ᠯ᠊ ᠲᠥᠳᠥᠪ - ᠣᠷᠣᠢ ᠦᠭᠡᠢ ᠰᠦᠮᠡ (ᠺᠢᠷᠢᠯ)
Л.Түдэв ОРОЙГҮЙ СҮМ!“#!#$%“2’(“(0*’#!“5!“2’*:0::ан цатгалан байна. Тэгэхээр хурал номын жаяг, даяг эвдээ биз дээ. Түүний учир гэм, зэмд унаа юу? - Таны хэлдэг ч бараг онолоо. Би Бэрээвэнгийн Гоман дацанд хурал хурж суухдаа монголоор уншлага үйлдсэн гэм, нүгэлтэй хүн л дээ. Тэгээд л лайгаа эдэлж байна. - Үгүй тэр юу нь нүгэл байдаг билээ?- Нүгэл гэж гэсгүй маань шийдээд Пабон- хаад гороо хийлгэхээр явуулсан. Гороогоор шийтгэсэн гэх юм уу даа - Хэд эргэх вэ? - Гурван мянга гурван зуун гучин гурав! - Тэгвэл хагас сарын ажилтай болж дээ. Би залуудаа тэр тоог чинь арав хоногт арайхийн гүйцдэг байлаа. Зэгсэн сайн алхлахад арав хоног арай чүү бардаг билээ. Одоо хөгшрөөд 15 хоног алхаад арай л барахгүй явна. - Одоо хэд үлдээд байна? - Долоон тойрог - Тэгвэл ч та гороогоо өндөрлөхөд ойртжээ. Харин юуны төлөө гороонд гараав? Бас л нүглээ наманчлахын учир уу? - Миний энэ гороо амьдралд тохиолдсон долоо дох минь юм. Дөчин есөн насан дээрээ Пабон- хааг долоо дахь удаагаа тойрч гурван мянгатын гороо хийж чадвал нас сүүдэр чинь уртсаж, гуравдахь үеэ үзээд, насны эцэст туйлаас жаргана гэж лам багш айлдсан юм. Гурав дахь үеэ хүн бараг үздэггүй юм гэдэг. Хүүгээ, хүүгийнхээ хүүг, туүнийхээ хүүг үзэж байж гуравдахь үетэйгээ золгоно гэсэн үг. Би эхний хоёрыг үзээд байна. Одоо ганцхан үе үлдэв. Түүний барааг харах ид шидийг Пабон- хаагаас олоход ердөө долоохон удаа түүнийг тойрох үлдээд байна. Тэсээд тойрчих санаатай. Гэтэл мэнгэр хөдлөөд үе үе бөглөчих гээд зовоогоод байх юм. .Энэ үгийг тэр хоёр явдал дундаа ярьж байлаа. “Мэнгэр гэхээс Пүрэвдоной маарамбатан тийм өвчнийг яаж эмчилдэг гэж над заалаа?” гэж Санж бодож явтал тодхон санаанд нь оров.“Мэнгэртвэл ишигний махыг сүүн дотор битүү чанаад шүүсийг гүүний сүүтэй уулгана. Түүнийг чиндаруулга гэдэг” гэж багш маарамба заасан нь чихэнд тэр чигээрээ сонсогдох шиг боллоо. Мэнгэртэй тэр хижээл мөргөлчин үе үе бүгшүүлэн ханиалгах боловч биеэ барин тэсвэрлэж гороогоо таслахгүйг хичээж урагшаа алхсаар л байв. Нэг удаа мэнгэрээсээ болж бараг л бүтэж үхэх шахав. Санж түүнийг өрөвдөж далан дээр нь дарж өгөх зэргээр тус болж түүнийг арайхийн тайвшруулав. - Мэнгэрт ишигний юмуу борлонгийн махыг сүүнд битүү чанаж шүүсийг уувал сайн гэдэг юм даа гэж Санжийг ярихад мөргөлчин, - Тэр үнэн үү? Тэгвэл туршдаг хэргээ гэж инээмсэглэн хэллээ. Тэд цаашаагаа хамтаар үргэлжлэн гороолж явлаа. - Мэнгэр байгаагүйсэн бол ч би аль хэдий нь гороогоо дуусгах болсон! гэж мөргөлчин амандаа бувтнав. “Гурван үеэ үзэхийг мөрөөддөг нь урт