ᠬᠥᠮᠥᠨ ᠠᠷᠢᠶᠠᠲᠠᠨ ᠪᠤᠷᠬᠠᠳ
ХҮН, АРААТАН, БУРХАД /Дамбийжаа, Барон Унгерн хийгээд Загастайн савдаг, Диваажингийн тухай 1921 оны аян замын эргэцүүлэл, тэмдэглэл/ АНТОНИ ФЕРДИНАНД ОССЕНДОВСКИ А. Ф. Оссендовски 1878 оны 5-р сарын 27-нд польш эмчийн гэр бүлд төрсөн. 1945 оны 1-р сарын 3- нд нас барсан. Хэрмэл гэр бүлийн амьдралаа дагаж Оросын олон хотуудаар тэнэсэн тэрбээр Петербургийн гимназид суралцаж төгсөөд тус хотын Их сургуулийн байгаль-математикийн ангид элссэн боловч оюутны үймээнд оролцсоны улмаас 1899 онд Оросоос хөөгдөн гарч Францад очин Сорбоны их сургуулийн химийн ангийг төгссөн байна. Орост оюутан байхдаа нэрт байгаль судлаач, профессор Степан Залевскийн экспедицэд туслагчаар орж Алтайн уулс, Кавказ, Днестр мөрний адаг, Енисей мөрөн, Байгал нуурын орчимд хийсэн эрдэм шинжилгээний ажилд оролцож явжээ. Оссендовски Орост эргэн ирж Томскийн техникийн дээд сургуульд багш доцент, Усан цэргийн яамны Алс дорнодын цэргийн аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн түшмэлээр ажиллаж байгаад 1905 оны Оросын анхны хувьсгалын дараа байгуулагдсан Сибирийн Бүгд Найрамдах Улсын хувьсгалт хорооны даргаар сонгогдсон юм. Үүнийх нь төлөө хаант засгаас шийтгэсэн зургаан сарын шоронгийн ялыг эдэлж дуусаад 1917 он хүртэл Оросын Алтны аж үйлдвэр, зэвсгийн үйлдвэрүүдийн холбоонд зөвлөхөөр, 1918 онд Сибирьт байгуулагдсан Колчакийн Засгийн газрын Сангийн яамны сайдаар ажиллаж байжээ. Гэвч Оссендовски бол нийгэм улс төрийн зүтгэлтэн гэдгээрээ биш нэрт сэтгүүлч, зохиолч гэдгээрээ Октябрийн хувьсгалаас ч өмнө Орос оронд танил болсон байв. Тэрбээр эдийн засаг, нийгэм, улс төрийн чиглэлээр хурц хурц нийтлэлүүдийг төвийн олон сонинуудад дугаар алгасапгүй хэвлүүлж, улс төрийн зүтгэлтнүүдийн далд явуулагуудыг хөдөлшгүй баримтаар илчилж чаддаг цөөхөн сэтгүүлчдийн нэг байсны хажуугаар “Петербургийн мэдээ“ сониныг польш хэл дээр эрхлэн гаргаж байжээ. Түүнчлэн байгалийн танин мэдэхүй, аялал жуулчлал, адал явдал, улс төрийн сэдэвт тууж, романууд нь Оссендовскийн нэрийг дэлхийд танил болгожээ.Жишээлбэл “Польшийн ой хөвч“, “Аптайн уулс, Уссурийн хязгаараар аялсан нь“, “Энх цагийн түрэмгийлэгчид“, “Бурханы мэлмий дор“, “Ерөнхийлөгчийн сэнтийгээс шорон руу“ зэрэг номууд нь II дайны жилүүдэд Америк, Европын уншигчдыг бишрүүлсээр байлаа. Харин 1922 оны анхны хэвлэлээсээ 3-хан жилийн дараа гэхэд л дэлхийн 20 гаруй хэл дээр урьд үзэгдээгүй тоогоор хэвлэгдэн, бестселлер болсон “Хүн, араатан, бурхад“ нь өнөөг хүртэл олны анхаарлаас орхигдсонгүй. 