ᠤᠷᠤᠰ ᠤᠨ ᠨᠡᠷᠡᠲᠦ ᠡᠷᠳᠡᠮᠲᠡᠨ ᠨᠢᠺᠣᠯᠠᠢ ᠮᠢᠬᠠᠶᠢᠯᠣᠸᠢᠴᠢ ᠫᠷᠵᠸᠧᠠᠯᠢᠰᠺᠢ ᠶᠢᠨ ( 1839 — 1888 ) ᠲᠤᠪᠴᠢ ᠨᠠᠮᠳᠷ
Николай Михайлович Пржевальский (1839-1888) Оросын алдарт жуулчин Н.М. Пржевальский Смоленск мужийн Кимберова тосгонд төржээ. Бага, дунд сургуульд сурч байх үеэсээ дэлхийн байдал, амьтан судлал, ургамал судлалын ухааныг ихэд сонирхдог байв. 1861 онд Петербургийн Цэргийн академид суралцаж байхдаа хийсэн судалгааны ажил нь Оросын Газарзүйн нийгэмлэгт ихэд үнэлэгдэж Н.М.Пржевальскийг тус нийгэмлэгийн жинхэнэ гишүүнээр элсүүлэн авчээ. Төв Азийн тухай ойлголтыг тод томруун болгосон дөрвөн удаагийн том аялалаа 1870 оноос эхэлж 15 жил үргэлжилжээ. Н.М.Пржевальский 1885 оны 11-р сарын 12-ны өдөр сүүлчийн аялалаасаа буцаж ирээд эх нутгийнхаа хилийг алхахдаа “… Бид эх орныхоо хөрс шороон дээр гишгэлээ. Зориг хатуужил гэдэг нэгэн жолооны доор бид Азийн цөлийн гүнд нэвтрэн орж чадлаа. Нэхэн санаваас бид Алашаа хийгээд Таримын нуранги элс, Цайдам хийгээд Төвдийн намаг шавар, үүлсийн дээгүүр цухуйх өндөр оргил, даваануудыг даван туулж чадлаа. Бид зэлүүд газар дөчин градусын хүйтэн, хад улайсах халуун говийн аюулт шуурган дунд майханд, овоохойт зэрлэг хүн мэт хоѐр жил амьдарч үзлээ. … Бид Төв Азийг судлан шинжлэх талаар тавьсан зорилтоо эцэст нь хүргэн дуусгавар болголоо…” гэж зорьсон хэргээ биелүүлсэн экспедицийнхээ хамт олонд хандан баяр хүргэж байжээ. Тэрээр Төв Азийн нутгаар нийт 31551 км замыг туулж Наньшань, Куньлунь, Шар мөрөн, Хөх мөрний эрэг болон Төвдийн тэгш өндөрлөгийн хойт хэсгийг судалгаандаа бүрэн хамруулсан ажээ. Энэхүү урт замыг туулахдаа Пржевальский очсон газар нутаг бүрийн маршрутын зураглал үйлдэж нийт 63 газрын газарзүйн байршил, 231 газрын өндрийг тодорхойлсон байна. Пржевальскийн экспедицүүдийн явцад цугларсан амьтны болон ургамлын цуглуулга үнэтэйд тооцогддог. Зөвхөн ургамлын цуглуулгад нийт 1700 зүйлийн 15000 ургамал багтах ба үүнээс 8 шинэ төрөл, 218 шинэ зүйлийг тухайн үедээ шинээр нээсэн байна. Харин амьтны цуглуулгад нь 702 сүүн тэжээлтэн багтсан ба 5010 шувуу, 1200 хэвлээр явагч болон хоѐр нутагтны цуглуулга түүний эрдмийн санд агуулагддаг юм 1. Дашрамд нь тэмдэглэж хэлэхэд өөрийн судалгааны ажлын тайлан бүртээ тэрээр тухайн ургамал, амьтны амьдрах орчин, тэдгээрийн зан, араншин, үйл хөдлөлийг нарийн дурдсан байдаг нь хожим эдгээр амьтдын нарийвчилсан судалгаанд үнэтэй сурвалж мэдээ болсон юм. “…Цөл, говь газрын уудам нутгийг би өдөр шөнөгүй мөрөөднө. Уулын чинээ алт өгсөн ч аглаг газар чөлөөтэй явах завшааныг би худалдахгүй…тэндэхийн зам хивс дэвссэн мэт толигор биш, атар цөл газар баясгалантай инээмсэглэн угтахгүй бөгөөд шинжлэх ухааны нээлтүүд өөрөө гүйж ирээд гарт ордоггүй юм. Хүнд хүчир 1 -И.В.Козлов. Великий путешественник, М., “Мысль”, 1985, 143с хөдөлмөр хийж бие махбодь ба сэтгэл санааны янз бүрийн сорилтыг давж байж анхныхаа өчүүхэн нээлтийг хийдэг” гэсэн Н.