наслахын л хүслэнгээс гарсан хэрэг байх даа. Пабон - хааг тойрон гороолоход ч энэ хүний нас улам л богинодохоос уртсахгүй байлгүй дээ. Ядаж тоосгүй замд бол ч бас учиртай. Гэтэл түмэн хөлийн мөргөлчдийн нунтаглаж тахчиж , цагаан түйрэн болгочихсон энэ замд тоос босохгүй өдөр байтугай хором ч алга. Тэр тусмаа мэнгэртэй хүнд ам хамраар нь өлөн тоос орж уушиг цээж нь давхцаж хэцүү юм байна. Хөөрхий энэ хүнийг багш маарамбын зааснаар эмчилбэл арай дээр биш байгаа?” гэж Санж гэцэл өрөвдөх сэтгэлээр бодож сүжигтнийг үе үе ажиглан явснаа, - Та ер нь чиндаруулгаар эмчлүүлбэл дээргүй юү? Лхасын халх мицанд очиход эрхбиш нэг ишигний мах, хувин сүү олдох байлгүй. Мэнгэрээ дарахгүй бол танд хэцүү байх шиг санагдлаа гэж хэлэв. Мөргөлчин хялавхийснээ, - Зүгээр, зүгээр. Сэжгээр өвдөж сүжгээр эдгэрдэг юм. Пабон - хаад сүжиглэж чадвал эрхбиш насан хутгийг олох байлгүй. Одоо хэдхэн тойрог гороо үйлдлээ. Түүнийгээ дуусгаж сэтгэл амрая гэж хэлээд улам хурдлан алхлав. Тэгтэл түүний мэнгэр нь дахин хүчтэй хөдөлж бүгшүүлэн ханиалгаж, шанааны нь судас гүрэлзөн , цааш явж чадахаа больж зогтусан бөгцийгөөд ээрэх мэт дуугүй болж зөвхөн бөгтөр цээж нь хүгдэгнэн оволзож эхлэв. Санж гүйж хүрээд дал мөрөн дээр нь дарах гэтэл мөргөлчний хамрын хоёр нүхнээс хүрэн цус годхийн гарч мөн тэрхэн мөчид эгц урагшаагаа үхэтхийн ойчлоо. Санж түүнийг өндийлгөхөөр оролдсон боловч мөргөлчин нэгэнт амь тавьжээ. Санж гэцэл балмагдан сандарч юү хийхээ мэдэхгүй байтал хаанаас ч гарч ирсэн нь бүү мэд, хоёр донзонпа гэнэт дэргэд нь бий болоод, - Наадахад чинь сохор зоос, самбай хадаг байна уу? Байвал бид бурхны оронд хүргэе гэж түвдээр асуулаа. - Мэдэхгүй! гэж Санж хэлснээ санаа зовж, - Би хөлсий нь төлье. Үүний хойтохыг та хоёр дааж өгөгтүн! гэв. - Лагсоо ! Лагсоо ! Юу өгөх вэ? гэж тэр хоёр хүйтнээр инээвхийлэн үхдэлийн хоёр гараас нэг нэгээр барьж авлаа. - Май! гэж Санж товчхон хэлээд хуурцаг дотроосоо хэдэн чох зоос байсныгаа нэг хадагтай гаргаж өглөө. Хоёр донзонпа баярлан алга тосч түүнийг аваад, үхсэн мөргөлчнийг хоёр гараас нь дамжлан бараг л чирэх тооны авч явахад Санж, - Хүүе та нар эвтэйхэн өргөөч! гэж шаардав. Тэгтэл Санжийн сэтгэлд “Хөөрхий энэ амьтны ар гэр, төрөл садан гэж байдаг л байх даа. Тэр нь хаа газар суудаг юм бол? Хэнээсээ асуух ч юм билээ дээ?” гэж бодогдов.