1921 оны 5-р сарын сүүлч хүртэл Монголд хагас жил болж “зэрлэг“ нүүдэлчдийг танин биширсэн, нутаг орных нь түмэн төрхийг тольдон гайхсан хийгээд Богд гэгээн, Дилав хутагт, Дамбийжаа, гүн Жамбал, Довчин бэйл, Барон Унгернтай уулзсан сэтгэгдэлдээ үндэслэн бичсэн аян замын танин мэдэхүйн тэмдэглэл гэмээр энэхүү ном монгол уншигчдын гар дээр анх удаа очиж байна. ОРЧУУЛАГЧИЙН ТУХАЙ ТОВЧХОН Жигжидсүрэнгийн Нэргүй 1956 онд Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн. Усан хангамж ариутгах татуургын механик-технологич мэргэжилтэй. Монголын Зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн холбооны гишүүн. Дорнод аймгийн УСАТ-нд ерөнхий инженер, аймгийн сонин, радио телевизэд сурвалжлагч, “Ил товчоо“ сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, “ЗМ“ сонинд албаны дарга, УИХ-ын Олонхийн бүлгийн ажлын албанд хэвлэлийн зөвлөхөөр ажиллаж байсан. Нийгмийн хурц асуудлуудыг хөндсөн олон арван нийтлэл, уран бүтээлчдийн хөрөг, эрэн илрүүлэх чиглэлийн хэдэн арван сурвалжлага бичсэн. МСХ-ны “Ган үзэгтэн“, “Ил товчоо“ сонин /1996/,“ЗМ“ сонины /1997, 1998/ тэргүүн бичлэгийн шагналтан “Нарны орон“, “Өдөр өдрийн наран дор“, “Нулимсны дуулал“ шүлэг найраглалын номуудтай. Михаил Веллерийн “Авсанд хэвтээ хүн“ тууж /1997/, Эдуард Тополийн “Кремлийн эзэгтэй“ романыг /1998/ орчуулан хэвлүүлсэн. НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ОЙ РУУ ЗУГАДСАН МИНЬ 1920 оны эхээр би Енисей мөрний сүр жавхлант эрэг дээр орших Сибирийн Красноярск хотод сууж байлаа. Тэр их мөрөн боп Монголын нарлаг их уулсын дундаас эх авч амьдрал тэтгэгч арвин усаа Хойд мөсөн далайд аваачин цутгах бөгөөд Европоос Төв Ази хүрэх арилжаа наймааны хамгийн дөт замыг эрэн Нансены экспедиц уг мөрний адагт хоёр ч удаа хүрсэн юм бипээ. Энд л, Сибирийн зузаан цасан дунд, Орос даяарыг нөмөрч, миний түр зуур буудалласан зүйрлэшгүй баян хязгаар нутагт цус, үзэн ядалт, гэсгээлгүй их хорлол, сүйтгэлийг авчирсан хувьсгалын хар шуурга намайг гүйцэж авсан юм даа. Хэзээ алуулахаа хэн ч таах боломжгүй байлаа. Хүн бүхэн ганцхан өдрөөр л насаа тоолж, орой буцан ирэх, эсвэл гудамжинд баригдаад Хувьсгалт хороо гэгчийн шоронгийн ёроол руу чулуудагдахын алин болохыг мэдэхгүйгээр өглөөд нь гэрээсээ гарах бөлгөө. Тэрхүү Хувьсгалт хороо гэгч нь жинхэнэ шударга ёсны шүүхийн шог дүр төдий, Дундад зууны үеийн инквизацаас ч долоон дор аюумшигт байгууллага гэдгийг хэлэх нь зүйтэй. Бухимдал, үймээн сандралд орсон тэр хотод гадаадын иргэд атлаа бид ч гэсэн байнгын мөрдөлтөөс үргэлж эмээн, тэр дундаа би бол бүр ч ингэх шалтгаанаар баян байсан бөлгөө. Тийнхүү нэг л өглөө найзындаа сууж байтал