М.Пржевальскийн алдарт үгийг судлаач бүр санаж явахад илүүдэхгүй биз ээ. Монгол орны газарзүйн тухай шинжлэх ухааны үндэстэй орчин үеийн төсөөллийг анх бий болгосон хүн бол Николай Михайлович Пржевальский юм. Энэ жуулчин 1870 оноос 1888 оныг хүртэл Төв Азиар 4 удаа том аялал зохион байгуулж байгалийн асар их бэрхшээлийг даван туулж, тус нутгийн байгаль, хүн ардын талаар дэлгэрэнгүй мэдээ баримт цуглуулан чухал нээлт хийснээрээ дэлхий дахинаа алдаршжээ. Түүний хуримтлуулсан арвин их материал, цуглуулгыг нэртэй эрдэмтэд олон жилийн турш боловсруулж чухал дүгнэлтүүдийг хийсэн байна. Тэрээр 1888 онд Төв Ази руу 5 дахь удаагийн экспедицэд гарах үед гэдэсний хижиг өвчин тусч хүнд өвчлөн Иссык-куль нуурын хөвөөнөө насан эцэслэжээ. Н.М.Пржевальский өвөр Монгол, хойт Төвд, Хөх нуур, Кашгар, Зүүнгар орчим газруудыг судлахад өөрийн аялсан хугацааны ихэнхийг зориулжээ. Тэрээр өөрийн нэгдэх жуулчлалыг монголын гэж нэрлэсэн бөгөөд 1870 онд Хиагтаас Даа хүрээ, Замын-Үүд, буцах замдаа говийн Хөрхийн уулаас Даа хүрээ хүртэл аялан явснаас гадна 1880,1884 онд бас Монгол нутгаар дайран өнгөрсөн байна. Тэрээр Оросын Газарзүйн нийгэмлэгийн сайхан уламжлалыг үргэлжлүүлж, аялаж явсан газар орон бүхэнд газарзүйн иж бүрэн судалгаа хийж байжээ. Тийм учраас тус орны тухай бичсэн бүтээлүүд нь байгалийн бүхий л элементийг хамарсан байдаг юм. Зураг 1. Н.М.Пржевальскийн 5-р экспедицэд оролцогсод.1888 оны 10 сарын 26 Нүүрэн талын баруунаас В.И.Роборовский, Н.М.Пржевальский, П.К.Козлов Н.М.Пржевальский олон аялалынхаа үр дүнг хэд хэдэн том бүтээл болгон нийтлүүлсний дотор 1875 онд хэвлэгдсэн “Монгол ба Тангадын орон” гэдэг номонд манай орныг тодорхойлон бичсэн байна2. Энэ алдартай бүтээлийг 2011 онд орчуулагч Ж.Нэргүй “Монгол, Тангадын орноор” нэртэйгээр монгол хэл дээр орчуулан гаргасан байна. Пржевальский уг номондоо Өргөөгийн дэргэдэх Хан уулаас урагш Говь эхэлнэ, Хиагтаас Өргөө хүртэл Сибирийн төрхтэй гэж дурдахын зэрэгцээ газрын гадарга, уур амьсгал, ургамалшил, амьтны аймгийн тухай урьд өмнө сайн мэдэгдээгүй байсан бодит баримтыг яруу сайхан хэлээр тодорхойлон бичжээ. Тэрээр Хиагтаас Өргөө хүрэх 300 мод (320 км) газрын ихэнхи хэсэг нь Байгал хавийн хамгийн сайхан газар нутгийг санагдуулна. Уул, ус нь тэгш сайхан, уулсын бэл, хяраар өтгөн өвс халиурчээ. Нэг үгээр хэлэхэд элсэн говь руу ойртон буйг илэрхийлэх юм үгүй. Хиагт Өргөөгийн хоорондох газар нутаг ерөнхийдөө уулархаг боловч дунд зэргийн өндөртэй, тэгтлээ шовх биш уулстай. Хурц шовх оргилууд, сүрлэг хадан цохионууд огт тааралдахгүй, ихэнхдээ намхавтар даваа, гүвээд нь баруунаас зүүн тийшээ сунан тогтжээ. Хиагт Өргөө хоѐрын дундах уулархаг муж ой хөвчөөр баялаг ч гэлээ голдуу уулынхаа ар сугаар ургадаг бөгөөд модныхоо төрөл, зүйл, хэмжээ дамжаагаар манай Сибирийнхтэй харьцуулбал хамаагүй ядуу, нарс, цагаан хус зэрэг мододтой ой нь