- Хүүе, наадахыг чинь халх мицааныханд үзүүлж хэний юун хүн болохыг нь тодруулах юмсан! гэж Санж хэлэв. Тэгтэл тэднийг тойрон ирсэн хэдэн гороочийн нэг нь ам нээж, - Өө энүүнд садан төрөл гэх юм юу ч байхгүй. Гурван үеийгээ үзнэ гэж л үргэлж ярьдаг юм. Тийм юм юу ч байхгүй. Манай нутгийн юм гэж хэлэв. - Хоёр үе минь бий гэж тэр саяхан ярьж байсан шүү дээ? гэж Санж эргэлзэн гайхлаа. Нөгөө хүн, - Худлаа. Тэгж сэтгэлээ зогоож явдаг юм. Мэнгэртэй биенээсээ өөр төрөл садангүй хүн. Одоо нэгэнт нас дуусчээ . Иймд донзонпад тушааж хойт замыг олгохоос өөр арга байхгүй гэв. - “Хөөрхий! Үхэх цаг ойрхон гэж бодохдоо л түүнийгээ уртасгахын хүслэн болж явсан юм байх даа. Хэн нь түүнд Пабон - хааг гороолон тойрвол нас уртасч гурван үеэ үзнэ гэж хэлсэн юм болдоо. Энэ талийгаачид болохоор Пабон - хааг тойрох нь буян болж байдаг. Надад болохоор шийтгэл болдог байх гэж дээ. Аяа, орчлонгийн явдал ийнхүү дэгэл доголтой ажээ” гэж Санж гэцэл дотроо бодлоо. Нэгэн үйлийн хоёр талын тухай бодол түүний сэтгэлд гурав дахь удаагаа орж ирж байгаа нь энэ. Өлзийг өөд болоход донзонпа нар Санжид анх ийм юм бодогдуулсан. Дараа нь багш лам зулын гол болж одоход мөн л эргэлзэн гайхах бодолд эзлэгдсэн. Одоо Пабон - хаа гэж хүний нутгийн зэрлэг уулсын хяр дахь хоосон агуйнуудыг тойрон гороолох хувь тавиланг хүртээд нэг нь шийтгэл, нөгөө нь буяны үйлс гэж итгэн яваа хоёр биеийн учралаас ургуулан элдвийг бодохын шалтаг үүсчээ . Дахиад л Санж эргэцүүлэн бодлоо. “Хөөрхий! Тэр талийгаач энэ барзгар уулсыг могойчлон тойроход долоохон гороо дутуу гэж байсан. Тэгэхлээр гурван мянга гурван зуун хорин зургаан удаа нэгэнт тойрчихоод байсан хэрэг ажээ. Түүнд лам багш сайны ерөөл өргөж гороо заажээ. Гэвч надад бол лам багш хэрэг тарьсны торгууль баа болгож горооны тоо тогтоож өгсөн. Нэг үйл мөртлөө сайн, саар хоёрын билэгдэл байх гэж үү? Тэгээд мэнгэртэй өвгөнд хоёр мянга хэдэн зуун гороо тус болсон ч үгүй. Мөрөөдөл нь биелсэн ч үгүй. Минийх болохоор дөнгөж долоохон тойрдог дээрээ явж байдаг. Хүний нутгийн зэрлэг уулсын энэ хярыг тойрон тойрсоор сайны захад хүрнэ гэж юунд нь бодож явсан эр вэ, тэр мэнгэрт өвгөн?“ гэж Санж гэцэл бодож зогстол нь хяхарсан муухай дуугаргаад модон дугуйтай түрдэг тэрэг дээрээ үхдлийг хааш яаш тавьсан донзонпа нар уулын уруу газар руу явж одлоо. Тослоогүй тэрэгний жихүүдэс хүрэм яхир дуунд эвгүйрхсэн Санж гэцэл буруу хараад гороогоо үргэлжлүүллээ. Пабон - хааг тойрон гороологчдын дотор нэгээхэн ч баян чинээлэг хүн үгүй ажээ. Цөм л ноорхой дээлтэй, цоорхой гуталтай, тарчиг ядуус, зарим нь өвчин зовлонд нэрвэгдэж, тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болчихсон, зарим нь өөрийн гэх бодолгүй зөвхөн л лам багшийн заасан тоог гүйцээхийн төлөөнөө гөлийтөл гиюүрэн алхлаж, өдрийг өнгөрөөн, шөнийг үдэн яваа улс байлаа. Хаяа