт хийгдсэн мэдээнд боловсруулалт болон тооцоолол хийх арга, мэдээллийг танилцуулах өнгөний ялгарал, таних тэмдгүүд гэх мэт олон төрлийн функцууд байдаг [Саандарь, 2006]. Монгол нутаг дахь хүн чулуун хөшөөдийг нэгтгэсэн тоон мэдээллийг санг бүрдүүлэхдээ а. газарзүйн солбицол байршилыг тогтоож тархалт болон бусад зүйлийг хавтгай дээр харуулсан газрын зураг бэлтгэх, б. хүн чулуун хөшөөдийг бүсчлэлийн кодын системд оруулах, в. нутаг дэвсгэр, хийц загвар, утга учир, чулууны төрөл, хамгаалалт гэх зэрэгт анхаарлаа хандуулав. Энэхүү судалгаа хийхдээ Монголын хүн чулуун хөшөөдийг тусгайлан судалсан археологич Д.Баярын [Баяр, 1995], [Баяр, 1997], [Баяр нар, 1999], [Баяр, 2001] нэгэн сэдэвт бүтээлүүдийг гол болон ашигласнаас гадна зарим бусад судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл, хайгуул судалгааны тайлан зэргийг эх хэрэглэгдэхүүн болгон ашиглав. 3 Мэдээллийн сан бүрдүүлсэн дараалал Археологийн хэрэглэгдэхүүн: Хүн чулуун хөшөөдийн тухай гарсан судалгааны нэгэн сэдэвт бүтээлүүд, хэвлэгдсэн өгүүлэл, эрдэм шинжилгээний тайлан зэргээс хүн чулуун хөшөөдийн мэдээллийг цуглуулав. Бүртгэлийн маягт. Археологийн хэрэглэгдэхүүн буюу мэдээллийг тодорхой загвар оруулж ангилахын тулд бүртгэлийн маягтыг зохиож маягтын дагуу археологийн хэрэглэгдэхүүнд бичмэл text мэдээллийг тоон системд оруулав. Энэхүү бүртгэлийн маягтыг онцлог, ялгаатай талуудыг илтгэхүйц цэгцтэй байх талаас нь бодолцон дүрслэл, зохиомжинд тулгуурласан ангилалаар гүйцэтгэлээ. Харин бүртгэлийн маягтанд хүн чулуун хөшөөний малгай, гэзэг үс, хундага сав суулга, зэр зэвсэг, гутал, хавтага, хутга зэрэг зарим дүрслэлүүдийг оруулсангүй. Учир нь эдгээр дүрслэлүүд нь цагийн аясаар бүдгэрч яг ямар дүрслэл болохыг тодорхойлоход хүндрэлтэй болохыг судлаачид тэмдэглэснээс гадна энэ талаарх мэдээлэл харилцан адилгүй байв. Мэдээллийн сан (Windows Excel). Энэ нь хүснэгтэнд мэдээлэл боловсруулах, тооцоолуур хийх, эдийн засаг, статистик, инженерийн тооцоонд хэрэглэгдэх төрөл бүрийн функцүүдийг ашиглан боловсруулах, хүснэгтийн өгөгдлүүдээр график, диаграмм байгуулах зэрэг үйлдлийг гүйцэтгэх боломжоор хангагдсан асар том электрон хүснэгт бүхий хэрэглээний програм юм. Хамгийн гол нь энэ програм нь газарзүйн мэдээллийн систем буюу ArcGIS програмтай шууд хөрвөх боломжтойгоос гадна газрын зургийн анализ хийхэд хүснэгтэнд бэлтгэсэн мэдээллийн сан шаардлагатай болдог. Газарзүйн солбицолыг тодорхойлох. Мэдээллийн сангийн хамгийн чухал хэсэг бол тухайн дурсгалын байршлыг тодорхойлох солбицол бөгөөд манай улсад солбицол тогтоох багаж (GPS) хэрэглээнд ороод ойролцоогоор 20 орчим жилийн болоод байна. Иймээс бидний сонирхон буй дурсгалын