байшинг маань улаан цэрэг бүсэлчихээд намайг баривчлахаар отож байна гэсэн мэдээ авах нь тэр. Яаралтай зугатах хэрэгтэй боллоо. Найзынхаа авд мордохдоо өмсдөг хувцсыг нь сандуу мэндүү углаад хэдэн цаас хармаалан арын хаалгаар нь гарч хотын зах руу харайлгачихав. Тэндээс нэг тариачин хөлслөн хүн амьтангүй газар луу хүргүүлэхээр тохиролцож дөрвөн цагийн дараа гэхэд гучин мод газрыг ардаа хийгээд гүн ой руу шургаж амжлаа. Замдаа би буу, гуч орчим сум, сүх, хутга, дах, цайны идээ, давс, шарж хатаасан талх, жижиг тогоо худалдан авч завдсан агаад тайгын гүн рүү жаахан цаашилтал аз болж анчны дутуу шатсан муу оромж олдсон билээ. Тэр өдрөөс л ангуучны амьдрал маань эхэлсэн агаад харин хэдий хэр үргэлжлэхийг би даанч төсөөлж чадаагүй болой. Маргааш өглөө нь л анхныхаа авд гарч хоёр хур буудан ангийн тэнгэрээ мялаасан юм. Ой дотор бугын мөр зөндөө байхыг үзээд хоолоор дутахгүй юм байна гэдгээ ч ойлгов. Гэвч ганцаар амьдрал минь удаан үргэлжилсэнгүй. Тав хоносны хойно нэг өдөр ойгоос иртэл муу орцны маань яндангаар утаа савсаж гадаа нь эмээлтэй хоёр морь сойлттой зогсох ажгуу. Хоёулангийнх нь эмээлийн урд бүүрэгнээс буу зүүлттэй байхыг үзээд дотор нь байгаа хүмүүсийг зэвсэггүй юм байна гэдгийгтооцоолж онцын айдасгүйгээр гүйн хүрч хаалгаа угзран онгойлгоход хоёр цэрэг сандал дээрээс огло харайн босох нь тэр. Тэднийг большевикууд болохыг нь би папах малгайнх нь таван хошуу, цэрэг цамцны ханцуйн дээр торгон тогтоосон бохир улаан даавууны өөдсөөр нь шууд л танилаа. Харилцан мэндлэлцсэн болоод ширээний ард сууцгааж бие биерүүгээ сэжиглэнгүй харц чулуудан, ганц хоёр үг солилцон тэдний чанасан халуун цайг оочилж эхэллээ. Би өөрийгөө хол газраас ирсэн булга агнаач хэмээхэд, нөгөө хоёр маань энэ ойд сэжигтэй санагдсан бүхнийг баривчлахаар ирсэн отрядын дайчид гэж өөрсдийгөө танилцуулж байх юм. - Тэгэхлээр ийм байна, нөхөр минь, бид хувьсгалын эсэргүүчүүдийг хайж явна. Олсон даруйдаа зарлагадана хэмээн нэг нь хэлэв. Тэртэй тэргүй энэ нь надад ойлгомжтой байсан болохоор би хувьсгалын эсэргүүчүүдтэй огт хамаагүй жирийн анчны дүрд өөрийгөө улам итгүүлэхийг үнэнхүү чармайхын зэрэгцээгээр тэднийг явсан хойно хаашаа холдож амь хоргодъё доо л гэж бодон суувай. Харуй бүрий нөмрөх тусам тэдний царай улам хүйтэн санагдсаар. Гэтэл нөгөө хоёр маань дашмагтай архи гарган ирж уусаар аажим аажмаар согтож эхлэв. Согтох тусам дуу нь улам чангарч, сүүлдээ хэн нь Красноярскт олон хөрөнгөтнийг цааш харуулсан, хэн нь олон, хасгийг голын мөсөн доогуур живүүлснээ сайрхан ярьж, бүр маргалдаж эхэлсэн боловч ядарсан, согтсондоо