нэг бадарчин, шавриачин, банди нар үзэгдэнэ. Тэд бол Санжийн нэгэн адил залхаал үзсэн, эсвэл зүгээр л сониучлан явдаг хүмүүс бололтой. “Гороог зүгээр нэг хийж болохгүй. Харин сүжиглэн хийвэл зохино. Иймд маани гамбумыг эхнээс эцэс хүртэл давтан давтан уншиж явбаас зохино“ гэж багш лам нь Санж гэцэлд хатуу чандалж номлосон билээ. Санж гэцэл маанигамбум гэдэг ёс суртахууны сургаалийн судрыг аль хэдий нь цээжээр мэдэх тул тэр даалгавар амархан санагджээ. Одоо болохоор нэгэн төрлийн зүйлийг олон дахин унших нь яггүй уйтгартай ажил гэдгийг мэдэж уншлагаа сольж Жадамба судраас юм уу эсвэл Баранзаа Бараамид номноос ээлжлэн уншихад арай сонирхолтой байлаа. Жадамба бол бурхны магтаал найман мянган мөрт шүлэглэл юм. Баранзаа - Бараамид бол бурхан Буддагийн үйл явдлын тухай ном билээ. Эдгээрийг ээлжлэн уншихад өөр хоорондоо адилгүй тул газар хорох нь ч амар, уйтгарлах нь бага байлаа. Мөргөлчид шөнө өдөргүй гороолон явж үүрээр суугаагаараа бага зэрэг нойр авч явсаар гурван мянгат гороог дуусгахыг ихэвчлэн хичээдэг байжээ. Тийм ч ёс тогтсон ажээ. Шөнийн цагаар гороолон явахад одноос өөр зугаатай юмгүй. Гэвч одыг тоолох юм уу эсвэл хорин найман одны нэрийг тоочин, заримыг эрэн хайж явбал арай ч зугаатай болохыг Санж мэдэж зурхайн багшийн заасан оддын нэрийг амны уншлага болгожээ. Тийнхүү өдөр шөнө ээлжлэн солигдсоор байвч горооны тоо гүйцэх яагаа ч үгүй. Явган явахын горыг даахгүй гутал нь хөлнөөс мултарч унах ойртсоор л байлаа. Биеийн тамир ч сулран доройтож байв. Нэг удаа Санж гэцэл горооны албыг орхиж гэртээ харих санаатай уулнаас бууж явахаар шийдэв. Хувцсаа сэлбэх, бас ч багахан хүнс нөөцлөн авахаар тэр далимд түр амсхийхээр санаа шулуудсан хэрэг юм. Санж тэр бодолдоо хөтлөгдөн Пабон - хаагийн хяр руу бууж явтал ойролцоо байх Сэрээ хийдийн борчуулын хашаанаас хоёр банди гарч угтан ирэв. - Чи хаачих нь вэ? гэж нэг нь түвдээр асуулаа. Санж, - Гэртээ харьж гутлаа солиод жаахан хүнс сэлбэх гэсэн юм гэхэд хоёрдох банди, - Чи яагаад багш ламын заасан горооны тоог гүйцээгүй байхад буцаад явж байна! Одоохон эргэж гороогоо үргэлжлүүл! гэв. Санж үнэнээ учирлан, - Миний гутлыг хараач дээ! Ийм болчихоод явж болохгүй байна. Тэгээд ч идэх юмгүй өлсч байна гэхэд, - Тэр юу ч биш. Хөл нүцгэн ч, өл хоолгүй ч ялгаагүй гороог таслахгүй явж дуусгах учиртай гэж нэг банди хэлснээ нөгөөдөө хандаж, - Чи яваад модон ул, хэдэн балин аваад ир! Би үүнийг харж байя гэв. Нөгөө банди Сэрээ хийдийн зүг эргэн гүйлээ. Санж тэр мөчид уур омог нь хөдөлж “Энэ муусайн түвдүүдэд дээрэлхүүлж байх юм уу” гэж