судалгаа 1970-аад оноос идэвхитэй хийгдэж эхэлсэн бөгөөд ихэнх нь тодорхой солбицолгүй, газарзүйн байршлыг тойм төдий тодорхойлсон маягтай байв. Солбицол тогтоох багаж археологийн судалгаанд өргөн хэрэглэгдэж эхэлснээр зарим хүн чулуун хөшөөд тодорхой солбицолтой болж өгсөн юм. Иймээс бид хүн чулуун хөшөөг дотор нь солбицолтой болон солбицолгүй гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан авч үзэв. Тодорхой солбицолтой дурсгалын хувьд шууд мэдээллийн санд авч хэрэглэнэ. Харин солбицол тодорхойгүй дурсгалын хувьд доорхи аргачлалыг ашиглав. Үүнд, Археологийн хэрэглэгдэхүүнд тусгагдсан тухайн дурсгалын газарзүйн байршлын талаарх мэдээллийг нягтлав. Жишээлбэл, “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвөөс зүүн урагш 4-5 км зайтай Их ханы нуурын ойролцоо, одоо тариан талбай болгон болгон хагалсан газрын дунд Түрэгийн тахилгын хоёр хашлагын өмнө хоёр хүн чулуу байна” [Баяр, 2001,28] гэсэн тодорхойлолтыг авч үзье. - Google Earth програмын kmz форматаар Монгол улсын засаг захиргааны нэгжийн хувиаралтыг ашиглав. “Хүрээлэн буй орчны чиглэлээр ажилладаг судлаач, багш, мэргэжилтэн, оюутан, сонирхогч нарт зориулж Монгол орны газарзүйн, засаг захиргаа, хүрээлэн буй орчны мэдээллийг kmz форматаар олон нийтэд дэлгэсэн байдаг1. - Mapsheets-Монгол орны аймаг, сумын хил, төвүүдийг давхцуулан харуулна. Эдгээр татаж авсан мэдээлэл дээр Google Earth-ын kmz форматаар mapsheets монголын 1 https://sites.google.com/site/gazriinzurag/engineering-docs/2-5-tatah---kml-gis цахим хаягаар авах боломжтой. 4 орны 1:100 000 масштаб бүхий байршил зүйн зурагтай нэгтгэн харуулж Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвийг олно. - Google Earth болон байршил зүйн зураг дээр “Эрдэнэмандал сумын төвөөс зүүн урагш 4-5 км зайтай Их ханы нуурын ойролцоо, одоо тариан талбай болгон болгон хагалсан газрын дунд” гэсэн тодорхойлолтын дагуу Google Earth дээрх -ийн тусламжтайгаар Эрдэнэмандал сумын төвөөс зүүн урагш 4-5 километр зайг хэмжинэ. Ингэхэд Их ханы нуур болон тариан талбай гэсэн хоёр тодотгогч байршил зүйн зурагт байна. - Энэ газрын солбицолыг авахын тулд Google Earth дээр -ыг ашиглан гүйцэтгэнэ. Гэхдээ тодорхойлсон цэгийг байрлуулахдаа тухайн газарт ямар нэгэн айлын өвөлжөө, гэр, барилга байгууламжийн талаар нэмэлт тэмдэглэгээ хийж хожим энэхүү таамаг солбицолыг шалгах тохиолдолд тэндээс баримжаа авах, тодруулах боломжтой хэмээн үзэв. Бүрдүүвч 1. Мэдээллийн сан бүрдүүлсэн аргачлал 5 - Дээрх аргачлалын дараа Их ханы нуурын хүн чулуу хөшөөний солбицол уртрагийн 48.476652, өргөрөг 101.37573 болж байна. Солбицолыг өгөгдөлөөр тодорхойлно. Учир нь солбицолыг Газарзүйн мэдээллийн систем