болоод нүд нь анилдах ажгуу. Гэнэт муу модон пингийн маань хаалгыг цэлсхийтэл нээгээд ойн савдаг гэлтэй аварга биет хүн цан хүүрэг татуулан ороод ирлээ. Ангийн арьсан дах өмсөж, сэгсгэр үстэй малгай угласан нь түүнийг улам ч сүртэй харагдуулах аж. Сибирийнхний заншлаар бүсэндээ сүх хавчуулжухуй. Зэрлэг араатчых шиг гал цогтой хоёр хурц нүд нь биднийг ээлжлэн цоо ширтэнэ. Тэгж тэгж өкөөх хүн бидэн рүү чиглүүлсэн винтовныхоо амыг доошлуулж малгайгаа авч хэрээслэн залбираад: - Эзэн нь хэн байна? гэж асуув. - Би байнаа - Унтаад явбал яахав? - Бололгүй яахав. Зай олдоно. Цай уу, хөрч амжаагүй бололтой. Үл таних зочин маань биднийг сэжиглэнгүйгээр дахин сайн ажиглаад буугаа булан руу тавьж дахаа тайллаа. Тэрбээр савхин цамц, өмд өмсөж шуумгийг нь эсгий гутлынхаа урт түрий рүү чихжээ. Залуухан царайд нь ёжлонгуй инээмсэглэл тодорно. Тэгснээ нүд нь биднийг өрөмдөх адил нэвт шувт ширтэн, ярвайхад нь том том цав цагаан шүд ярайх ажаам. Ширэлдсэн үсэнд нь мөнгөн сор сууж хоёр завьжинд нь үрчлээ тогтож эхэлснийг нь ажаад их л юм үзсэн толгой байна даа хэмээн би таамаглалаа. Тэгээд тэр эр винтов руугаа дөхөн сууж бүснээсээ сүхээ аван хажуудаа тавихад нь хоёр согтуу цэргийн нэг нь сүх рүү дохин: - Наадах чинь юу вэ? Эхнэр чинь үү? хэмээн асуувал тэрбээр өтгөн хөмсөг доогуур эелдгээр ширтэн аядуу тайвнаар: - Ой дотор хэнтэй ч тааралдаж болох цаг шүү дээ. Сүхтэй бол айлтгүй гэлээ. Тэрбээр шунаг нь аргагүй цай оочингоо намайг болон урцан доторхийг гайхан ажих нь бидний учрыг олж ядаад байх мэт. Цайгаа нэг сороод л асуултад минь үгээ сунжруулсхийн хариулж, ууж дуусаад аягаа хөмрөн дутуу хазсан ёотонгоо дээр нь тавьчихаад цэргүүд рүү хандан: - Гарч морио янзалъя. Та нарынхыг ч гэсэн эмээлийг нь авчих уу? гэлээ. Нөгөө хоёрын арай залуу нь нойрмог дуугаар: - Тэг, тэг. Буунууд оруулаад ирээрэй! гэв. Цэргүүд вандан дээр унтахаар хэвтэцгээсэн тул би зочинтойгоо шалан дээр унтахаас өөр арга байсангүй. Зочин маань орж ирээд винтовуудыг нь харанхуй булан руу тавьж, эмээлүүдийг нь шалан дээр хаяад дээр нь суун гутлаа тайллаа. Удалгүй гурван зочны маань хурхирах дуун паржигнаж байхад би л цаашдаа хэрхэхээ мэдэхгүй тийчилж хэвтлээ. Үүрээр л дөнгөж дутхийсэн бөгөөд нарны хурц гэрэл нүүрэн дээр тусахад сэрээд харвал үл таних эр алга. Намайг гарахад тэрбээр хачин сайхан азарга эмээлпэж зогссон бөгөөд «явлаа юу?» гэхэд минь яагаад ч юм бэ, дуугаа намсгаж: - Энэ «нөхөдтэй» жаахан явж байгаад ирье гэв. Би ч юм хэлсэнгүй. Тэрбээр ганзаганаасаа аяны богц, алсан шувуу хийдэг цүнхээ тайлан оруулж тавиад