бодоод зам хөндөлдсөн бандийг хажуу тийш түлхээд цаашаа явлаа. Тэгтэл нөгөө банди ухасхийн босч Санжийн араас гүйн ирээд нударгалж эхлэв. Санж түүнтэй ана мана үзэлцэж байтал хоёр дахь банди эргэн ирж эвэршиж хатуурсан гараараа Санжийн элгэнд хоёр гурав хүчтэй буулгаж муужруулав. Нэг мэдэхэд нөгөө хоёр түүний хөл гарыг хүлж байлаа. Нударгын зодооны сургууль хийж өглөө болгон гарын ирмэгээр туйпуу нүдсээр байгаад эвэршиж хатуурсан сарвуугаараа тэр банди Санж гэцлийн эгмийг золтой л хугалчихсангүй. Хэрцгий балмадын сургуультай ажээ. Удалгүй хоёр банди Сэрээ хийдийн борчуулын хашааны тэндээс хэдэн балин, нэгэн хос модон улавч авчирч Санжийн хуучин гутлыг тайлж хаяад хөлд нь модон улавчийг шидмэсээр янгинатал хүлэн бөхлөж, хавчиг үүргэн дотор нь хатсан хэдэн балингаа хуучин гуталтай нь хамт хийж өгөөд хүлгийг тайлан авмагц, - Бос! Яв! Гороогоо үргэлжлүүл. Дахин оргох гэвэл муу юм болно шүү. Бид чам шиг юмыг балин болгож орхино.Чи бидний хараанаас хаашаа ч мултрахгүй гэж тэр хоёр банди заналхийллээ. Санж арга буюу хүчинд автагдаж тэдний үгийг дагахаас өөр замгүй тул босч Пабон- хаа өөд мацаж эхлэв. Ар талд нь хоёр бандийн доогтой инээд сонсогдсонд Санжийн уур нь дэврэн оволзсон боловч дахин тэдэнтэй үзэлцэх зүрх хүрсэнгүй. “Муухай санаатай улс юмдаа. Намайг энэ хоёр бандиар алсаас харгалзуулж байгаа юм гэж мэдсэнгүй. Тийм муу юм санасан ч үгүй” гэж Санж гэцэл гомдолтойёо бодож явлаа. Түвдүүдийн муу санаа гүнзгий ажээ. Алсад Сэрээ тэгчилэн буюу их махаяанын орон гэдэг алдарт хийдийн чинхэрдэн, пааландсан орой гялалзан харагдаж байлаа. Ар талд нь түвд банди нарын доогтой инээд замхарч,- Их зан гаргаад байвал дигваранзанд зоог барина шүү! гэж хашгиралдах нь сонсогдов. Дигваранз гэхийг сонсоод Санжийн дотор арзасхийлээ. Сэрээ хийдийн орчинд дигваранз хорхой элбэг тэр нь хүний биенээс хазвал тэсвэрлэхэд бэрх өвтгөдөг. Гүнжидийн тос гоожуулахаас нааш хатгуур нь биенээс салдаггүй тэр хорхойноос Санж их айдаг байлаа. Гүнжидийн тосонд түүний хатгуур хүний биенээс аяндаа сална. Эс тэгвэл айхтар шаналгааны үүр болдог байлаа. Түүний уурыг хүргэж бие биеийнхээ нүцгэн маханд тавьж хатгуулдаг аягүй муухай шоглоомыг Сэрээ дацангийн банди нар хэрэглэдэг байжээ. Санж ийнхүү Пабон- хааг гурван мянга гурван зуу тойрохоос өөр замгүй болсныгоо бүрэн ухаарчээ. “Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд тасралтгүй буян үйлд. Аливаа жижиг ялаа, шумуул тэргүүтэн санамсаргүй тохиолдлоор ам руу чинь орж амь нас нь егүүтгэгдэхгүйн тулд амны хаапт зүүж явагтун!” гэж Гоман дацанд өдөр бүр л