илүү, хааяахан хуш, улиас, шинэсэн ой, уулсын хяраар зэрлэг интоор, алтарганын сийрэг бутууд харагдана. Харин уулсын бэл, хөндийгөөр хаа сайгүй жилийн дөрвөн улиралд бэлчээрээр өсөн үрждэг монгол малын дуртай өтгөн сахлаг өвс халиурна гэж бичжээ. Уг бүтээлд монгол хүний тухай, монголчуудын ахуй амьдрал, ѐс заншлыг тусгасан бүхэл бүтэн бүлэг байдаг юм. Мөн энэхүү аялалын гол өмөг түшиг болсон тэмээний талаар дэлгэрэнгүй дурьдаж оруулжээ. Тэрээр ”.Тэмээ бол нүүдэлчдийн мөнхийн дагуул, сайн сайхан аж төрлийнх нь гол эх булаг, говь цөлөөр аялан явагчдад юугаар ч сольшгүй унаа. Гурван жилийн шинжилгээ судалгаа, аялалын хугацаанд бид тэмээнээс огт салаагүй учир янз бүрийн нөхцөл байдалд ямар их тэвчээртэй, агуу амьтан болохыг нь нүдээр үзэж, нарийн мэдэж авсан билээ” гэж бичжээ. Энэхүү номын дотор тахь, хавтгай гэх мэт зэрлэг амьтдыг анх удаа дурдсан тул тэр цагаас хойш Тахийг дэлхий дахинаа “Пржевальскийн адуу” гэж нэрлэх болжээ. Мөн уг бүтээлд монголын говь нутгийн талаар говийн хамрах хүрээг тодорхойлон говь, цөлийн хатуу ширүүнийг дурьдаж бичихдээ ”.Өргөөгийн дэргэдэх Хан уулаас урагш, Хятадын хил хүртэл мөнөөх алдарт Говь нь эхэлнэ. Говь гэдэг нь усгүй, үржил шимгүй, их л сайндаа маш бага өвс ургамалтай газар агаад монголчууд түүнийгээ тал гэж нэрлэнэ. Энэхүү говь бол Куньлуны хормойгоос Хянганы уулс хүртэл, Монголыг Манжаас тусгаарладаг Дорнод Азийн уулархаг нутагт хөндөлдөн орших асар уудам зурвас газар ажгуу. Хээр талыг бодвол говьд хүн ам их сийрэг суурьшжээ. Зун нь халуун бүсийнх шиг нар шараад, өвөл нь хойт туйлынх шиг хүйт тачигначихдаг, ой мод ч үгүй, ус ч үгүй тийм нутагт мөнхийн дагуул нь болсон тэмээнээс өөр ханьгүй монголчуудаас өөр хэн амь зууж чадах билээ дээ. .Галбын говь бол Алашаагийн цөлөөс хавьгүй аюултай газар орон бөгөөд түүнтэй харьцуулахад Хойт Төвдийн цөл бол үлгэрийн орон л гэсэн үг. Хойт Төвдөд ядахдаа гол ус бий, эргээр нь сайхан бэлчээр буй. Гэтэл энд 2 -Пржевальский, Н.М. Монголия и страна тангутов. Трехлетнее путеществие в Восточной Нагорной Азии. Т.I, 381с., с 2 картами. Изд.РГО, СПб., 1875. аль нь ч байхгүй, ганц ч баянбүрд үгүй, хаа сайгүй амьдрал мөхсөн мэт нам гүм, жинхэнэ утгаараа “Үхлийн хөндий” л гэсэн үг. Алдар суу нь тарсан Сахарын элсэн цөл ч олон зуун км цэлийсэн энэ говийг бодвол аюул багатай буй заа.” гэж бичсэн байдаг. Энд сонирхуулж хэлэхэд Пржевальскийн анхны экспедиц 10000 рублийн санхүүжилттэйгээр 1870 оны 6 сарын 15-нд 7 тэмээ ачаалж 2 морь хөлөглөн 3 нөхдийн хамт Хиагт хотоос гарч байсан бол хоѐрдахь аялал нь 24740 рублийн санхүүжилттэйгээр 1876 оны 8 сард 24 тэмээ ачаалж 4 морь хөлөглөн 13 нөхдийн хамт Кульджээс аяны гараагаа эхэлж байжээ. Хоѐрдахь аялалаар Төв Азийн нам дор газрын нэг Лоб нуурыг судлах зорилт тавьж түүнийг амжилттай биелүүлжээ. Тэрээр Лоб нуураас нүүдлийн шувуудын бүрэн хэмжээний цуглуулгыг хийж чадсан байна. Мөн хэд хэдэн зэрлэг тэмээ агнаж чадсан нь энэ удаагийн аялалын цуглуулгын хамгийн үнэтэй хэсэг нь болжээ. Харин энэ аялалаараа Төвдийн Лхас хот орж чадалгүй буцах болсон, аялалын төгсгөлд ээж Е.