жолоо цулбуур, дөрөөгөө дахин нэг шалгаад над руу инээмсэглэн хэлсэн нь: - Би ч бэлэн боллоо, явж «нөхдөө» дуудъя. Хагас цагийн дараа гэхэд зочид маань цай уучихаад манай гаднаас хөдөллөө. Түлээ хагалахаас өөр цаг нөхцөөх юм надад олдсонгүй. Тэгтэл алсад хоёр удаа буун дуу гараад таг чиг болов. Сүрэг хур шувуу буун дуунаас цочин дээгүүр минь шуугилдан өнгөрч өндөр нарсны оройд ятга шаазгай сандран шагшрахаас өөр чимээ гарсангүй. Урц руу минь хэн нэгэн дөхөн ирэх юм шиг чимээ чагнан удаан зогсов. Дахиад юу ч ул сонсогдлоо. Доод Енисейд харуй бүрүй эрт нөмөрдөг билээ. Би пийшингээ галлан хоол хийх зуураа цонхон цаана чимээ гарах вий хэмээн сонордон, намайг тойрон үхлийн элч эргэлдэхийг мэдрэн, тэр нь хүн, араатан, аль эсвэл өвдөх, хөлдөөхийн алиных нь дүрээр залрахыг тааж ядан суулаа. Тусламж горилох юм хаа ч үгүй болохоор зөвхөн бурханаас заяасан төөрөг тавилан, өөрийн гар, хөл, эрүүл саруул оюун ухаан, нарийн тооцоондоо л найдахаас өөр арга байсангүй. Сонор соргог байхыг би чадлаараа хичээсэн хэдий ч өчигдөр оройн зочноо ирэхийг бас л мэдсэнгүй. Тэр дахиад л босгон дээр минь гэв гэнэт бий болоод хүйтэн агаар сэнгэнүүлэн, дулаахан мишээл нүдэндээ тодруулсаар орж ирлээ. Тэгээд урцын булан руу гурван буу харжигнуулан чулуудаад: - Хоёр морь, хоёр винтов, хоёр эмээл, хоёр хүүдий шарсан талх, хагас хунз цай, нэг сав давс, тавин сум, хоёр дах, хоёр хос эсгий гутал. Дажгүй ан хийлээ шүү гээд паржигнуулан инээв. Би түүнийг гайхан харваас: - Ойлгож ядаад байх юмгүй. Тийм «нөхөд» хэнд хэрэгтэй юм бэ? Цай уучихаад унтаж амрах минь. Маргааш чамайг аюулгүй газар хүргээд өөрийн замаа хөөнө дөө гэлээ. ХОЁРДУГААР БҮЛЭГ МИНИЙ ДАГУУЛЫН НУУЦ Анхныхаа оромжийг орхиод эд юмсаа богцонд хийж ганзгалан үүрээд бид хоёр замдаа гарлаа. Дагуул маань нэрээ Иван гэсэн нь үнэндээ надад юу ч бодогдуулсангүй, яагаад гэвэл тэр нутагт хоёр хүний нэг нь Иван нэртэй байдаг юм чинь. - Лав таван зуу, зургаан зуун мод туулна даа - Мөн урт зам байна шүү гэж намайг санаа алдвал: - Долоо хоногт амжина аа. Түүнээс ч хурдан байж магадгүй хэмээн тэр маань дуугарав. Тэр шөнийг бид сарвайсан олон мөчиртэй бүдүүн гачуурын ёроолд өнгөрөөсөн болой. Анх удаа задгай тэнгэрийн дор унтсан маань тэр. Жил хагасын турш хэрэн бядан явахдаа яг ингэж ой дотор хичнээн шөнийг өнгөрөөхөө мэдсэн чиг болоосой. Морьдын туурайд цасны цой тас нясхийн хагарч, шилний хэлтэрхий адил шажигнамой. Хур шувууд цочин мөчир дээрээс дэрхийн нисэлдэж, хөлдсөн тойрмын мөсөн дээгүүр туулай харайлгах нь үзэгдэнэ. Хүйт гэдэг тачигнаж байлаа. Үдэш болохуйд салхи