сурсан номолдгийг Санж гэцэл энэ мөчид эргэн санав. “Дигваранзаар намайг хатгуулна гэнээ? Тэр чинь юу гэсэн үг вэ гэвэл бас л нүгэл болох үйл мөн. Ялаа шумуулыг залгихаас айдаг бол яагаад бурхны шавь хувраг хүнийг дигваранзаар хатгуулах нь нүгэл биш байдаг билээ? Энэ банди нарыг харахад яавч увашийн болон бандийн сахил хүртсэн тийм л насны улс байна. Гэтэл ийм нүгэлт юм хийхээр санаж бодож байдаг нь юун учир вэ? Багш ламд энэ тухай хэлбэл тэднийг огтхон ч зүгээр өнгөрөөхгүй нь лав” гэж Санж гэцэл боджээ. Таван завсаргүй нүгэл, шадар таван нүгэл, арван хар нүгэл гэж гурав хувааж багш ламын заасан нүглүүдийг Санж гэцэл дэс дараалан тоочиж үзэв. “Хэрвээ намайг дигваранзаар хатгуулах юм бол шадар таван нүглийн гуравдугаарыг үйлдэж байгаа хэрэг. Хэрвээ тос асгаж дигваранзыг үхүүлбэл арван хар нүглийн гуравдугаарыг үйлдэж байгаа хэрэг. Тэгэхлээр энэ хоёр банди аль ч үйлдлээрээ нүгэл алдас хийхэд сийхгүй улс байна. Эдний лам багш нь ямар хүн байдаг бол?” гэж Санж гэцэл бодож явсаар горооныхоо замд оров. Пабон- хааг тойрсон мөргөлчид үг дуугүй цувран явцгааж, ёстой л муу дууг тив гэгчид оччихсон юм шиг уйтгар гунигтай санагдлаа.Түвд газар Зонховын сургаал дэлгэрч олон зуун жилийг элээж, гурван эр хүний бараг хоёр нь сүмд шавилан суусаар эх болсон зургаан зүйл амьтны тусын тулд нигүүлсэнгүй үйлс бүтээхийг өдөр шөнөгуй номлосоор байвч хүмүүс номын ёсоор болсонгүй. Дээрэм тонуул, аллага, егүүтгэл улам гаарч, муу муухай болгон байсаар ажээ. Үүнийг эргэцүүлэн бодоход Санж гэцэлд хачин санагдав. Зонховын номлол саяхан хүртсэн гэхэд монголчууд илүү дуулгавартай сүслэмтгий юм шиг бодогджээ.Арван зургаа. Ганлингийн гаслах дуун Ууланд төрсөн бүргэд даардаггүй Усанд төрсөн загас даардаггүй Урцанд төрсөн цаатан даардаггүй Гоман дацангийн ганлинч лам гэв гэнэт үхэв. Түүнийг орлож ганлин үлээх хүн олдохгүй байлаа. Яг тэр үед Пабон- хааг тойрч гурван мянга гурван зуун гучин гурван гороогоо дуусгаад тас хар царайтай, цонхигор туранхай цээжтэй болчихсон Санж гэцэл дугандаа эргэж иржээ. Дацангийн гэсгүй Санж гэцлийг оногдсон үүргээ үг дуугүй сайн биелүүлж гороог бүрэн дуусгав гэж сайшаагаад шууд л, - Ганлинч болгоно! гэж айлджээ. Ганлинч гэдэг чөмгөн бүрээг үлээдэг хүн болгох гэж байгааг ч Санж тэр дороо ойлголоо. Ганлингийн гаслах мэт дуунд Санж анхнаасаа төдий л дуртай биш. Аргагүйн эрхэнд л түүнийг бурхан номын хөгжим гэж тэвчдэг байлаа. Бас нэг эвгүй сэтгэгдэл төрсөн шалтгаан бий. Юу гэвэл ганлин бүрээг арван найман насны эмэгтэй хүний чөмөгний ясаар хийдэг гэсэн домогтой болохыг нь багш