А.Каретникова нь нас барсан зэрэг бэрхшээлүүд тохиолдсон ч өөрийн аялалыг амжилттай дуусгаж улмаар “Лоб нуур ба Кульджээс Тянь-Шанийн өвөр хүрсэн нь” гэдэг бүтээлээ туурвисан байна. Пржевальский 3 дахь удаагийн аялалаа 1878 оны 7-р сард өөрийн туслагч В.И.Роборовский болон 23 нөхдийн хамт Зайсан харуулаас эхэлжээ. Энэ удаа өөрийн мөрөөдөл болсон Төвдийн Лхас хотыг бас л үзэж чадаагүй байна. Ингээд тэд 1881 оны 1-р сард уг аялалаа дуусгаж Петербург хотноо эсэн мэнд ирцгээсэн байна. Энэ аялалын үр дүнг “Зайсангаас Хамийн талыг туулж Төвд хүрсэн нь” гэдэг номонд нэгтгэн оруулжээ. Пржевальский 4 дэх аялалаа 1883 оны 11-р сарын 8-наас Хаант Оросын Газарзүйн нийгэмлэгээс 43580 рублийн санхүүжилт авч Өргөөг дайран говийг зорьжээ. Энэ удаагийн аялалд өөрийн туслагч В.И.Роборовскийгээс гадна П.К.Козлов гэдэг залуу судлаачийг дагуулж явсан байна. Тэрээр энэ удаа Амдо нуруу, Хөх нуур, Шар мөрний хөндий, Таримын хотгор, Монголын говь нутгаар судалгааны ажлаа үргэлжлүүлж олз омог арвинтайгаар 1887 оны 11 сард эх нутагтаа эргэн ирсэн байна. Түүний олон жилийн туршид Төв Азийн нутгаар хийсэн судалгааг Хаант Оросын Газарзүйн нийгэмлэг, Жанжин штаб өндрөөр үнэлж хурандаа генерал цолоор шагнасан байна. Энэ бүхэн бол жуулчин Н.М.Пржевальскийн удирдан гүйцэтгэсэн Төв Азийн цуврал экспедицийн судалгааны ажлыг хичнээн өндрөөр үнэлснийг шууд гэрчилнэ. Зураг 2. Н.М. Пржевальскийн экспедицийн замнал3 Николай Михайловичийн шинжлэх ухаанд оруулсан их хувь нэмрийг үнэлэхэд түүний туулж өнгөрүүлсэн амьдрал, ажил хөдөлмөрийн замналыг эргэн харахад хангалттай. Тэрээр Оросын Уссурийн хязгаараас Төв Азийн тэр үед хүний хөл хүрээгүй байсан хязгаар нутгуудад аялж, тэдгээрийн талаар шинжлэх ухаан, танин мэдэхүйн томоохон бүтээлүүдийг туурвисан нь хойшид эдгээр бүс нутгуудыг нягтлан судлах үндэс болсон нь дамжиггүй. Пржевальский зөвхөн судлаач байсан төдийгүй юмс үзэгдлийн нарийн төвөгтэй холбоог нээн илрүүлж, өргөн хүрээнд сэтгэж чаддаг бөгөөд газарзүйн судалгааны сонгодог онол аргазүйг эзэмшсэн агуу эрдэмтэн байсан юм. Тэрээр газарзүйн шинжлэх ухаан нь байгалийн нарийн нийлмэл тогтоц, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэнд үзүүлэх нөлөөг судлах шинжлэх ухаан гэдэгт гүнээ итгэж явсан бөгөөд өөрийн судалгаа шинжилгээний ажилд тэр үүднээс хандаж байсан нь түүний бүтээл туурвилд өөрийн гэсэн онцгой нэгэн хэв маягийг үлдээсэн юм. Пржевальскийн удирдсан экспедицүүд нь П. П. Семеновын үзэл санааг тууштай баримтлан судалгааныхаа аргазүйг бэлтгэл үедээ сайтар боловсруулж байжээ. Энэ аргазүйн үндсэн онцлог нь газарзүй, уур амьсгал судлалд цогц байдлаар хандах системийн хандлагыг шат бүртээ нарийн баримталж ирсэнд оршино4. Николай Михайловичийн өөр нэг ололт нь тэрээр шинжлэх ухаанд бүтээлч бөгөөд шинэлэгээр ханддаг залуу халаагаа бэлтгэж чадсан явдал юм. Түүний шавь 3 - И. П. Магидович, В. И. Магидович. Очерки по истории географических открытий. В 5 т./Редкол.: В.