исгэрэн шуугиж гачуур модны оройг найгуулавч ёроолд нь дув дулаахан, нам гүм ажгуу. Шигүү модон дотор гүн жалганд бид бууж мухарт нь унасан хэдэн гачуурын мөчрийг хугалан түүдэг асаагаад ус буцалгаж аяганы хийцээ задаллаа. Иван маань хоёр бүдүүн мод чирж ирээд нэг нэг талыг нь сүхээрээ цавчин хавтгайлаад давхарлан тавьж завсраар нь шаантаг шааж гурваас дөрвөн ямхын хэмжээтэй завсар гаргаад галтай цучил цувуулан хийж орхив. Галын дөл хоёр модны завсраар цоролзож эхэллээ. Тэгэхүйд Иван маань: - Одоо ч өглөө болтол дүрэлзэнэ дээ. Үүнийг «найдаа» гэдэг юм. Алтны эрэлчид л бодож олсон хэрэг. Өвөлжин, зунжингаа тайгаар тэнэж явахдаа бид үүний дэргэд л хонодогсон гэлээ. Дараа нь Иван урт урт гачуурын мөчир цавчиж авчраад мөнөөхөн найдаа руугаа хазайлган бие биеийг нь түшүүлж босгоод дээрээс нь баахан шилмүүст мөчир хаясан нь урцархуу маягийн юм болов. Тэгээд дотор нь бас баахан шилмүүс тарааж тавиад дээрээс нь тохмоо дэвсэн орж суугаад гадуур хувцсаа тайлан зөвхөн дотуур цамцтайгаа үлдэх нь тэр. Удалгүй духан дээгүүр нь хөлс бурзайгаад ирэхийг харж би ч гэсэн мөн тайчаад ямар ч хучлагагүйгээр унтахаар хэвтлээ. Шилмүүсэн дээврийн завсраар алсын одод хүйтнээр анивалзаж, найдаагийн цаана жавар гэдэг тачигнаж байвч урцан дотор пүнхийх ажгуу. Хүйтэн жавраас хэзээ ч айх хэрэггүй юм байна гэдгийг тэр шөнө би тийнхүү мэдэж билээ. Өдөржингөө эмээл дээр хөлдүүс болох шахаж явахдаа орой нь намайг найдаагийн зүггүйхэн дөл дулаацуулна, хүнд дахаа тайлж хаяад навч шилмүүсэн дээвэр дор дан цамцтай сууж аагтай халуун цай оочилно хэмээн сэтгэлээ тайвшруулах сайхан байдагсан. Байгал нуур хавийн ой тайгаар алтны орд хайн тэнэж явсан сонин сайхнаа Иван маань өдөржингөө хүүрнэх нь сайхан. Түүний гайхалтай амьд уран ярианд зүрх догдлон, адал явдал, аюул осол, тэмцэл тулаан сүлжилдэн дүрслэгдэх болой. Орос нутгийнхаа хаа нэгтээ яндашгүй баян алтны нөөц илрүүлээд байдаг атлаа өөрөө «хоосон явах ухаанаа олчихдог» тийм хүмүүсийн тоонд Иван маань багтах ажаам Харин яагаад Байгал нуурыг орхин Енисей рүү ирсэн шалтгаанаа тэрээр надад тайлбарлаагүй юм. Би ч түүний зөрүүд агаад хэнээс ч хамаарахгүйг хүсдэг зан төрхийг нь ойлгосон болохоор элдэв зүйл шалгаасангүй. Гэвч бидний замын эцэс ойртсон хойно түүний нууцгай амьдралыг халхлах манан будан азаар сарнисан билээ. Тэр өдөр бид Енисейн баруун цутгалан Мана голын эрэг рүү шигүү ургасан уд, бургасан шугуйг зүсч явлаа. Туулайн мөрөнд цас цоохортож, гэнэ гэнэхэн тэр хөөрхөн амьтад зам хөндлөн дэгдэн өнгөрнө. Тэр ч бүү хэл, чулууны цаана нуугдаад нэг нүдээ туулай руу,