буюу ArcGIS програмад оруулахад илүү хялбар, төвөг багатай байдагтай холбоотой юм. Газарзүйн солбицолын системийг градус, минут, секунд дээр илэрхийлэгддэг бол Decimal Degrees нь үүнийг минут, секундын бутархай оронд шилжүүлсэн хэлбэрийг хэлдэг. Харин далайн түвшнээс дээших өндрийг тодорхойлохдоо Google Earth програмын мэдээг ашиглав. Ийнхүү дээрхи зургаан үйлдлийг гүйцэтгэснээр Эрдэнэмандал сумын Их ханы нуурын хүн чулуун хөшөөний солбицолыг таамаглан тодорхойлсноор Газарзүйн мэдээллийн систем (ArcGIS)-д оруулах боломжтой болно. Хүн чулуун хөшөөний тархалтанд хийх дүн шинжилгээ Хүрэл зэвсгийн үеийн хүн чулуу хөшөө. Энэ үед хоёр зүйлийн дурсгалыг хамруулан авч үзэв. Үүнд, хүрэл зэвсгийн эхэн үеийн дурсгал болох Хээмцэг (Чемурчек)-ийн соёлд хамаарагдах хүн чулуу, сүүлийн үеийн дурсгал болох буган хөшөөнд дүрсэлсэн хүний нүүрний дүр багтаж байна. Алтайн бүс нутагт сүүлийн жилүүдэд илрээд байгаа хүрэл зэвсгийн эхэн үеийн дурсгал бол Хээмцэгийн соёлын булшнууд юм. Энэ соёлыг 1960-аад онд Хятадын археологичид нээсэн бөгөөд одоогоор Шинжан Уйгарын өөртөө засах орны хойд хэсэг, Алтайн нурууны баруун талаар голчлон тархсан болохыг тогтоогоод байна. Хээмцэгийн соёлын хоёр ч булшны дэргэдээс хүн чулуун хөшөө илэрсэн байдаг. Ховд аймгийн Булган сумын Ягшийн хөдөөгийн 3-р булшны зүүн талд цайвар өнгийн боржин чулуугаар хийсэн хүн дүрст хөшөө байжээ. Хөшөөний нүүрийг дугуй хэлбэртэй гаргаж нүд хөмсөг, хамрыг тод мэдэгдэхээр сийлсэн ба 2 гарыг цээжин дээрээ авсан байдлаар зүүн гарт нь нум, баруун гарт нь урт нарийхан зүйл бариулж дүрслэжээ [Эрдэнэбаатар нар, 2007, 37-38]. Авын хөх ууланд 2010 онд малтсан нэгэн булшны дэргэдээс илэрсэн хүн чулуу нь булшны зүүн талд 3 м орчим зайд байрлах бөгөөд өмнөхөөс хэлбэрийн хувьд нилээд өөр, урт гонзгой хэлбэртэй хөх өнгийн хайрган чулуугаар хийгдсэн байна. Хөшөөний нүүрэн тал болон хоёр хажууг засч, ар талыг тэр хэвээр орхисон байжээ. Ерөнхийдөө зогч буй эрэгтэй хүний дүрслэл бөгөөд баруун гартаа нум барьж, зүүн гараа цээжин дээрээ тавьсан байдалтай, нүүрийг нь урт хөмсөг, зууван дугуй нүдтэй, унжуу урт хамартай, ооч сахалтай, зузаан уруултайгаар дүрсэлсэн байна [Төрбат нар, 2010, 170-183]. Буган чулуун хөшөө нь гонзгой урт чулуунд олон бугын дүрсийг сийлэн гаргаж чимэглэсэн байдгаараа буган хөшөө гэсэн нэрийг өгсөн боловч ерөнхий утга агуулга нь хүний биеийг дүрсэлсэн болох нь нэгэнт тодорхой болсон бөгөөд түүний баталгаа гэвэл хөшөөний дээд үзүүрт хүний нүүрийн дүрсийг товойлгон сийлж үйлдсэн буган хөшөө цөөнгүй олддог явдал юм. Ихэнх буган чулуу, хүний толгойн дүрслэлгүй байдаг ч, хүний эдэлж хэрэглэх эд зүйлс, тухайлбал бүс болон бүснээс зүүсэн