С. Преображенский (пред.) и др. Т.4. Новое время (XIX- начало XX вв).- 3-е изд. – М.: Просвещение, 1986. – 323 с. 4 -Б.В.Юсов. Н.М.Пржевальский, М., “Просвещение”, 1985, 95с. В. И. Роборовский, П.К. Козлов нар хожим нь Төв Ази судлалд хосгүй хувь нэмэр оруулсан судлаачид болсон билээ. Газарзүйч эрдэмтэн Э.М.Мурзаев “Пржевальскийн ач гавьяа нь тэр үед дэлхий нийтэд тун тааруухан мэдэгдэж байсан Төв Азийн байгалийн байдал, хүн амыг судалж тодорхойлсоноороо түүнд хүн бүхний дур сонирхлыг хандуулж чадсан ба үүнийхээ үндсэн дээр Монгол орныг газарзүйн талаар цаашид үргэлжлүүлэн судлах эхлэлийг тавьсан явдалд оршино” гэж дүгнэжээ 5. Зураг 3. 1892 онд А.А.Бильдерлингийн зураг төслөөр уран барималч И.Н.Шредерийн босгосон хэвтэж байгаа тэмээтэй Пржевальскийн цээж баримал. Энэ хөшөө Санкт Петербург хотын Александрын цэцэрлэг дотор байдаг. Уг хөшөөний нүүрэн талд “Төв Азийн байгалийг анхлан судлагч Пржевальскийд” гэж бичжээ. Нэрт аялагчийн олон жил үргэлжилсэн, нэн бэрхшээлтэй аян замд хамгийн үнэнч туслагч нь монгол тэмээ байсан юм. Төв Азийг судлагч энэ алдарт жуулчны хөшөө дурсгал Монгол нутагт ховор юм. Бараг ганц гэж хэлж болох хөшөө Дорноговь аймгийн Өргөн сумын төвд сүндэрлэж байдаг. Энэ нь тус сумын төвөөс зүүн тийш 2 км зайд орших Пржевальскийн худагтай зүй ѐсоор холбогдоно. Алдарт жуулчны монгол нутгаар дайран гарсны дурсгал, нөгөө талаар гэрч нь 1884, Пр-ж гэсэн бичээстэй том чулуу юм. Энэ бичээсийг үндэслэн тэрхүү худгийг Пржевальскийн худаг гэж нэрлэжээ. Энэ чулуун дурсгалыг 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор сумын төвд зөөж авчраад хажууд нь Пржевальскийд зориулан хөшөө босгожээ. Энэ ажлыг тус сум нэгдлийн дарга Мөнхийн Самдан удирдан зохион байгуулж, барималч Пүрэвдорж уг хөшөөний эх загварыг гарган босгожээ. 5 -Э.М.Мурзаев. БНМАУ (физик газарзүйн тодорхойлолт), орчуулсан Б.Лувсанданзан, Ш.Цэвэг, УБ, 1952, х.52 Зураг 5. Дорноговь аймгийн Өргөн сумын төвд орших Пржевальскийн хөшөө. Уг хөшөөний нүүрэн талд “.Хүнд хүчир хөдөлмөр хийж бие махбодь ба сэтгэл санааны янз бүрийн сорилтыг давж байж анхны өчүүхэн ч гэсэн нээлтийг хийдэг” гэсэн алдарт үгийг сийлжээ. Зураг 4. Пржевальскийн худаг, х.ө. 440 44’ 03”, д.у. 1100 48’ 24” , h=982 м Оросын алдарт жуулчны амьдрал, хүнд бэрхийг туулсан мохошгүй зориг, тэвчээр хатуужил нь өнөөгийн залууст ихээхэн сургамжтай бөгөөд судалгааны ажлын үр дүнг уншиж танилцан зөв ойлголт авахад хэрэг болох болов уу хэмээн найдан “Газарзүйн шинжлэх ухааны хөгжлийн түүх” номоос товчлон авч толилуулав. Танилцуулга бэлдсэн доктор, профессор Д.Даш