зэр зэвсэг, ахуйн хэрэгцээт бусад зүйлсийг хамт дүрсэлсэн байдаг нь энэ хөшөө үнэхээр хүний биеийг төлөөлсөн зүйл болохыг гэрчилдэг. Эдгээр хөшөөдийг байрлуулж тавьсан зүг чиг, хаана юун дээр цогцолдог байсан болон ямар утга агуулсан зэрэг нь хожмын Түрэг, Монголын хүн 6 чулуун хөшөөтэй ижил байдаг нь анхаарал татах асуудлын нэг билээ. Зарим судлаачид Түрэгийн хүн чулуун хөшөөний үүсэл гарлыг буган чулуун хөшөөнөөс эх үүсвэртэй гэх санал байдаг хэдий ч эдгээр дурсгалыг үүсэл гарлын залгамж холбоотой гэж үзэхэд дурсгалуудыг хийж бүтээсэн цаг үе нь дэндүү их зөрөөтэй бөгөөд эдгээрийг цаг үеийн хувьд холбох завсрын дурсгал үгүй гэдгийг үндэслэн эдний хооронд ямар нэгэн шууд холбоо байхгүй хэмээн үздэг [Баяр, 2001]. Хүрэл зэвсгийн эхэн үед хамаарагдах Хээмцэгийн булш оршуулгын дурсгалтай нэгэн цогцолбор болон орших хүн чулуун хөшөө, тухайн үеийн дунд, төгсгөл үеийн сонгодог дурсгал болох буган хөшөөн дэхь хүний нүүрний дүрслэл нь манай улсад одоогоор мэдэгдээд байгаа хүн дүрст чулуун хөшөөний хамгийн эртний дурсгал хэмээн үзэж болно. Газрын зураг-1. Хүрэл зэвсгийн үеийн хүн чулуун хөшөө болон хүний нүүр дүрсэлсэн буган хөшөөний тархалт Түрэгийн үеийн хүн чулуу хөшөө. Түрэгийн тахил тайлгын онгоны нэг бүрэлдэхүүн хэсэг болох хүн чулуун хөшөө нь тухайн үеийн хүмүүсийн төрх байдал, хувцас өмсгөл, эд хэрэглэл, гоёл чимэг, зэр зэвсгийн төрөл зүйл, тэдгээрийн онцлог зэргийг сэргээн тодруулж судлахад онцгой ач холбогдолтой эх сурвалж баримт төдийгүй тэр үеийн дүрслэх урлагийн хөгжил, гоо сайхны хэм хэмжээг илтгэн харуулдаг байна. Түрэгийн хүн чулуун хөшөөг чухам хэнд зориулан босгож байсан талаар судлаачдын дунд эсрэг тэсрэг үзэл бодол оршсоор иржээ. Нэг хэсэг судлаачид эдгээр хөшөө нь нас барсан баатар эрийн хамгийн хүчит дайсан этгээдийг дүрслэн үзүүлсэн дурсгал гэж үздэг бол нөгөө зарим нь нас барсан баатрыг өөрийг нь дүрслэн түүнд зориулж босгосон хөшөө гэж үздэг байна. Түрэгийн тахилын онгонууд нь хүн дүрстэй чулуун хөшөө, түүний өмнөөс зүүн урагш чиглүүлэн цувуулан зоосон балбал буюу зэл 7 чулуу хэмээх хоёр үндсэн хэсгээс бүрэлддэгээс үүдэн эдгээрийг хооронд нь хольж хутгах явдал гарч ийм зөрүүтэй үзэл бодол үүсэхэд нөлөөлжээ [Баяр, 1997]. Газрын зураг-2. Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөний тархалт Уйгурын үеийн хүн чулуу хөшөө. Монгол нутаг илэрч олдсон хүн чулуун хөшөөдийн ихэнхи нь хийсэн арга барил, загвар, дүрслэл хийгээд дүрсэлж гаргасан эд юмсын хувьд эртний Түрэгийн үед холбогдож байгаа нь нотлогдсон. Хэдий тийм боловч эдгээрийн дотор үндсэн шинж тэмдгүүдээр өмнөх үеийн нийтлэг загвараас эрс ялгаатай цөөн тооны хүн чулуун хөшөө бий. Ийм өвөрмөц хэлбэр